Жэфри Чосер
Жэфри Чосер (Англи: Geoffrey Chaucer; 1343 он -1400 он 10 сар 25 өдөр)нь Английн яруу найрагч. Тухайн үед шашны албан ёсны хэл нь латин хэл, мөн Английг ноёлж байсан Норманд язгууртнуудын хэл франц хэл байсан боловч Чосер алийг нь ч хэрэглэлгүй энгийн ард түмний хэрэглэж байсан англи хэлээр бүтээлээ туурвиж байсан анхны утга зохиолч байсан гэдэг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Лондонд дарсны худалдаачны гэрт төржээ. Тэднийх дунд зэргийн чинээлэг айлын тоонд орох өрх байв. Түүний ачаар өндөр боловсрол олж, 1357 оноос хойш аавынхаа нэр төрийн тусламжтайгаар дээдсийн хүрээлэнд орсон тэрээр III Эдвард, II Ричард хааны албанд зүтгэж байв. Төрийн албан хаагч, гадаадад явах элч хийж байв. III Эдвардын албанд зүтгэж байхдаа Франц уруу яван нэг хэсэн сураг тасарч 1366 он хүртэл түүний хаана юу хийж байсан нь тодорхой бус байдаг.
1366 онд эх орондоо буцаж ирсэн тэрээр III Эдвардын хатан Филлиппагийн туслах Филиппа де Роэттой гэрлэжээ. Хааны гэр бүлтэй дотно харьцаатай болсон тэрээр тухайн үед хууль судалж байсан бололтой байдаг ч нотлох баримт нэг их байдаггүй. 1367 оны 6 сарын 20-нд хаанаас Эсквайр (Squire) ноёны цол хэргэм хүртсэн байна. Энэ үедээ ч тэрээр олон удаа хааны элч төлөөлөгч болж гадаад зорчиж байсан гэх мэдээлэл олон байдаг.
Гадаад харилцааны элч төлөөлөгчөөр Италид айлчлах үедээ Италийн соён гэгээрүүлэгч, яруу найрагч Франческо Петраркатай дотночлон танилцжээ. Пeтраркагийн хэрэглэж байсан яруу найргийн бичлэгийн сонет хэлбэрийг Английн утга зохиолд нэвтрүүлсэн байна. Олон газар суралцсан, боловсрол мэдлэг бүхий түүний уран зохиол дахь хувь нэмрийг нь үнэлж "Английн яруу найргийн эцэг" гэж хүртэл хэлдэг.
Гол бүтээл болох "Кантабэрийн үлгэрүүд" нь Жованни Боккаччогийн "Декамерон" хэмээх бүтээлийн нөлөөг авсан бүтээл бөгөөд "Кантабэрийн цогчин дуган" уруу мөргөл хийхээр явж буй сүсэгтэн ардын ярьж өгүүлсэн үлгэрүүдийн түүвэр юм.