Нарны аймаг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Нарны аймгийн 8 гараг бa сар

Нарны аймаг нь Нар, түүнийг татах хүчнийх нь улмаас тойрон эргэх найман гараг, 5 тогтоогдсон одой гараг (Дэлхийн ван, Церера, Макемаке, Эрида, Хаумеа), тэдгээрийн дагуулууд, маш олон тооны жижиг биетүүдийг багтаасан систем юм. Хүмүүс байгаль ертөнцийг хүрээлэн буй хамгийн ойр дөт зүйлээсээ эхлэн таньж мэджээ. Дэлхий бөөрөнхий хэлбэртэй, нарыг тойрч эргэдэг зэргийг тогтооход олон зуун шаардагдсан юм. Одод бол манай нартай адил бөгөөд гагцхүү нэн алс хол оршдог, нарыг тойрон гарагууд, үүнийг тойрон тэдгээрийн дагуулууд эргэж байдаг гэдгийг баталсан явдал дундад зууны шинжлэх ухааны лут их ололт байлаа. Ийм байр сууринаас авч үзвэл эх дэлхий маань энгийн нэг гариг болох тул бусад гараг дээр бидний адил оюун ухаант амьтад аж төрдөг л байж таарна гэсэн үзэл бодол аль эрт цагаас газар аван тархжээ. Орчин үеийн одон орон судлалын онцгой хөгжил, техникийн дэвшлийн дүнд өнөөдөр бид орчлонт ертөнцийн тогтоцын талаар арвин их мэдлэгтэй болж тэнгэрийн янз бүрийн эрхсийг эх дэлхийгээсээ төдийгүй сансрын хөлөг, станцуудыг ашиглан өргөн хүрээтэй судалгааг хийж шинэ шинэ мэдээллийг олж авсаар байгаа.

Орчлон ертөнцийн тухай өнөөгийн төсөөлөл асар уудам орон зайг хамарч байна. Нарны аймагт одоогоор есөн гаригтай, арав дахь гараг байгаа нь тодорхой болов. Нарны аймгийн гарагуудыг нарнаас алслагдах дарааллаар нь нэрлэвэл: Буд, Сугар, Дэлхий, Ангараг, Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далайн ван (Дэлхийн ван гаригийг бага гаригийн ангилалд оруулах болсон). Нар, дэлхийн хоорондох дундаж зай /150 сая км/-ыг нэг одон орны нэгж зай гэж нэрлэдэг. Манай гаригт хамгийн ойр орших тэнгэрийн эрхэс бол өөрийнх нь цорын ганц дагуул болох сар юм. Сар нь дэлхийг 384000 км радиустай тойрог замаар эргэх ба ийм зайг цагт 100 км хурдтай галт тэргээр зогсолтгүй явна гэвэл хагас жил шахам хугацаа шаардагдана. Гэтэл вакуум гэж нэрлэх нэн сийрэг орчинд гэрэл тарах хурдаар энэ зайг дөнгөж нэг сек гаруйхан хугацаанд туулна. Агааргүй орчинд гэрэл тарах хурдыг орчлонгийн хамгийн дээд хурд гэж үздэг. Энэ хурд ойролцоогоор 300000 км/сек байдаг тул нарнаас цацрах гэрэл дэлхийд ердөө л найман минут гаруйхан хугацаанд ирэх нь байна. Тэгвэл гэрэл дэлхийгээс Дэлхийн ван гариг хүрэхэд таван цаг, манай нарны аймгийн нэг захаас нөгөө зах хүрэхэд 11 цаг, бидэнд хамгийг ойр орших Өмнөд хаалганы гялаан од хүрэхэд 4.3 жилийн хугацаа шаардагдах ажээ. Хэрэв нарыг таван см хөндлөн огтлолтой жижиг бөмбөг гэж сэтгэвэл манай дэлхий түүнээс 540 см зайд орших хагас милиметр ч хүрэхгүй хөндлөн огтлолтой бяцхан үрэл болж таарах юм. Энэ машстабаар авч үзвэл нарны аймгийн хамгийн захын гариг 220 орчим метрийн алсуур эргэх болно. Манай нарны аймагт есөн гаригаас гадна 2000 шахам жижиг гаригууд, сүүлт одод нарыг тойрон эргэнэ. Од бол халуун цөмийн урвалын дүнд өөрөөсөө асар их энергийг ялгаруулдаг нартай адилхан эрхэс юм. Харин сүүлт од бол төв одоо тойрон эргэж, түүний татах хүчинд баригдаж байдаг өөрөөсөө гэрэл үл гаргах тэнгэрийн нэгэн эрхэс юм. Ийм болохоор сүүлт одыг од(Нар )той адилтган үзэж болохгүй. Манай нар шиг одод өөрийгөө тойрсон гариг, бусад эрхэсүүдтэй байхыг огтхон ч үгүйсгэдэггүй. Одод бүхэн өөр хоорондоо адил байдаггүй бөгөөд гэрэлтэлт, масс, хөгжил хувьслын үе шат гэх зэрэг олон шинж чанаараараа ялгагддаг. Манай нар аль ч талаараа бусад ододоос үл онцгойрох ердийн л шар нэг од болох нь нэгэнт тодорхой болжээ. Хэрэв манай нар бусад бүх оддоос эрс ялгаатай олон шинж чанартай байдаг бол нарны аймгийн хүрээний олон үзэгдлийг онцгой зүйл гэж үзэж болох талтай. Гэтэл нэгэнт иймгүй нь судалгаа шинжилгээгээр батлагдаж байгаа болохоор өөр ододын хувьд манай нарны аймгийн бүтэц тухайлбал, гаригийн систем байхыг үгүйсгэх аргагүй болно.

