Ереваны метро
Ереваны метро (армен. Երևանի մետրոպոլիտեն) Армени улсын нийслэл Ереван хотын метро. Ереван хотын захиргааны мэдэлд байдаг.
1981 оны 3-р сарын 7-нд 4 өртөөтэй анхны шугам нээгдсэн. Өнөөдөр 13,4 км урт 1 шугам, 10 өртөөтэй. Гүн ба гүехэн өртөөнүүд, мөн газар дээр ил 3 өртөө бий. Ашиглаж буй шугамын уртаараа дэлхийд 169-д ордог юм. Метро 07:00-23:00 хооронд ажилладаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Анх 1960-аад оны үед бүрэн газар доорх метроны систем биш, харин трамвайны систем барихаар төлөвлөж байсан аж. Метро барих ажил 1972 онд эхэлсэн бөгөөд анх газар доорх трамвай байсан бол 1978 онд метро болгон хувиргасан. 1981 оны 3-р сарын 7-нд нээгдэж ашиглалтад оруулжээ. Метро нь наяад онд идэвхтэй хөгжиж, дахин 5 өртөө шинээр ашиглалтад орсон.
1990-ээд оны эхний хагаст метро хамгийн олон хүн тээвэрлэж байсан: зорчигчдын урсгал хэд дахин их, өдөр бүр 350,000 хүн метро ашигладаг байв.
2005-2010 онд метро хамгийн хүнд үеэ туулсан. Зорчигчдын урсгал өдөрт 35 мянга хүрч буурсан, хөдлөх бүрэлдэхүүн аль хэдийн хуучирч, замын байгууламжууд ч муудсан байна. Европын хөгжлийн банкнаас 5 сая еврогийн зээл, Ереваны метроны бүтээн байгуулалтад зориулж дахин 5 сая буцалтгүй тусламж олгосны үр дүнд метро сэргэж эхэлсэн. 2017 онд зорчигчдын урсгал огцом өсөж эхэлсэн бөгөөд 2019 оны 12-р сар гэхэд метрогоор өдөрт 70-75 мянган хүн тээвэрлэдэг (энэ нь хоёр дахин өссөн), 2019 онд жилийн зорчигчдын урсгал 20 сая гаруй (2011 онд 11 сая) болжээ.