Иван Тургенев
Иван Сергеевич Тургенев (1818 оны 10-р сарын 28-нд Оросын эзэнт улсын Орёл хотод төрсөн- 1883 оны 8-р сарын 22-нд Францын Буживаль хотод нас барсан) - Оросын реалист зохиолч, яруу найрагч, нийтлэгч, богино өгүүллэгийн зохиолч, орчуулагч. XIX зууны хоёрдугаар хагаст Оросын уран зохиолын хөгжилд томоохон хувь нэмрээ оруулсан Оросын сонгодог уран зохиолчдын нэг юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Эцэг Сергей Николаевич Тургенев (1793-1834) 1816 онд эх Варвара Петровна Лутовинова (1787-1850) гэрлээд эхлээд хүү Николай дараа нь хүү Иван 1818 онд төрүүлсэн ажээ. Эцэг эхийн амьдрал төдийлөн аз жаргалтай байгаагүй гэж нэрлэж болно. 14 жил хамт амьдраад эцэг нь 1830 онд гэр бүлээ орхиж яваад дөрвөн жилийн дараа нас баржээ.
Эх Варвара Петровна хэцүү амаргүй зантай эмэгтэй байсан гэдэг. Түүний өндөр эрдэм мэдлэг, боловсрол боолчлолын арга барилтай зэрэгцэн оршиж, хүүхдүүдийн хүмүүжилд анхаарал халамж тавих нь гэр бүлийн харгислалтай хослож байжээ. Иван хайртай хүү нь байсан ч эхдээ зодуулдаг байсан байна. Хүүг франц, герман багш нар ээлжлэн бичиг үсэгт сургажээ. Варвара Петровнагийн гэрт бүгд зөвхөн франц хэлээр ярьдаг байсан, тэр байтугай бурханы залбирал ч франц хэлээр уншдаг байжээ.
Тургеневын эцэг эх хоёр В.А.Жуковский, М.Н.Загоскин нартай холбоотой байв. Варвара Петровна уран зохиолын шинэлэг зүйлийг соргогоор дагаж мөрдөж, Николай Карамзин, В.А.Жуковский, А.С.Пушкин, М.Ю.Лермонтов, Н.В.Гогол нарын бүтээлийг сайн мэддэг байсан бөгөөд хүүдээ бичиж байсан захидлууддаа тэднийг иш татдаг байжээ. Хэдий гэртээ францаар ярьдаг байсан ч эцэг нь эзгүй байхдаа хүүхдүүдийг түүнд захиа бичих дээ орос хэлээр бичихийг шаарддаг байжээ. Мөн залуу Тургеневт Оросын уран зохиолыг хайрлах хайрыг нэгэн хамжлагат суулгасан гэж тэр дурссан байдаг.
1833 онд 15 настай Тургенев Москвагийн Их сургуулийн түүх, хэл зүйн ангид элсэн ороход А.И.Герцен, В.Г.Белинский нар тэнд сурч байжээ. Нэг жилийн дараа гэр бүл нь Санкт-Петербург рүү нүүсэн учраас тэрээр Санкт-Петербургийн Эзэн хааны Их сургуулийн түүх, хэлзүйн ангид элсэн орж Т.Н.Грановскийтай нөхөрлөсөн байна.
1838 онд Тургенев Берлин явж, эртний Ром, Эртний Грекийн уран зохиолын түүхийн тухай Берлины их сургуулийн лекцэнд сууж, дүрмийн чиглэлээр бие даан суралцжээ. Энэ нь түүнд эртний гүн ухааны бүтээлүүдийг чөлөөтэй унших боломжийг олгосон байна.
Тэрээр Германы идеализмыг сонирхдог болсон. Европын амьдралын хэв маяг түүнд асар их сэтгэгдэл төрүүлсэн гэдэг. Хүн төрөлхтний нийтлэг соёлын үндсэн зарчмыг өөртөө шингээх нь Оросыг харанхуй, мунхаг байдлаас гаргахад тусална гэдгийг тэрээр ойлгосон байна.
Дараа нь Тургеневыг "Барууны хүн" гэж хочилсон. 1840 онд Германд тэрээр дүр төрх нь удаан хугацааны туршид түүний дурсамж сэтгэлд үлдсэн охинтой танилцжээ. Энэ уулзалтуудаа дурсаад “Хаврын ус” хэмээх сайхан уянгын өгүүллэг бичсэн.
1843 онд “Параша” шүлгээ бичиж В.Белинскийд танилцуулахад түүнийг өндрөөр үнэлжээ. Үүнээс эхлээд тэд дотны танил болж, дараа нь нөхөрлөл болж хувирав. Мөн энэ жил олон хөгжмийн зохиолчид ая зохиосон “Манантай өглөө” шүлгийг бүтээснээрээ онцлог болжээ.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Иван Тургеневын бүтээл нь ОХУ-ын ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт орсон байдаг. Хамгийн алдартай бүтээлүүд: "Ангуучны тэмдэглэл" /Записки охотника/, "Муму" өгүүллэг, "Анхны хайр" /Первая любовь/, "Ася" роман, "Эрхэм үүр" /Дворянское гнездо/ , "Эцэг хүүхдүүд" /Отцы и дети/ романууд юм.