Елюй Шюгө

Елюй Шюгө (ханз: 耶律休哥, пиньинь: 耶律休哥) (?-998) нь киданы Ляо Улсын жанжин, улс төрч. Кидан улсыг үндэслэгч Абаожи хааны авга ах Сүй ван Елюй Шилүгийн ач хөвүүн. Шюгөгийн цолыг "юйюэ" (于越, Yú yuè) гэнэ. Ляо улсын төлөө олон дайнд ялж, гавьяа байгуулсан тул "сүн гуо ван" (宋國王) цолоор шагнуулсан.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Елюй Шюгө нь сүй гуо ван Елюй Шилүгийн хөвүүн Вансигийн хөвүүн. 979 онд Сүн улсын хаан Жао Куань-и өөрийн биеэр армиа удирдаж Умард Хань Улсыг довтлон мөхөөгөөд, тэндээс зүүнш Ляо Улс руу довтлоход 979 оны 7 сард Гаолянь голын тулалдаанд Шежэнь, Ша нарын хамтаар хориглон байлдаж Сүн улсын армийг бут цохин ялалт байгуулав. Тэр тулалдаанаас Сүн улсын хаан цөөн цөөн цэрэгтэй зугтахад Шежэнь жанжны хамтаар араас нь хөөсөн ч, барьж чадалгүй алдав. 10 сард Хань Куаньси жанжны хамтаар Сүн улсын Маньчөн хотыг довтлон эзлэв. 980 оны 2 сард түүнийг "Умард хүрээлэнгийн их ван" (北院大王) болгож, өмнөд нутгийн цэргийг захируулав. 980 оны өвөл Жинзун хааныг дагаж Сүн улсын Вацяо боомтыг эзлэв.

986 онд Сүн улсын арми гурван чиглэлээр дайрахад Цигоу боомт, Жуожоу, Гүань зэрэг газарт болсон тулалдаанд дайснаа дарав. Дайны гавьяаг нь үнэлж "986 оны 5 сарын улаан нохой өдөр Сүн гуо ван цолоор"[1] шагнав. 998 онд нас барсны дараа, бороо орж мод хөлдөж байв. Шэньзун хаан түүнд зориулж сүм бариулсан.

Тэрбээр хоёр хөвүүнтэй. Ууган хөвүүн Гаоба нь зэдуши түшмэл, бага хөвүүн Гаоши нь юйюэ цолтой түшмэл болсон.

Бунхан[засварлах | кодоор засварлах]

Шюгөгийн бунхан 2002 онд БНХАУ-ын Ляонин мужийн Фушинь хотоос 30 орчим км-ын зайд Пиндин уулнаас ухаж тоногдсон байдалтай олджээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Ляо улсын судар (Уг тэмдэглэл) (in монгол хэл). Translated by Д., Ундрах. Соёмбо Принтинг ХХК: МУИС-Монгол Судлалын Хүрээлэн. 2021. p. 190.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)