ЗХУ-ын Улсыг Аюулаас хамгаалах хороо
ЗХУ-ын Улсыг Аюулаас хамгаалах хороо (орос. товч. КГБ СССР) — 1954-1991 онд ЗХУ-ын аюулгүй байдлыг хангах чиглэлд үйл ажиллагаа явуулж байсан улсын хэмжээний төрийн байгууллага. Байгуулагдсан цагаасаа 1990 оны 3-р сарын 14 хүртэл ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны шууд удирдлага, хяналт дор ажиллаж байсан байгууллага.
Эрхэлж байсан үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]ЗХУ-ын Улсыг Аюулаас хамгаалах хорооны үндсэн чиг үүрэг нь гадаад тагнуул, сөрөх тагнуул, шуурхай тагнуулын үйл ажиллагаа, ЗХУ-ын улсын Хилийг хамгаалах, ЗХУ-ын удирдагчдыг (1990 он хүртэл) болон ЗХУ-ын Засгийн газрын удирдлагыг хамгаалах, Засгийн газрын шуудан, холбоог зохион байгуулах, хангах зэргээс гадна үндсэрхэг болон өөр үзэл бодол, гэмт хэрэг, Зөвлөлтийн эсрэг үйл ажиллагаатай тэмцэх асуудал эрхэлдэг байсан. Түүнчлэн Улсыг Аюулаас хамгаалах хороо бол ЗХУ-ын Коммунист намын Төв Хороо (1990 оны 3-р сарын 14 хүртэл) болон ЗХУ-ын төрийн эрх мэдэл, удирдлагын дээд байгууллагуудыг Зөвлөлт Холбоот Улс дахь нөхцөл байдал, коммунист намын гадаад бодлого, гадаад эдийн засгийн үйл ажиллагааны асуудал.улсын аюулгүй байдал, улс орны батлан хамгаалах, нийгэм, эдийн засагт нөлөөлж буй тухай мэдээллээр хангах явдал байжээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн 1954 оны 3-р сарын 13-ны өдрийн 137/40 тоот зарлигаар ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэд Улсыг аюулаас хамгаалах хороо байгуулагдсан юм. Шинэ хороонд ЗХУ-ын Дотоод хэргийн яамнаас төрийн аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн хэлтэс, алба, хэлтсийг өгчээ. Тус хорооны даргаар ЗХУ-ын Дотоод хэргийн нэгдүгээр орлогч сайд асан, хурандаа генерал Иван Серов томилогдсон түүхтэй. Мөн 1954 оны 4-р сарын 26-нд Улсыг аюулаас хамгаалах хорооны (КГБ) даргыг ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулсан байна.
Удирдлага
[засварлах | кодоор засварлах]- Серов, Иван Александрович (1954—1958);
- Шелепин, Александр Николаевич (1958—1961);
- Семичастный, Владимир Ефимович (1961—1967);
- Андропов, Юрий Владимирович (1967—1982);
- Федорчук, Виталий Васильевич (май—декабрь 1982);
- Чебриков, Виктор Михайлович (1982—1988);
- Крючков, Владимир Александрович (1988—август 1991):
- Бакатин, Вадим Викторович (август—декабрь 1991).