Jump to content

Дмитрий Позднеев

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дмитрий Матвеевич Позднеев (1865 оны 2-р сарын 8-нд Оросын хаант улсын Орёл хотод төрсөн— 1937 оны 10-р сарын 30-нд нас барсан) Оросын Дорно дахин (япон, хятад) судлаач эрдэмтэн. Монголч эрдэмтэн Алексей Матвеевич Позднеевын төрсөн дүү.

Тэрээр 1885 онд Орёлын шашны семинар төгссөн, дараа нь төсвийн зардлаар Киевийн шашны академид сурч 1889 онд түүхийн анги төгссөн. Түүний дэд эрдэмтэн цол хамгаалсан сэдэв нь “Төв Азийн 1-15-р зуун дахь Христийн шашны түүх” байжээ.

Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины хэлний анги төгссөн. 1898 он хүртэл Санкт-Петербургийн их сургуулийн туслах профессор, дараа нь профессор байсан.

Оросын газарзүйн нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн.

Тэрээр Хятадын түүх, дорно дахины орнуудын эдийн засгийн газарзүйн хичээл заадаг байсан. 1900-1903 онд тэрээр Хятадад аялж Хятадын боомтуудын худалдааны эдийн засгийн тоймыг эмхэтгэсэн. 1904 онд ахынхаа хашиж байсан Владивосток дахь Дорно дахины хүрээлэнгийн захирлын ажлыг хүлээн авч 2 жил ажилласан байна.

1905 онд Орос-Японы дайны улмаас Дорно дахины Их сургуулийг Верхнеудинск (өнөөгийн Улаан-Үд) руу нүүлгэн шилжүүлэв. Захирал Д.Позднеевын зан байдал болон бусад хүнд нөхцөлөөс Верхнеудинск хотод оюутнуудын эмх замбараагүй байдлын үүссэн гэж үздэг. 1905 оны зун Ардын боловсролын тэнхим Дорно дахины хүрээлэнгийн үймээн самууны асуудлыг авч хэлэлцээд Д.М.Позднеевыг захирлын албан тушаалд үлдээв. Гэвч 1905 оны 9-р сарын 27-нд болсон оюутны цуглааны хурлын дараа тэрээр огцорчээ. Оюутны үймээн самуун нь Верхнеудинск хотод 1905 оны хувьсгалт үйл явдлын нэг шалтгаан гэж үздэг.

1906-1910 онд Японд байхдаа Орост анхны япон-орос ханзны толь бичгийг бүтээжээ. 1910 онд Санкт-Петербургт буцаж ирээд Дорно дахины практик академийг зохион байгуулах ажилд оролцсон байна.

1917 оны хувьсгалын дараа Д.М.Позднеев Ленинград дахь Плехановын нэрэмжит Ардын аж ахуйн дээд сургуульд багшлах ажлаа үргэлжлүүлж, 1923 оноос Москва дахь Фрунзегийн нэрэмжит Цэргийн академид дорно дахины улс орнуудын түүх, эдийн засгийн ухааныг давхар зааж хоёр хотын хооронд байнга явж байжээ.

1925 онд түүний "Япон- улс орон, хүн ам, түүх, улс төр" хэмээх япон судлалын томоохон бүтээл хэвлэгдсэн байна.

Д.М.Позднеевын амьдрал эмгэнэлтэйгээр төгссөн. Түүнийг 1937 оны 10-р сарын 30-нд хэлмэгдүүлж буудан хороосон ажээ.

  • Исторический очерк уйгуров. — СПб., 1899;
  • Материалы по истории Северной Японии и её отношений к материку Азии и России. Т. 1—2. — Токио — Иокогама: тип. Ж. Глюк, 1909;
  • Япония: Страна, население, история, политика / Под ред. А. А. Иорданского. — М.: Гос. воен. изд-во, 1925. — 351 с.;
  • Современный Китай. (Борьба за китайский рынок). — Л.: Изд-во ЛГОНО, 1925. — 85 с.