Jump to content

Николай Михайлович Карамзин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Николай Карамзин
Оросын Төрийн түүх номны 1-р боть

Николай Карамзин (орос. Никола́й Миха́йлович Карамзи́н, 1766 оны 12-р сарын 12-нд Оренбург мужийн Михайловка (Преображенка) тосгонд төрсөн- 1826 оны 6-р сарын 3-нд, Оросын эзэнт улсын Санкт-Петербург хотод нас барсан)- Оросын түүхч, оросын уран зохиолч, яруу найрагч, орчуулагч. "Орос улсын түүх" /«История государства Российского» (1—12 боть, 1803—1826) бичсэн хүн. Энэ бүтээл нь Оросын түүхийг тоймлон нэгтгэсэн анхны томоохон бүтээл гэж үздэг юм. "Москвагийн сэтгүүл" / «Московский журнал» (1791—1792) болон "Европын Мэдээ" «Вестник Европы » (1802—1803) зэрэг сэтгүүлийн редактор. Оросын "Төрийн жинхэнэ зөвлөх" цолтой.

Н.Карамзин Оросын уран зохиолын шинэчлэгч гэж түүхэнд орсон хүн. Орос хэлийг хуулбар-үгээр баяжуулсан (жишээ нь, «занимательный»- сонирхолтой) эртний үгийг сэргээсэн (жишээ нь «трогательный»-сэтгэл хөдөлгөм, «влияние»-нөлөө), «промышленность» буюу "аж үйлдвэр" гэсэн үгэнд орчин үеийн тайлбар гарган өгч олон шинэ үг орос хэлэнд оруулж чадсан байна.

Эцэг нь Михаил Егорович Карамзин (1724—1783) цэргийн ахмад, эх нь Екатерина Петровна Пазухина гэх эмэгтэй байжээ. Тэднийх Кара-Мурза (монгол. Хар Мурз) гэж татар үгнээс гаралтай эртний угсаатны гаралтай байжээ

Н.Карамзин анхан шатны боловсролоо Симбирск (өнөөгийн Ульяновск хот) дахь хувийн сургуульд сурч олж авчээ. 1781-1784 онд Преображенскийн цэргийн ангид алба хаасан. 1778 онд Москва руу явж Москвагийн Их сургуулийн анхны профессоруудын нэг болох Иохан Матиас Шадены (Johann Matthias Schaden; 1731—1797) сургуулийн оюутан болжээ.

Тэрээр 1789-1790 онд Европоор тойрон аялал хийж Кёнигсбергт Иммануэл Канттай уулзаж, Берлин хотыг биширч, Францын хувьсгал болж байх үеэр Парист очжээ. Энэхүү аяллын сэтгэгдэл дээр үндэслэн алдарт "Оросын аялагчийн захидлууд" -ыг бичсэн бөгөөд энэ нь Карамзиныг тэр даруй алдартай зохиолч болгосон юм. Зарим филологичид энэ ном хэвлэгдсэн цагаас Оросын орчин үеийн уран зохиол эхэлдэг гэж үздэг.

Улмаар Н.Карамзин 1790-ээд оны дундуур оросын түүхийг сонирхож эхэлсэн. Тэрээр түүхэн сэдвээр "Марта Посадница буюу Новгородын байлдан дагуулалт" (1803 онд хэвлэгдсэн) зохиол бичсэн байна. Тэр жил нь I Александр хааны зарлигаар Карамзиныг түүх судлаачийн албан тушаалд томилж, амьдралынхаа эцэс хүртэл "Оросын төрийн түүх" -ийг бичиж бусад сэтгүүлч, зохиолчийн үйл ажиллагаагаа орхисон байна.

1818 оны 2-р сард Карамзин "Оросын төрийн түүх" (орос. История государтва Российского) 12 боть номын эхний найман ботийг худалдаанд гаргаж, гурван мянган хувь борлогдоод сарын дотор дуусчээ. Дараагийн жилүүдэд "Оросын төрийн түүх"-ийн гурван боть хэвлэгдэн гарч, Европын гол гол хэл рүү орчуулсан хэд хэдэн хувилбар гарсан байна. Оросын түүхэн үйл явцыг сурвалжлах нь Николай Карамзиныг Царское Село хотод түүний дэргэд суурьшуулж эзэн хаантай ойртуулжээ. Карамзины улс төрийн үзэл бодол аажмаар өөрчлөгдөж, амьдралынхаа төгсгөлд тэрээр Хаант засаглалыг тууштай дэмжигч болжээ. Дуусаагүй байсан сүүлийн 12-р боть нь зохиолчийг нас барсны дараа хэвлэгдэн гарсан байна.

Карамзин гэдэг нь -"Кара-мурза" гэсэн хар мурза гэсэн монгол гаралтай гэж зарим судлаачид үздэг.