Манай нар бүрэлдэхүүнд нь багтдаг хоёр зуун тэрбум шахам ододын аймгийг манай галактик /Галактик-Galaxy гэдэг нь латины сүү гэсэн үгнээс гаралтай юм/ буюу манай оддын ай гэж нэрлэдэг. Манай ододын айг бүрдүүлэгч ододын олонх нь нимгэн хоёр тавгийг амсраар нь нийлүүлэн тавьсан мэт хэлбэрийн эзэлхүүнд төвлөрдөг. Хэрвээ манай галактикийг өөрийнх нь гол хавтгайд сүүдэрлэн буулгавал эрчилсэн давхар цагираг маягийн угалзан дүрс бууна. Төв хэсэгтээ бөмбөрцөг хэлбэрийн эзэлхүүнд хэдэн арван тэрбум одод хуралдсан байх ба түүний гадуур зээрэнцэг хэлбэртэйгээр угалзлан бас хэдэн арван тэрбум од тархаж оршдог ажээ. Манай нар галактикийн төвөөс 32600 гэрлийн жил орчим зайд оршдог. Цэлмэг шөнө тэнгэрийг заагласан мэт татсан цайвар зурвас ажиглагддаг. Эрт цагаас энэ цайвар зурвасыг улс үндэстэн бүхэн гайхан ажиглаж янз бүрээр нэрлэж байжээ. Тухайлбал, монголчууд “Тэнгэрийн заадал”, “Тэнгэрийн оёдол”, “Эрхтийн зам” хэмээн нэрийдэж ирсэн байна.

Галактикийн хэмжээ асар их юм. Түүний масс гэхэд нарны массаас наяд /1011 / дахин их ажээ. Бөмбөрцөг хэсгийн хөндлөн огтлол 50 мянга, зээрэнцгийн хөндлөн огтлол 100 мянга, зузаан нь 12 мянга орчим гэрлийн жилийн хэмжээтэй юм. Бөмбөрцөг хэсгийн төвд галактикийн цөм оршино. Энэхүү цөмөөс холдох дутам одод сийрэгжин байршдаг зүй тогтолтой. Галактикийн цөмөөс барагцаалбал 10 мянган гэрлийн жилийн зайд орших нарны ойр орчимд хааш хаашаа дундажаар зургаан гэрлийн жилийн орон зайд нэг од оногдож байдаг бол цөм хавьдаа түүнээс 10 сая дахин нягтарч ирдэг. Гэтэл галактикийн төвөөс 25-30 мянган гэрлийн жил зайд дээрхээс бараг 300 дахин сийрэг болдог ажээ.

Галактик бүхэлдээ тэнхлэгээ эргэх бөгөөд манай нар 250 сая жилд галактикийнхаа төвийг нэг бүтэн тойрдог ажээ. Манай нарны насыг таван тэрбум орчим жил гэж үздэг тооцоогоор бол үүссэн цагаасаа хойш галактикийнхаа төвийг хориод удаа л тойроод байж таарах нь. Гэхдээ яг нэг тойрог замаар давтан эргэнэ гэж үздэггүй. Бид дэлхий нарыг нэг бүтэн тойрох хугацааг байгалийн үзэгдэл давтагдах нэг жилийн хугацаа болгон авч үздэг бол галактикийн нэг жил нь дэлхийн 250 сая жилтэй тэнцэх болж байна. Тэгвэл дэлхий дээр хүн үүсээд 2.5 сая орчим жил болж байгаа буюу галактикийн жилээр долоо хоног ч хүрэхгүй хугацаа өнгөрчээ гэсэн тооцоо гарна.

Галактикийн бөмбөлөг болоод зээрэнцэг аль ч системд одод хэсэг хэсгээр бөөгнөрөн байршсан байдаг онцлогтой. Ийм ододыг бөөн од гэнэ. Нэг бөөн одод нэг ижил гарал үүсэлтэй, бусад ододтой харьцуулахад нэг ерөнхий чиглэлийн хөдөлгөөнтэй байдаг нь батлагджээ.

Сарнимал болон бөмбөлөгөн бөөн одод гэж хоёр янз байдгаас манай галактикт эхнийх нь 800 орчим, сүлчийнх нь 200 орчим тоологдоод байна. Бидний сайн мэдэх Мичид бол сарнимал бөөн од юм. Сая шахам ододоос тогтох бөмбөлгөн бөөн одод 8-10 тэрбум жилийн настай байдаг нь сарнимал бөөн ододынхоос үлэмж их юм. Орчлонгийн уудамд манай галактиктай адил галактикууд олон байдгийг ХХ зуунд л анх нарийвчлан судалж тогтоожээ Манай галактикаас гадагш орших өөр галактикуудыг гадаад галактик гэж ерөнхийлөн нэрлэдэг. Хэдийгээр манай галактикийн нэг захаас нөгөө зах хүртэл 100 мянган гэрлийн жилийн хэмжээтэй, оддын хооронд хүрч хүрэлцэхийн аргагүй хол мэт санагдавч үүний дотор агуулагдах бүх од бүгд нэгэн аврага их бүлд харъяалагдан нэг ерөнхий хүчинд захирагдан хөдөлж байгаагаараа бидний ойрын “нутаг ус” нэгт одод билээ.

Гадаад галактикуудыг эртнээс судлан бүгдийг нэгэн жагсаалтанд оруулжээ. Жишээ нь, М31 галактик гэдэг бол Францын одон оронч Ш.Мессьегийн үндэслэсэн жагсаалтад 31 дэх обьект болон бүртгэгдсэн Адаг чуулганы ордны их угалзан галактик юм. Мөн одон оронч И.Дрейерийн зохиосон Шинэ ерөнхий жагсаал/NGC/ гэж бий. NGC-224 гэдэг бол Адаг чуулганы мананцрын шинэ дугаар юм.

