Энселадус
Энселадус нь нарны аймгийн хоёр дахь том гараг Санчирын зургаа дахь том дагуул юм. 1789 онд нээгдсэн.
Дунджаар 252.1 км радиустай ба энэ нь манай эх дэлхийн дагуул сарны радиусаас ойролцоогоор 7 дахин бага юм. Хатуу мөсөн гадаргатай ба гадарга дээрхи дундаж температур нь ойролцоогоор -198°С. Энселадусыг хүрээлэх мандал нь 91%-н усны уур, 4%-н азот, 3.2%-н нүүрсхүчлийн хий болон 1.7%-н метанаас тогтдог.
Тус сарны өмнөд туйлд байдаг мөсөн галт уулнаас секундэд 200 кг орчим усны уур, мөсөн талст болон давс зэрэг бодисууд цацагдаж байдаг. Үүнээс улбаалан эрдэмтэд Энселадусын мөсөн бүрхүүл доор ихээхэн хэмжээний шингэн ус байж магадгүй гэж таамаглаж байсан ба үүнийг 2014 оны 4-р сарын 3-нд Кассини сансрын хөлгөөс авсан мэдээлэл дээр үндэслэн НАСА-н эрдэмтэд баталсан байна.[1] Энселадусаас гадна Бархасбадийн дагуул Европт шингэн ус байгаа нь тогтоогдсон байдаг. Эрдэмтэд Энселадус дээр амьдрал буй эсэхийг цааш судалж байгаа бөгөөд, шингэн ус байгаа явдал нь тус саран дээр нян, бичил биетэн амьдарч болохуйц гэдгийг харуулж байгаа юм.
Өмнөд туйлын мөсөн галт уулнаас цацагдсан усны уурын зарим хэсэг нь тус саран дээр цас болон бууж, зарим хэсэг нь Санчир гараг дээр буудаг бол, үлдсэн хэсэг нь Санчирын E цагиргийг зузаатгадаг байна.