Ио (дагуул)

Ио
Ио дагуулыг НАСА-гийн Галилей сансрын хөлгөөс авсан зураг

Ио нь Бархасбадь гаргийн дагуул саруудын нэг бөгөөд 3642 км-ийн диаметртэй юм. Тус дагуул нь манай нарны аймгийн хамгийн томд тооцогдох дагуул буюу сарны нэг бөгөөд хэмжээгээрээ дөрөвдүгээрт бичигддэг. Иог эртний Грекийн Зевс бурхны хатан Хераг дагалдагч удган Иогийн нэрээр нэрлэжээ.

Тус дагуулын гадаргууд 400 гаруй галт уул оршдог тул манай нарны аймаг дахь геологийн хамгийн идэвхтэй биетэд тооцогддог. Геологийн энэхүү идэвхжил нь Бархасбадь болон түүний бусад дагуулууд болох Европ, Ганимед болон Каллист хоорондын таталцлаас улбаатай. Ио дээрх хэд хэдэн галт уулаас хүхэр болон хүхрийн давхар исэл ялгарч зарим нөхцөлд газрын газаргаас 500 км хүртэлх зайд хөөрдөг. Ио нь хэд хэдэн өндөр уулстай бөгөөд тэдгээрийн зарим нь Эвэрэстээс өндөр. Галт уулын идэвхжилээс үүдэн хүхэр их хэмжээгээр цацагддаг тул түүний өнгө нь шар ногоон өнгөтэй байдаг.

Ио нь 17 болон 18 дугаар зуунд одон орон судлал шинжлэх ухааны хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Иог анх 1610 онд Галилео Галилей бусад Галилейн дагуулуудтай хамт нээжээ. Уг нээлт нь Коперникийн нарны аймгийн загварыг хүлээн зөвшөөрөхөд тус дөхөм болж гэрлийн хурдыг анх удаа хэмжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.