Оптикийн ердийн дуран авайд маш бүдэг од мэт ажиглагдаж байдаг обьектыг хамгийн хүчтэй дуран авайгаар ажиглахад хэдэн зуун тэрбум оддоос тогтсон галактик болох нь мэдэгддэг. Өнөө үед ОХУ-д зургаан метрийн голчтой аварга том дурангаар алсын галактикийг ажиглан судалж байгаа бол АНУ-д 10м-ийн голчтой дуранг бүтээж байна. Алсын галактикийг дэлхий дээрээс оптик дурангаар судлахын зэрэгцээ сансрын хөлөгт байрлуулсан тойрог замын оптик дурангуудыг өргөн ашиглаж байна.

Харьцангуйгаар биднээс тийм ч их хол биш орших галактикуудын нэг нь дээр өгүүлсэн М31 буюу Адаг чуулганы ордны угалзан галактик болно. Энэ галактик дэлхийгээс барагцаалбал 2.3 сая гэрлийн жилийн зайд алслагджээ. Өөр хоохрндоо ойр орших галактикууд нэгдэн тэнгэрийн эрхсийн бас нэгэн аймаг болох галактикийн бөөгнөрлийг үүсгэдэг байна. Галактик хоорондын зайг бид ойролцоогоор мэддэг тул хэдэн зуугаас хэдэн мянган галактикаас тогтох энэхүү тэнгэрийн эрхсийн аймаг ямар орон зайг эзэлж байдгийг баримжаалан олж болно. Бидэнд хамгийн ойр орших, бүрэлдэхүүндээ 200 гаруй галактикийг багтаасан ийм нэгэн бөөгнөрөл хүртлэх зай 40 сая гэрлийн жил байхад хамгийн алсын галактикийн бөөгнөрөл биднээс дөрвөн тэрбум гаруй гэрлийн жилийн зайд оршдог ажээ. Одоогоор хүний ажиглаж чадсан орчлонт ертөнцийн хаяа хязгаар ийнхүү хэдэн тэрбум гэрлийн жилийн зайд тэлжээ. 20 зууны сүүлийн хагаст техникийн дэвшлийн дүнд одон орон судлал улам хөгжиж радио, рентген, гамма, одон орны ажиглалтаар алс холын объектуудын шинж чанарыг судлан орчлонт ертөнцийн бүтэц, зүй тогтлыг улам бүр танин мэдсээр байна. Радио одон орончид квазар хэмээх өвөрмөц сонин объектыг 1960-аад онд анх нээсэн. Энэ объектын хэмжээ нь харьцангуй бага боловч цацруулж буй цахилгаан соронзон долгионых нь эрчим асар их ажээ. Квазаруудын цацруулалтын чадал 1047-1048 эрг/с-д хүрдэг нь хамгийн том аварга галактикийн бүрэн цацруулалтаас ч 10 мянга дахин их юм. Нөгөө талаар энэ сонин объект маш алс оршдог. 10 тэрбум гэрлийн жилийн зайд орших квазарууд ч нээгдсэн байна. Тэгэхээр бид уг объектын 10 тэрбум жилийн өмнө цацруулсан цахилгаан соронзон долгионыг л хүлээн авч байгаа хэрэг юм. Гэтэл 10 тэрбум жилийн өмнө нарны аймаг ч үүсээгүй байсан шүү дээ. Үүнээс ч алсын объектыг цаашид нээн илрүүлж болох юм. Дэлхийгээс сар хүртэлх зайг 384 мянган километр энэ зайг гэрэл нэг секунд гаруйхан хугацаанд туулна гэдгийг дээр өгүүлсэн. Гэтэл өнөөдөр хүн оюун ухаанаараа хэдэн тэрбум гэрлийн жилийн цаадахь ертөнцийн нууцад нэвтэрч байна.

Орчлон ертөнц байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Энэхүү өөрчлөлт, түүний үр дагавар нь хүний амьдралын өчүүхэн бага хугацаанд үл анзаарагдана. Орчлогт ертөнцийн энэ хувьсал хөдөлгөөнийг жолоодох гол хүч нь таталцал юм. Их эрдэмтэн А.Эйнштейн 1916 онд харьцангуй ерөнхий онол буюу таталцлын релятив онолыг боловсруулж их масштаб дахь массын тархалт, хөдөлгөөн, орчлонт ертөнцийн хувьслыг үзэх шинэ үзэл баримтлалыг дэвшүүлжээ. Нэрт эрдэмтэн А.А.Фридман, Эйнштейний таталцлын тэгшитгэлээс орчлонт ертөнц хувьсан өөрчлөгдөж буйг илтгэн үзүүлэх шийдийг олж орчин үеийн Орчлон судлал /Космолог/-ийн үндсийг тавьсан байна. Орчлонт ертөнц хугацаанаас хамааран хувьсч байдаг гэдэг нь Фридманы онолын гол санаа юм. Фридманыг энэхүү дүгнэлтийг хийснээс хойш тун удалгүй 1929 онд Америкийн одон оронч Э.Хаббл гадаад галактикууд бие биесээс улам алслагдсан тэлсээр байгааг ажиглалтаар баталсан юм. Хабблын ажигласнаар галактикууд бие биесээс холдох тусмаа цаашлах хурд нь улам өсч байв. Галактикууд бие биеэсээ гурван сая гаруй гэрлийн жилийн зайтай алслагдах тутамд тэдгээрийн холдох хурд секундэд 55 км-ээр өсч байдгийг өнөө үед нарийвчлан тогтоожээ. Орчлонгийн бодис ийнхүү зугтаах мэт бие биесээс улам алслагдсан тэлсээр байгаа энэ сонин үзэгдлээс улбаалан Тэлэгч орчлонгийн орчин үеийн онол үүссэн юм. Бидний мэдэх сонгодог механикийн хууль ёсоор аливаа хөдлөгч бие кинетик энеригээ алдан алдсаар хөдөлгөөн нь зогсдог. Гэтэл орчлонгийн бодис тэлэхдээ тэлэлтийн хурд нь ийнхүү улам ихэссээр байгаа нь ихээхэн сонирхолтой юм.

