Jump to content

Елюй Пүсүвань

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Елюй Пүсүвань (хятадаар: 耶律普速完; пиньинь: Yēlǜ Pǔsùwán) (?-1177) нь Хар Хидан Улсыг 1163-1177 оны хооронд захирсан дөрөв дэхь эзэн, төр барьсан хоёр дахь эмэгтэй удирдагч юм. Тэрээр Елюй Даши хааны охин, Елюй Жилүгү хааны авга эгч мөн.

1163 онд Елюй Иле тэнгэрт хальсны дараа хөвүүн Жилүгү нь нас балчир байсан тул хааны эгч Пүсүванийг төр баригч хатанд өргөмжилсөн. Төр баригч болсны дараа өмнөх хааны оны цолыг сольж, Чунфу (崇福) хэмээх оны цолыг тунхаглав. 1165 онд Балх, Андхой хотыг эзлэв. 1169, 1172 онд хорезмын шах Ил Арслан алба татвараа хугацаандаа төлөөгүй удсанд Пүсүвань хатны зарлигаар залхаан цээрлүүлэх дайн хийв. Уг дайны дараа Ил Арслан шах нас нөгчсөний дараа хорезмд шах болохын төлөөх тэмцэл Ил Арслангийн хатан Теркенээс төрсөн хоёр хөвүүний дунд өрнөх үеэр Теркен хатны отгон хөвүүн Жалал уд-дин Султан шах гэгчийг дэмжиж, Хорезмын шах болгосон. Теркен хатны ууган хөвүүн Ала ал-Дин Текеш нь Хар Хидан руу зугтаж, Хар Хиданаас тусламж гуйж ирсэнд, Пүсүвань хатан өөрийн нөхөр дунпин ван (東平王) Сяо Дуолубу (蕭朵魯不)-д арми өгч Султан шахыг хөөж, Текешийг 1172 оны 12 сарын 11 нд Хорезмын шах болгосон.

Мөн 1170-аад онд Хар Хиданы зүүн талд нутаглах Найман, Канглы аймаг тусгаарлахаар бослого гаргасанд Эрбус (額兒布思) жанжинд цэрэг захируулан илгээсэн ч, ялагдав. Хорезмын шах болсны дараа хэдэн жилийн дараа Текеш нь Хар Хиданы дарамтаас залхаж элчийг алсан. Ингээд залхаан цээрлүүлэх дайн хийхээр Сяо Дуолубуд цэрэг захируулан Хорезм руу илгээсэн.

Пүсүвань хатан өөрийн нөхрийг эзгүй хооронд хадам дүү Сяо Пүгүжи (蕭樸古只)-д дурлаж, нууцаар явалдаж байсныг хадам аав Сяо Волила (蕭斡里剌) мэдээд, хааны ордныг бүслэн Пүсүванийг амрагтай нь хамт алав.[баримт хэрэгтэй] Ингээд Елюй Жилүгү шинэ хаанд өргөмжлөгдөв.

Өмнөх
Елюй Иле
Хар Хиданы гүр хан
1163-1177
Дараах
Елюй Жилүгү