Заяа Бандид Жамбацэрэн

Заяа Бандид Жамбацэрэн (өөрөөр Халх Зая Бандид, 1905-1930) нь Халхын алдартай есөн хутагтын нэг болох Эрдэнэ Зая бандида хутагтын Зургаадугаар дүр.

Тэрээр 1905 онд одоогийн Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг "Мэндийн овоо" гэх газар Лхамсүрэнгийн анхдугаар хүү болон төржээ. Таван настай байхад нь нутгийн лам хуваргууд хутагтын хойт дүрээр тодруулж, эрхэм сэнтийд залсан боловч ардын засаг ялсан учир цаашдын хувь заяа нь буруугаар эргэсэн.

Ардын засгийн бодлогыг дэмжихийн зэрэгцээ Богдын засгийн газрын явуулж байсан үйл хэргийг үргэлжлүүлэх нь улс орны ирээдүйд хэрэгтэй хэмээн үзсэнээс улбаалан зарим талаар нүд үзүүрлэгдэх болсон гэдэг. Жамбацэрэн гамин, Бароныг үлдэн хөөхөд идэвхийлэн оролцож унаа мал, хоол хүнсээр хангах, цэрэг эрсийг дайчлах зэрэг арга хэмжээг аймаг орондоо зохион байгуулж байсан нь архивын баримтуудаар нотлогддог. Олноо өргөгдсөний 1911 онд 16-хан настай Зая бандид Жамбацэрэнг нийслэл хүрээнээ татан авчирч ном эрдэмд дахин сургах тухай нэгэн бичиг архивт хадгалагдан буй. Уг бичигт: "16 настай Зая Бандидыг засаж залруулахын тулд нийслэл хүрээнээ дуудан, хүрээний хэргийг хутагтын багш Дарва бандид захируулан тохируулах нь зүй" хэмээн дурдаж Сайн ноён хан аймгийн төлөөний түшмэл Доржпалам, Дамдин нар мутраа зурсан байна. Бодвол Заяа Бандид залуу насны харгайгаар томчуудынхаа дургүйг хүргэсэн буй заа. Нөгөө талаар Хатанбаатар Магсаржавын журамт цэргүүд сүр хүчиндээ хэт итгэж зарим үед харгис дээрэнгүй хандах нь цөөнгүй байсныг Заяа Бандид эрс эсэргүүцэж, түүнийгээ ил тод хэлсэн нь ч нөлөөлсөн байх талтай.

Ардын хувьсгал ялсан цагаас Заяа Бандидыг хардан тагнаж, хавчин гадуурхаж асан баримт олон. 1921 оноос хойш түүнийг дөрвөн ч удаа баривчлан цагдаж, сүүлчийн удаа 1930 онд хилс ял тулган цаазаар авчээ. 1925 онд тэрбээр засгийн газарт хандан бичсэн өргөдөлдөө:" Жилээс жилд цагийн аяс муудан, хутагт хувилгаадыг хялаан хавчих нь улам бүр газар авч буй нь цөвүүн цаг хаалга тогших дохио гэмээр амар жимэр суулгасангүй. 1924 оны өвөл баривчилж дотоодыг хамгаалахын шоронд хоёр дахь удаагаа өнгөрөөв. Хавар нутагтаа буцаж ирээд зунтай золгох гэтэл дахин дуудаж дотоодыг хамгаалахын шоронд "нууцыг задруулсан" хэмээх хэргээр зургаан сар суулгав" гэсэн байдаг. Дахин дахин баривчилж, тагнаж цагдах учир Заяа Бандид арга буюу төрийн албанаас хөндийрөхөөр шийдэн 1922 онд залгамжилж ирсэн отго жинсээ халж, ноён хэргэмээсээ татгалзсан боловч "до" яамны мөрдлөгөөс салсангүй. Өөрийнх нь үзэл санаанд таарч байсан тул Данзангийн дэвшүүлсэн барууны буюу зах зээлийн чиг баримжааг талархан дэмжсэн нь эсэргүү болох нөхцөлийг бүрдүүлсэн байна. Ард иргэдийн мал хөрөнгийг хурааж, хамтрал хомоонд хүчээр оруулах, үг сөрсөн болгоныг "эсэргүү"-д тооцон баривчлах, буудан хороох зэрэг ёс бус үйлдэл газар авч эхэлсэн тухайн цаг үед ард олиы дунд нэгэн дуу түгж байсан нь ..Ааш муутай ардын төрийг, Аянгын сумтай хуралдуулна..." гэхчлэн үгтэй байж. До яамныхан энэ дууг зохиогч нь Заяа Бандид гэж үзэж байлаа.