Сонгодог механизмийн хуулиудыг бичил ертөнцийн үзэгдэлд хэрэглэхэд ямар бэрхшээлтэй тулгарч байсныг 20 зууны эхэн үеийн физикийн шинжлэх ухааны сургамжтай үйл явдлаас бид мэдэх билээ. Бичил ертөнцийн хөдөлгөөний зүй тогтол квант механикийн хуульд захирагдаж байдаг. Тэгвэл орчлонгийн уудамд их масштабт явагдах физик үзэгдэл нь хөдөлгөөний тухай бидний мэдэх сонгодог төсөөлөлтэй нийцдэггүй байж бас болохгүй юу. Орчлонт ертөнц юунаас болж тэлсээр байна вэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Өнөө үед үүнтэй холбоотой асуудлыг “Их тэсрэлтийн онол” хэмээн нэрлэгддэг онолыг хүрээнд үзэж байна. Тэлж алслагдсаар байгаа галактикуудын хөдөлгөөнөөс үндэслэн бүх бодис орон зайн нэгэн мужид нягтран хуримтлагдсаар байгаад “тоймгүй хүчтэй тэсрэлт”-ээр зүг бүр тийш шидэгдэн сарнижээ гэдэг таамаглал нь Их тэсрэлтийн онолын үндэслэл болно.

Галактикуудын хөдөлгөөнд тооцоо хийхэд 16-20 тэрбум жилийн өмнө бүх бодис орон зайн нэг цэгт цугларч байсан гэдэг дүгнэлтэд хүрдэг. Энэ үед бодисын нягт санаанд багтамгүй их хэмжээтэй байжээ. Ийм их нягттай орчинд чухам ямар эх сурвалж бүхий ямар үзэгдэл явагдахыг өнөө үед хараахан бүрэн дүүрэн тайлбарлаж чадаагүй байна. Их тэсрэлт явагдаж эхлэх үеийн төлөв байдлыг сингуляр/онцгой/ төлөв гэж нэрлэдэг. Таталцлын квант онолыг бүрэн дүүрэн боловсруулснаар энэ үеийн огторгуй, хугацааны шинж чанар, бодисын төлөв байдлын тухайд зарим хариулт өгнө гэж өнөө үед үзэж байна. Гагцхүү энэ асуудал үлэмж төвөгтэй буюу одоогоор мэдэгдэж байгаа байгалийн үндсэн дөрвөн харилцан үйлчлэлийг нэг хүрээнд нэгтгэсэн “Их нэгтгэлийн онол” гүйцэд боловсорсон цагт чухал үр дүнд хүрэх найдвар төрүүлж байна хэмээн нэрт судлаачид үзэж байна.Цахилгаан соронзон үзэгдлийг цөмийн бодисын задралын зарим нэг үзэгдэлтэй нэгтгэснээр дээрх дөрвөн харилцан үйлчлэлийн хоёрыг нь нэгтгэгдсэн. Нобелын шагналт нэрт эрдэмтэн С.Вайнберг их тэсрэлтийн дараах эгшинд явагдсан физик процессыг орны квант онолын үүднээс тайлбарлан бичсэн байдаг. Ер нь орчлон ертөнцийн үүслийн эхэн шатанд бодис болоод цацаргалтын харьцаа ямар байсан, цаашид галактикууд, тэнгэрийн бусад эрхсийг үүсэхэд хүргэсэн бодисын хувирал яаж явагдсан тухайд эрдэмтэд ерөнхийдөө нэг саналыг баримталж байна. Эхэн үед устөрөгч, гелийн плазмаас бүрдсэн асар халуун үүл байжээ. Тэлэх тусам түүний температур нь буурч ертөнцийн нэгдсэн их тэгш хэм алдарсаар аажимдаа түүнээс галактик, од, гариг, сүүлт од гэхчлэн тэнгэрийн эрхсүүд үүссэн гэж үзэж байна.

1965 онд долоон см-ийн урттай радио долгионы мужид сансрын өвөрмөц радиоцацаргалтыг илрүүлсэн явдал дээрх таамаглалыг баталж байгаа билээ. Орон зайн чиглэл бүхэнд нэгэн төрөл байдаг энэ цацаргалтыг үлдэгдэл буюу реликт цацаргалт гэж нэрлэдэг. Энэ нь орчлон ертөнц асар халуун, нягт байх үед үүссэн цацаргалт бөгөөд өнгөрсөн урт удаан хугацаанд хөрч өнөө үед 30К-ийн температур бүхий радиоцацаргалттай адил болсон ажээ. Энэ цацаргалт орчлонгийн орон зайг жигд дүүргэсэн бөгөөд түүний шинж чанар “их тэсрэлт”-ийн онолын тооцоотой сайн тохирдог.

