Жонатан Свифт
Жонатан Свифт (англи. Jonathan Swift, 1667 оны 11"р сарын 30-нд Ирландын хаант улсын Даблинд төрсөн - 1745 оны 10-р сарын 19-нд Даблинд нас барсан) Англи-Ирландын шог зохиолч, яруу найрагч, нийгмийн зүтгэлтэн, ламтан бөгөөд "Гулливерийн аялал" зохиолоороо нэрд гарч алдаршсан байна.
Тэрээр Даублинд амьдарч, Гэгээн Патрикийн сүмийн ректораар ажиллаж байжээ. Свифт англи гаралтай хэдий ч Ирландын энгийн хүмүүсийн эрхийг хүчтэй хамгаалж, тэдний чин сэтгэлийн хүндэтгэлийг хүлээсэн юм.
Ирээдүйн зохиолч Ирландын Даблин хотод ядуу протестант гэр бүлд төржээ. Түүний эцэг (мөн Жонатан Свифт, 1640–1667) шүүх эрх мэдлийн бага албан тушаалтан хүүгээ төрөхөөс өмнөхөн нас барж, гэр бүл (эхнэр, охин, хүү) хүнд хэцүү байдалд оров. Тиймээс эцгийн талын авга ах Годвин хүүг өсгөсөн бөгөөд Жонатан эхтэйгээ бараг уулздаггүй байжээ. Сургуулийн дараа 14 настай хүү Даблин их сургуулийн Тринити коллежид (1682) элсэн орж, 1686 онд төгссөн.
II Жеймс хааныг түлхэн унагасны дараа (1688) Ирландад эхэлсэн иргэний дайны улмаас Свифт Англи руу явж 2 жил амьдарсан байна. Авга ах Годвин тэр үед дампуурсан тул түүнд туслах боломжгүй болжээ. Англид Свифт холын хамаатан чинээлэг тэтгэвэрт гарсан дипломатч Уильям Темплийнхээ нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
1690 онд тэрээр Ирланд руу буцаж ирсэн боловч дараа нь Темпл руу хэд хэдэн удаа очиж байсан. Албан тушаал олохын тулд Темпл түүнд Латин, Грек хэлний сайн мэдлэг, франц хэлийг мэддэг, уран зохиолын маш сайн чадвартай гэж тодорхойлолт захидал өгчээ. Өөрөө алдартай эссе зохиолч байсан Темпл нарийн бичгийн даргынхаа уран зохиолын ер бусын авъяас чадварыг үнэлж, номын сангаар хангаж, өдөр тутмын ажилд нь нөхөрсөг туслалцаа үзүүлдэг байжээ. Үүний хариуд Свифт Темплэд өөрийн өргөн хүрээтэй намтар дурсамжаа бэлтгэхэд тусалсан. Энэ жилүүдэд Свифт яруу найраг, уран зохиолын ажлыг эхлүүлсэн юм.
1692 онд Свифт Оксфордод магистрын зэрэг хамгаалж, 1694 онд Английн сүмд ороход түүнийг Ирландын нэгэн тосгонд тахилчаар томилжээ.
1726 онд түүний "Гулливерийн аялал"-ын эхний хоёр боть хэвлэгджээ (жинхэнэ зохиолчийн нэрийг заагаагүй); үлдсэн хоёр боть нь дараа жил нь хэвлэгджээ. Цензураар бага зэрэг муудсан тус ном урьд өмнө хэзээ ч байгаагүй амжилтанд хүрсэн юм. Хэдэн сарын дотор гурван удаа дахин хэвлэгдсэн бөгөөд удалгүй бусад хэл дээрх орчуулгууд гарч ирэв.
Сүүлийн жилүүдэд Свифт сэтгэцийн ноцтой өвчнөөр шаналж байсан. 1742 онд цус харвасны дараа Свифт хэл яриа болон (хэсэгчилсэн) оюун ухааны чадвараа алдсан тул түүнийг чадваргүй гэж үзжээ. Гурван жилийн дараа 1745 онд Жонатан Свифт нас барсан байна.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- «Номнуудын тулаан», (англи. The Battle of the Books, 1697).
- «Торхны үлгэр », (англи. A Tale of a Tub, 1704).
- «Стеллад зориулсан тэмдэглэл» (англи. The Journal to Stella, 1710—1714).
- «Гулливерийн аялал» (англи. Travels into Several Remote Nations of the World, in Four Parts. By Lemuel Gulliver, First a Surgeon, and then a Captain of Several Ships) (1726).