Владимир Крючков
Владимир Крючков (орос. Влади́мир Алекса́ндрович Крючко́в, 1924 оны 2-р сарын 29-нд ЗХУ-ын Царицын /өнөөгийн Волгоград/ хотод төрсөн— 2007 оны 11-р сарын 23-нд Москвад нас барсан) —Зөвлөлтийн төрийн зүтгэлтэн, 1988-1991 онд ЗХУ-ын Улсыг Аюулаас хамгаалах хорооны (орос. КГБ) дарга байсан бөгөөд Зөвлөлтийн удирдагч Юрий Андроповын туслах, дотны хамтран зүтгэгч байсан.
Тэрээр 1988 онд Армийн генерал цол хүртсэн. 1944 онд ЗХУ-ын Коммунист намын гишүүн, 1986 он-1989 онд ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны гишүүн, 1989-1990 онд ЗХУКН-ын Төв хорооны товчооны гишүүн. 1991 оны 8-р сарын 18-наас 21-ний өдрүүдэд ЗХУ-ын Онцгой байдлын улсын хороо (орос. ГКЧП)-ны гишүүн байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Владимир Крючков 1924 оны 2-р сарын 29-нд өнөөгийн Волгоград хотод төрсөн. 1941-1943 оны ЗХУ-ын Аугаа эх орны дайны үеэр батлан хамгаалахын үйлдвэрт ажиллаж байсан. 1943-1944 онд Зөвлөлтийн Комсомолын Төв Хорооны барилга угсралтын хэлтэст зохион байгуулагч.
1944-1945 онд Волгоградын Комсомолын дүүргийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогдсон. 1946 онд Волгоград хотын Комсомолын хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргаар сонгогдов. 1946-1947 онд дүүргийн прокурорын газарт мөрдөн байцаагчаар ажилласан. 1947-1950 онд Волгоград мужийн прокурорын газрын мөрдөн байцаах хэлтсийн прокуророор ажиллаж байжээ. 1949 онд Бүх холбоотны эчнээ хуулийн дээд сургуулийг дүүргэж, 1950-1951 онд Волгоград хотын Киров дүүргийн прокуророор ажиллаж байсан. 1951-1954 онд ЗХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх дипломатын дээд сургуульд суралцсан. 1954-1959 онд Унгар дахь ЗХУ-ын ЭСЯ-нд дипломат ажил хийж байсан. Энэ үеэр Юрий Андропов Элчин сайд нь байсан. 1959-1967 онд ЗХУ-ын Төв хорооны ажилтан, хэлтсийн эрхлэгч, Төв хорооны нарийн бичгийн даргын туслах. 1967-1971 онд тэрээр ЗХУ-ын Улсыг Аюулаас хамгаалах хорооны даргын туслах, Хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга байв. 1971-1974 онд ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх ЗХУ-ын ЗХУ-ын Улсыг Аюулаас хамгаалах хорооны 1-р ерөнхий газрын (гадаад тагнуул) орлогч даргаар ажиллаж байсан. 1974-1988 онд ЗХУ-ын УАХХ-ны Гадаад тагнуулын албыг удирдаж байсан. 1978-1988 онд ЗХУ-ын Улсыг Аюулаас хамгаалах хорооны орлогч дарга, 1988-1991 онд даргаар ажилласан.
1991 оны 8-р сарын 18-21-ний өдрүүдэд ЗХУ-ын Онцгой байдлын улсын хороо (орос. ГКЧП)-ны гишүүн байсан. Маргааш нь буюу 8-р сарын 22-нд Улсын онцгой байдлын хорооны үйл ажиллагаанд оролцсоных нь төлөө түүнийг Зөвлөлт Оросын Эрүүгийн хуулийн 64-р зүйлд заасан "Эх орноосоо урвасан" гэсэн үндэслэлээр баривчилжээ.
1993 оны 1-р сард Крючковыг Онцгой байдлын улсын хорооны гишүүд болох Янаев, Павлов, Тизяков, Бакланов, Язов нарын хамт гадаад руу гарахгүй байх нөхцлөөр суллаж, 1994 оны 2-р сард ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын өршөөлд хамрагджээ.
Тэрээр 2007 оны 11-р сарын 23-нд Москва хотод богино хугацаанд өвдсөний дараа 84 насандаа зүрхний шигдээсээр нас баржээ. ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын албаны дарга Николай Патрушев, ОХУ-ын Гадаад тагнуулын албаны захирал Михаил Фрадков нар оршуулах ёслолд оролцсон байна.
Цэргийн цол
[засварлах | кодоор засварлах]- Хошууч генерал (17.05.1968)
- Дэслэгч генерал (17.12.1973)
- Хурандаа генерал (16.12.1982)
- Армийн генерал (27.01.1988)