Орчлон ертөнц цааш мөнхөд тэлэх юм уу эсвэл эргэж агших уу гэдэг асуудал онц сонирхолтой юм. Энэ бол их орон зайн бодисын дундаж нягт болон таталцалтай холбоотой асуудал. Орчлонгийн уудмыг дүүргэх бодисын дундаж нягт тодорхой критик утгаас их буюу бага байх нь зарчмын ач холбогдолтой болж байна. Хэрэв бага байвал тэтэлт төгсгөлгүй үргэлжлэх, их байвал аажимдаа агшилтаар солигдоно гэдгийг Стефен Хокинг нарын онолчид баталдаг. Үүнийг одоогоор нарийн хэмжиж тодорхойлох боломжгүй байгаа бөгөөд баримжаагаар дүгнэлт хийх нь их гэнэн хэрэг болно. Түүнээс гадна орчлонгийн уудамд тархсан бодисын янз бүрийн төрлүүд нийт массын хэдий хир хувийг эзэлж байна гэдэг нь мөн нарийн тогтоогдоогүй байна. Нейтрино гэгч бөөм тайван масстай нь бүрэн нотлогдвол дээрх тэлэлтийн асуудлыг нэлээд өөрөөр үзэхэд хүрнэ. Учир нь туршлагын физикчдийн урьдчилсан мэдэгдэж байгаачлан нейтриний тайвны масс 35 эВ орчим гэдэг нь тогтоогдвол бүх массын дийлэхн хувь нь нейтринод ноогдох юм. Нэг үгээр хэлбэл бүхий л одод болон од хоорондын орчны масс нийлээд нейтриний массын өчүүхэн хувийг эзэлнэ гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Ингэвэл бодисын дундаж нягт дурдсан критик утгаасаа давж гарах буюу агшилт явагдах болно. Энэ талаар судлаачид шаргуу ажилласаар байна. Галактикийн бодисын массын 99-ээс илүү хувийг оддын масс эзлэх ба үлдэх бага хэсгийг од хоорондын хий, тоосонцор орчин эзэлнэ. Ийм учраас од бол орчлонгийн уудамд нэн их тархсан объект юм. Чухамдаа од /нар/-ыг тойрсон гариг болох дэлхий дээр амьдрал байгаа нь бидний хувьд уг одыг онцлон үзэхэд хүргэж байна. Оддыг түүний цацруулж буй гэрлийн спектр, хөдөлгөөн зэргээр нь судалж улмаар ажиглалтын баримт болон онолын тооцоог харьцуулан үздэг. Оддын цацаргах гэрлийн спектрээр нь одны гадаад давхарга болох хийн бүрхэвчийг судалж тогтооно. Харин оддын дотор явагдах процессыг цэвэр физик онолын үүднээс тайлбарлаж байна. Оддын гүнд явагдах халуун цөмийн урвалаар хөнгөн элементүүд нэгдэж үүний дүнд асар их хэмжээний энерги суллагдана.

Бидний амьдралыг тэтгэгч нарны энерги ийм гарал үүсэлтэй. Одод буюу нарны төвд асар их температурын улмаас атомаас электронууд нь салсан байдаг ийм өвөрмөц орчинг плазм гэж нэрлэдэг. Оддын хувьслын эцсийн шатанд энэхүү халуун хайлмаг плазмын бодис бөхсөн хий буюу заримдаа нейтроны үүсгүүр болно гэж үздэг. Эдгээрийн алинаар нь одны хувьсал төгсөх нь түүний массаас хамаарна. Тухайлбал их биш масстай ердийн одод эцсийн шатандаа 1 см3 эзэлхүүндээ хэдэн зуун кг масс агуулсан харьцангуй жижиг хэмжээний цагаан одой одод болж хувирна. Харин их масстай одод, хувьслын эцсийн шатандаа аварга том хэмжээтэй болоч 0,001 г/см3 орчим нягттай сийрэг бодисоос тогтох аварга улаан одод болж хувирна. Улаан аварга оддын гүнд халуун цөмийн урвал явагдаж байдаг бол цагаан одой одод халуун цөмийн урвалаар устөрөгчөө бүгдийг нь шатаан гели болгож хувиргасан байдаг ажээ.

