Jump to content

Дорнын сармаахай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дорнын сармаахай

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Сарьсан далавчтан
Овог: Багваахайхан
Төрөл: Vespertilio
Зүйл: V. sinensis
Латин нэр
Vespertilio sinensis
Петерс, 1880

Дорнын сармаахай (Латин: Vespertilio sinensis) том биетэй, жин 14-25 гр, биеийн урт 67-75 мм, сүүл 40-50 мм, шууны урт 47-54 мм, урт нарийн далавчтай, дэлхэц 30-35 см хүрдэг, унжир [эпиблем] сайн хөгжсөн хөндлөн тэвхтэй, чихний омог доод хэсгээрээ өргөссөн бөгөөд гадагш нугаларсан, чихний цэцэг суурь хэсгээрээ их өргөн, бие богино өтгөн үстэй, нурууны үс хар хүрэн, хэвэл цайвар хүрэн, хоолойн хэсэг цайвар шаргал зүстэй. Нэг популяцид хүртэл нурууны зүс бараан хүрнээс хар хүрэн, улаан өнгөтэй цайвар сортой буурал байх зэргээр өөрчлөгддөг. Тагнайн атираа 8-9, эмэгчин нэг хос хөхтэй.

Тархац, байршил нутаг

[засварлах | кодоор засварлах]

Оросын өмнөд Сибирь ба Алс Дорнод, Хятадын төв болон дорно хэсэг, Тайвань, Япон, Солонгосын хойгт тархжээ. Дэлхийн тархацын хамгийн баруун зах нь Монголд байдаг зүүн Азийн уугуул сарьсан далавчтаны ховор төлөөлөгч. Чойбалсан хотын орчим Хэрлэн голын татам, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан орчмын нутаг, Халтарын говь, Буйр нуур, Халх голын сав, Сүхбаатар аймгийн Молцог элсний орчим, Дорноговь аймгийн Их Нарт, Төв аймгийн Эрдэнэсант уул, Дорнод аймаг Матад сум, Хэнтий аймаг Дэлгэрхаан сум, Өмнөдэлгэр сум, Дорноговь аймгийн Сулинхээр, Дорнод аймгийн Чулуунхороот сумын Тарган ухаагийн хилийн застав, Дашбалбар сумын Чух нуур зэрэгт тэмдэглэгдсэн бөгөөд Монгол орны зүүн, төв хэсгээр өргөн тархсан боловч, ховор тохиолдоно. Манай орны амьтны газарзүйн баруун Хянганы тойрог, Монгол дагуурын хээрийн тойрог, Хэнтийн тойрог, хойд говийн тойргуудын далайн түвшнээс дээш 594-1379 метр өндөртэй тал хээр, цөлөрхөг хээрийн бүсүүдэд тархан амьдарна.

Амьдралын онцлог

[засварлах | кодоор засварлах]

Тал хээрийн бүсэд нуур, цөөрөм, булаг, шандны ойролцоох байшин барилгын дээврийн хөндий, гүүр, өвөлжөө, саравч, хад асга, чулууны завсар хөндийд голдуу үүрлэж амьдардаг. Зүүн зүгийн хүн амын суурьшил багатай өргөн уудам задгай тал нутагт цэргийн орон сууцны байшин зэрэгт олноороо үүрлэнэ.

Дорнын сармаахайн эмэгчин хавар V сарын дундуур хаврын нүүдэл хийн зуны байрандаа ирж 50-100 орчим тоотой заримдаа 1000 гаруй тоогоор төрмөл үүсгэн VI сарын сүүлээр VII сарын эхэн хүртэл хугацаанд эмэгчин сармаахай 2 зулзага төрүүлж нэг сар орчим хөхүүлдэг. Дорнын сармаахай буурал сармаахайтай хамтаар төрмөл үүсгэх тохиолдол ч байна. Энэ хугацаанд эр сармаахайнууд ганц нэгээр буюу цөөн тоогоор нийлж тусдаа амьдарна. Эр сармаахай зуны байрандаа эмэгчнээс хожуу ирэх бөгөөд VIII сарын эхээр нийлж сүрэглэнэ. Шинэ төрсөн зулзага VII сарын сүүл, VII сарын эхээр нисэж эхэлдэг. Өвөлжих байрандаа IX сарын сүүлээр ирнэ.

Дорнын сармаахайд бүүрэг шимэгчилдэг. Дорнын сармаахай харуй бүрий болмогц нисэж эхлэх бөгөөд задгай уудам орон зайд өндөрт нисэн ангуучилж эрвээхий, цох, шумуул зэрэг шавжаар хооллодог.

Тоо толгой хомстох шалтгаан

[засварлах | кодоор засварлах]

Тархац, популяцийн тоо толгойн өөрчлөлт хандлагын талаарх мэдээлэл хангалтгүй байгаа боловч хүний буруутай үйл ажилгааны улмаас олноор нь алж устгах тохиолдол цөөнгүй байна. Байгаль, цаг уурын хүнд ширүүн нөхцөлөөс болж, өвлийн улиралд олноороо хорогдож, тоо толгой буурдаг. Дорнын сармаахай хүний суурьшил даган байшин, барилга, өвөлжөө саравчинд орогнож үүрлэдгээс гэрийн мууранд бариулах, дуу чимээ, паразит, ялгадас зэргээс төвөгшөөх, малын өтөг бууцаар утах явдал байсаар байна. Үүрлэн амьдрах орчин хомс, нэг дор олноороо цуглан амьдардаг учраас бөөнөөрөө эрсдэлд орох магадлал өндөр байна. Уул уурхайн үйл ажиллагаа, хуучны барилга байгууламжийг эвдэх, зам гүүрийг сэргээн засах, гал түймэр, химийн хорт бодис зэрэг санаатай болон санамсаргүй үйл ажиллагаанаас өртөн амьдрах орчин хомстон, устаж болзошгүй зүйл.

Хамгаалах арга хэмжээ

[засварлах | кодоор засварлах]

Хуурай хээрийн бүсийн булаг, шандыг хүний шууд болон дам сөрөг нөлөөллөөс хамгаалах, байнга болон түр зуур олноороо бөөгнөрөн амьдрах орчныг илрүүлэн хамгаалах, алж, устгахгүй байх, экологи, биологийн судалгааг нарийвчлан хийж, хүнд үзүүлэх нөлөө,улирлын нүүдэл, өвөлжилт, тархац, нөөцийг судалж тогтоон, хамгаалах арга боловсруулан хэрэгжүүлэх. Үүрлэх орчин ховор тал хээрийн бүсэд айлын байшин, өвөлжөө, хашаа, саравчинд үүрлэх амьдрах нь элбэг байх тул нутгийн иргэдэд ашиг тусыг ойлгуулан хиймэл үүр барьж өгөх зэрэгарга хэмжээ авах.