Манай нар бол масс, хэмжээ, гэрэлтэлт зэрэг хэмжигдэхүүнээрээ эдгээрийн алинд ч үл хамаарах хувьслын дунд хирийн шатандаа яваа шар од ажээ. Цаашид манай нарыг тэрбумаар тоологдох жилийн настай гэж баталдаг. Өнөө үед оддыг од хоорондын орчны их сийрэг хий тоосонцорын нягтралын дүнд үүссэн гэж үздэг. Од хоорондын орчин хэдийгээр нэн сийрэг, 1 см3 эзэлхүүнд барагцаалбал ганц атом ноогдох нягттай боловч түүнийг цэвэр вакуум гэж үзэж болохгүй. Од хоорондын орчны химийн бүрэлдэхүүнийг судалснаас үзэхэд устөрөгч гелийн атом зонхилох бөгөөд металлын атом харьцангуй ховор байдаг. Од хоорондын орчин дахь устөрөгчийн атом 21 см урттай, харгалзах давтамж 1420 Мгц радио долгионыг цацруулж байдгийн улмаас түүнийг 21 см урттай долгион дээр радио одон орны судалгаа явуулах журмаар судалдаг. Чухам ийм судалгааны дүнд тулгуурлан од хоорондын хийн галактиктайгаа цуг эргэх хөдөлгөөн, температур зэргийг тодорхойлдог. Мөн одод хоорондын орчноос гидроксил(OH), ус(H2O) болон бусад 20 гаруй молекул нэгдлүүдийг илрүүлсэн бөгөөд өнөө үед эдгээрийн зарим харгалзах долгионы урт дээр ажиглалтыг явуулж байна.Эдгээрийн дотор нийлмэл олон атомт молекулууд ч тухайлбал цууны альдегид /CH3HCO/ тохиолдож байгаа нь орчлонт ертөнц дэх амьдралын үүслийн асуудлыг өргөн хүрээтэй авч үзэх боломж олгож байна. Од хоорондын орчинд ийм нийлмэл молекулууд тохиолдолж буй явдал нь амьдрал үүсэх нөхцөл тийм ч ховор биш гэдгийн баталгаа болно. Өөр нэг чухал объект бол гариг юм. Оддыг тойрон манай дэлхий болон нарны аймгийн бусад гаригийн нэгэн адил гаригууд эргэж байдаг уу гэдэг асуулт зүй ёсоор анхаарал татна. Одоохондоо өнөө үеийн хамгийн хүчтэй дуран авайгаар ч ойр орших оддыг тойрч буй гаригийг шууд ажиглан харах боломжгүй байна. Гэхдээ тойрог замын станцын судалгаагаар харьцангуйгаар ойр орших оддыг тойрох томоохон гаригуудыг илрүүлэх боломжтой арга бий бөгөөд гаригийн систем бүхий зарим ододыг илрүүлсээд байна. Томоохон гариг төв одоо тойрон эргэх хөдөлгөөн хийхийн зэрэгцээ цуг шилжих хөдөлгөөн хийнэ. Ийм болохоор одны хөдөлгөөн нь эдгээрийн ерөнхий хүндийн төвийг тойрох хөдөлгөөний улмаас долгиолог муруй замыг үүсгэнэ. Энэ долгионы далайц өчүүхэн байдгийн учир нь ямар ч аварга гариг одныхоо масстай харьцуулахад тун өчүүхэн масстай байдагтай холбоотой юм. Орчин үеийн нэрт одон оронч И.С.Шкловский “Орчлонт ертөнц, амьдрал, оюун ухаан” гэдэг номондоо дараах нэгэн жишээг авчээ. Биднээс 33 гэрлийн жил зайд орших манай нарны адил нэгэн одыг тойрон Бархасбадь гариг хүртэлх зайтай ижил зайд нэгэн аварга гариг эргэж байжээ. Энэ гаригийн хэмжээ болон масс нь Бархасбадь гаригийнхтай адил байсан гэвэл зарчмын хувьд доорх аргаар илрүүлж болох юм. Үүнд: нэгдүгээрт; дурдсан долгионы далайцыг хэмжих. Энэ хэмжээ жилд 0,0005 нумын секунд орчим байна, хоёрдугаар; од-гариг системийн массын төвийг тойрох хөдөлгөөнөөр одны гэрлийн цацрагийн хурд тодорхой үетэйгээр хэлбэлзэх шинжтэй болно. Тухайлбал түүний тойрог замын хурд бидэн руу чиглэхдээ өсч биднээс холдохдоо буурах юм. Үүнийг тооцоолж үзэхэд маш бага байгаа бөгөөд спектрийн шугаман шилжилтийн өөрчлөлт нь мэдэгдэхүйц биш юм. Гуравдугаарт, фотометрийн аргыг ашиглах. Үүний тулд одны гэрэлтэлтийг маш нарийн тасралтгүй хэмжих хэрэгтэй болно. Дурдсан гариг 11,9 жилд эх одоо нэг бүтэн тойрох болохоор түүний ийм хугацаанд нэг удаа халхлах юм. Нэг үгээр хэлбэл энэ нь одыг гариг хиртээж буй үзэгдэл юм. Энэ үед одны гэрэлтэлт бага гэсэн буурч ажиглагдах ёстой. Тооцоо ёсоор дээрх жишээн дээр одны гэрэлтэлт 0,01 одны хэмжигэхүүнээр багасах бөгөөд үүнийг орчин үеийн электрофотометрээр бүрэн илрүүлэн хэмжиж чадах юм.

Нарны аймгийн аврага гаригуудын дагуул нь тэдгээрээс тасран салсан гэдэг санаа одог орончдын дунд ихээхэн газар авсан байдаг. Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван гаригуудын хажуугаар нисч өнгөрсөн гариг хоорондын “Пионер”, “Вояжер” зэрэг автомат станцуудын дамжуулсан гэрэл зураг, дүрс бичлэг сонин баримтуудыг гаргаж ирсэн юм. Юуны өмнө Санчир гаригийн бүслүүр янз бүрийн хурдтай эргэгч олон тооны цагирагаас тогтдог нь тов тодорхой болов. Тэр ч байтугай хамгийн захын цагирагийн нэгэн цэгт хуралдаж бөөгнөрсөн бодис байгаа нь түүний гэрэл зургаас тодорхой харагдана. Үүнийг чухамдаа гаригийн дагуул үүсэх үйл явцын эхэн үе шат гэж үзэж байна. Бодисын нягт багатай, тэнхлэгээ харьцангуй хурдан эргэх аварга гаригууд эргэлтийнхээ улмаас экваторынхоо орчмоор цүлхийн тодорхой нөгцөлд бодисын хэсгүүд тасарч цагираг үүсгэх буюу аажимдаа дагуул болон хувирах процесс хөгжил хувьслын урт удаан хугацаанд бүрддэг гэсэн одон орончдын таамаглал олон жилийн настай ч хөдөлгөөнгүй баталгааг шаардсан хэвээр ээ.

Орчлонгийн хязгааргүй уудамд манай нарны аймаг, оддын айн өнөөгийн ерөнхий дүр зураг ийм болой.

Үүсэл хөгжил[засварлах]

Хаббл дуран авайгаар авсан Гурван маралын оддын орд дахь гараг хөврөлийн мананцрын зураг. Хэмжээгээрээ хэдэн гэрлийн жил хүрэх энэхүү мананцар нь манай Нарны аймаг бүрэлдсэн тэрхүү эртний мананцартай төсөөтэй юм.
Гараг хөврөлийн дугуй мананцар зураачийн төсөөлснөөр

Нарны аймаг 4.6 тэрбум жилийн өмнө молекул, тоосонцрын аварга үүл дотоод таталцлынхаа хүчээр (гравитацын хүч) агшсаны үр дүнд бүрэлдсэн байна. Энэхүү үүл нь хэдэн гэрлийн жилийн хэмжээтэй байсан ба нэг биш хэд хэдэн одыг төрүүлсэн байж болзошгүй [1].

Уг үүлнээс манай Нарны аймаг үүссэн нарны мананцар [2] хэмээх тэр хэсэг агшихад өнцгөн момент хадгалагдсанаар эргэлт нь түргэссэн байна. Массын дийлэнх нь бөөгнөрсөн төв хэсгийн температур эрс нэмэгдэж, түүнийг тойрон эргэж буй хавтан хэлбэрт тоосонцрынхоос илүү өндөр температуртай болсоор байв. [1] Ийнхүү агшин буй манацар нь эргэлтийнхээ явцад хавтгай хэлбэртэй болж, 200 AU[1] [3][4] орчим диаметр бүхий гараг хөврөлийн хавтгай үүсгэж, төвдөө нэн халуун бөгөөд өндөр нягттай одны хөврөл үүсгэсэн байна. [5][6] Энэ шатанд Нар T Tauri ангиллын од байсан гэж үздэг. T Tauri ангиллын оддыг ажиглахад 0.001–0.1 нарны масс бүхий гараг хөврөлийн үүлэнцрээр хүрээлэгдсэн нь олонтаа ажиглагддаг бөгөөд мананцрын массын дийлэнх хэсэг одондоо төвлөрсөн байдаг. [7] Энэхүү дугуй хавтан манацар дахь тодорхой цэгүүдэд массын төвлөрөл үүссэнээр гарагууд бүрэлдсэн байна. [8] Одны хөврөлийн төв дэх ус төрөгчийн даралт хэлбэрэлтгүй нэмэгдсээр 50 сая жилийн дотор халуун цөмийн урвал эхлэх нөхцөл бүрджээ. [9]

Тийнхүү температур, урвалын хурд, даралт, нягт нэмэгдсээр дулааны энерги таталцлын хүчний тэнцвэрт байдал тогтжээ. Энэ шатанд Нар гол цувааны одны бүх шинжийг олсон билээ. [10]

Нар[засварлах]

Гол өгүүлэл: Нар
Нар

Нар бол од юм. Нар болон түүнийг тойрон эргэх гарагууд нь мананцрын бөөгнөрөлөөс үүссэн. Гэвч энэ мананцар нь Их дэлбэрэлтийн үе шиг зөвхөн устөрөгч болон гелигээс тогтоогүй юм. Тэднээс өөр олон элемент байсан юм. Эдгээр хүнд элементүүд нь Их дэлбэрэлтээс хойш Нар бий болж эхлэх хүртэлх ойролцоогоор 10 тэрбум жилийн туршид үүссэн анхны оддоос үүсчээ. Эдгээр одод сөнөхдөө өөрийн агуулж байгаа бодисын ихэнх хэсгийг сансарт цацдаг. Ингээд эхлээд устөрөгч, бага хэмжээний гели агуулсан оддын хоорондох орон зай хүнд элементээр баяжжээ. Гэвч устөрөгч, гелигээс бусад элементүүд 2%-д ч хүрэхээргүй бага байлаа. Үүний дараа шинээр үүссэн одод эдгээр элементийг агуулсан хийнээс тогтсон тул гараг,дагуул, сүүлт оддыг үүсгэх түүхий эдийг агуулж байдаг. Энэ байдал цааш үргэлжлэхэд оддын хоорондох зай хүнд элементээр баяжиж эхэлдэг. Манай нарны аймаг ч бас гараг үүсэхэд хэрэгцээтэй бодис бүхий мананцраас бий болсон юм. Өөрөөр хэлбэл манай Нарны аймаг, өмнө үүсээд сөнөсөн одноос үүссэн юм.

Гарагууд[засварлах]

Нарны аймаг найман гарагтай. Эдгээрийг хөрстэй болон хийн гэж хоёр бүлэгт хуваадаг.

Хөрстэй гараг[засварлах]

Хөрстэй гарагт Буд, Сугар, Дэлхий, Ангараг багтдаг. Эдгээр гарагууд хатуу, чулуурхаг гадаргуутай тул хөрст гараг гэдэг.

Хийн гараг[засварлах]

Хийн гараг болох Бархасбадь, Санчир, Далайн ван, Тэнгэрийн ван нь их хэмжээний хийнээс тогтдог бөгөөд жижиг, хатуу цөмтэй байдаг.

Дагуулууд[засварлах]

Аварга том гарагууд анх нягтрахдаа маш халуун байдаг. Иймээс одоогийн хэмжээтэй нь харьцуулахад илүү том байдаг байсан. Гараг үүсэх явцын төгсгөлд гарагийг бий болгосон хий, тоосонцруудын үлдэгдэл гарагийг тойрон эргэлдсээр байдаг. Цаг хугацаа өнгөрөхөд хийн ихэнх хэсгийг гараг залгиж эсвэл сансарт таран замхардаг. Үлдсэн хий, тоос нь нэг дор цугларч дагуулуудыг бий болгоно.

Дагуулуудын ихэнх нь дээр өгүүлсэн маягаар бий болсон гэж үздэг ч зарим нь гараг бий болсны дараа гаднаас нэгдсэн нь ч бий. Энэ дагуулуудын тойрог зам нь маш нягт элипс хэлбэртэй бөгөөд бусад дагуултай харьцуулахад өөр байдаг. Үүнд Поебе, Тритон болон хэд хэдэн бяцхан дагуулууд багтдаг. Ангараг гарагийн дагуул Побос, Деймосыг гараг үүссэний дараа нэгдсэн гэж үздэг.

Хөрст гарагуудын дагуулууд бүгдээрээ нэг бол гараг бий болсны дараа нэгдсэн эсвэл мөргөлдсөнөөс болж үүссэн байна. Энэ нь аварга том хийн гарагуудын эргэн тойронд л дагуул үүсдэг гэсэн таамаглалыг нотолж байгаа юм.

Бага гараг[засварлах]

Гол өгүүлэл: Бага гариг

Бага гарагууд хөрст болон хийн гарагуудын хоорондох Бага гаригийн бүсэд оршдог. Энэ бүсэд гараг болж нэгдэхүйц том хэмжээний сансрын биет байдаггүй. Эдний нийт масс нь Сарныхаас ч бага юм.

Нарны аймгийн гарагуудын хоорондох зайг авч үзвэл Нарнаас холдох тусам тодорхой дараалалтай байгааг ажиглаж болно. Гараг бүрийн тойрог зам нь өмнөхөөсөө 75%-иар илүү өргөн байдаг. Үүнээс харахад Бага гарагийн бүс оронд мөн гараг байх ёстой мэт. Гэхдээ тодорхой баталгаа байхгүй. Харин зарим нэг гараг судлаач эрдэмтэдийн үзэж байгаагаар урьд нь энд нэг гараг үүсч байгаад Бархасбадь гарагийн хүчтэй татах хүчинд автан хэдэн хэсэг болж таржээ. Мөн энд гараганцрууд нэг дор бөөгнөрөөгүй тул ямар нэг гараг үүсээгүй гэж үздэг.

Сүүлт од[засварлах]

Гол өгүүлэл: Сүүлт од

Дэлхий вангийн цаад талд гараг үүссэний дараа үлдсэн бодисоос тогтсон нэгэн бүс байдаг. Энэ бүсэд тус бүр нь 1 км буюу үүнээс илүү диаметртэй, 200 сая сансрын биет байгааг тооцоолон гаргажээ. Кюперийн бүс гэж нэрлэсэн энэ бүсэд Дэлхий ван, түүний дагуул Чарон ч ордог. Мөн Далай вангийн дагуул Тритон ч энэ бүсийн гишүүн юм. Эдгээр дагуулууд уг бүсийн хамгийн том хэмжээтэй нь ажээ.

Сүүлт одууд тойрог замаасаа гарч Нарны аймаг руу чиглэх нь уг сүүлт одод хоорондоо мөргөлдөн тогтворгүй байдал үүсгэснээс болдог. Богино хугацааны сүүлт одууд (ойролцоогоор 100 жилд нэг удаа) ихэнхдээ Кюперийн бүсээс ирдэг. Харин урт хугацааны давтамжтай ирдэг сүүлт одууд өөр бүсээс ирдэг гэж таамаглаж байна. 1950 онд одон орон судлаач Жан Хендрик Оорт энэ талаар нэгэн таамаглал дэвшүүлжээ. Түүний таамаглалын дагуу эдгээр сүүлт одууд Нарны системийг бүхэлд нь бүрхсэн нэг бүсээс ирдэг ажээ. Оортын үүл гэж нэрлэсэн энэ бүс бидэнд харагддагүй боловч урт хугацааны давтамжтай ирдэг сүүлт одууд энэ бүсийн талаар мэдээлэл авчирдаг.

Оортын үүл бий болсон явцыг дараах маягаар тайлбарладаг. Бархасбадь зэрэг аварга том гарагууд дэргэдүүр нь өнгөрөхийг завдсан гараганцруудыг хүч султай тойрог замд оруулан тогтоон барьдаг. Заримдаа эдгээр биетүүд Нарны татах хүчнээс мултран сансар руу ахиж эргэж ирэхгүйгээр оддог. Харин ихэнх нь Нарны татах хүчнээс салж чадалгүй хүч султай тойрог замаар тойрон эргэлдсээр байдаг. Нарнаас хол байдаг мөн, хурд багатай тул ихэнхдээ Оортын үүлэнд байрлацгаана. Оортын үүлийг тойруулан тойрог зурахад гадиус буюу Нар хүртэлх урт нь нэг гэрлийн жил байдаг. Үүнээс цааш Нарны аймгийн хил төгсч, оддын орчин эхэлдэг гэж хэлж болно.

Ишлэл[засварлах]

  1. 1.0 1.1 1.2 Lecture 13: The Nebular Theory of the origin of the Solar System. University of Arizona. 2006-12-27-д хандсан.
  2. Irvine, W. M.. The chemical composition of the pre-solar nebula. Amherst College, Massachusetts. 2007-02-15-д хандсан.
  3. Загвар:Cite science
  4. Present Understanding of the Origin of Planetary Systems. National Academy of Sciences (2000-04-05). 2007-01-19-д хандсан.
  5. Загвар:Cite science
  6. Present Understanding of the Origin of Planetary Systems. National Academy of Sciences (2000-04-05). 2007-01-19-д хандсан.
  7. M. Momose, Y. Kitamura, S. Yokogawa, R. Kawabe, M. Tamura, S. Ida (2003). "Investigation of the Physical Properties of Protoplanetary Disks around T Tauri Stars by a High-resolution Imaging Survey at lambda = 2 mm" (PDF). Ikeuchi, S., Hearnshaw, J. and Hanawa, T. (eds.) The Proceedings of the IAU 8th Asian-Pacific Regional Meeting, Volume I 289: 85, Astronomical Society of the Pacific Conference Series. 
  8. Boss, A. P. (2005). "Chondrule-forming Shock Fronts in the Solar Nebula: A Possible Unified Scenario for Planet and Chondrite Formation". The Astrophysical Journal 621: L137. DOI:10.1086/429160.
  9. Sukyoung Yi; Pierre Demarque; Yong-Cheol Kim; Young-Wook Lee; Chang H. Ree; Thibault Lejeune; Sydney Barnes (2001). "Toward Better Age Estimates for Stellar Populations: The Y^{2} Isochrones for Solar Mixture". Astrophysical Journal Supplement 136: 417. DOI:10.1086/321795. Загвар:ArXiv.
  10. A. Chrysostomou, P. W. Lucas (2005). "The Formation of Stars". Contemporary Physics 46: 29. DOI:10.1080/0010751042000275277.

Мөн үзэх[засварлах]

Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Solar system