Ирээдүй судлал
Ирээдүй судлал, мөн футуризм буюу футурологи гэдэг (латин. futurum — ирээдүй, грек. λόγος—судлал, англи. Futures studies, futures research, futurism, or futurology) - энэ нь нийгэм, технологийн дэвшил болон байгаль орчны бусад ирээдүйд өөрчлөгдөх чиг хандлагыг системтэй, шинжлэх ухааны салбар хоорондын харилцан хамааралтай цогцоор нь судалдаг шинжлэх ухаан юм. Ирээдүй судлаачдын гол зорилго бол хүн төрөлхтөн ирээдүйд хэрхэн ажиллаж, амьдрахыг судлах явдал байдаг юм.
Ирээдүй судлалд урьдчилан таамаглах арга техникийг ашиглаж байгаа ч орчин үеийн судлаач эрдэмтэд өөр арга хувилбаруудыг системтэйгээр судлахын чухлыг онцолдог байна. Ер нь энэ чиглэлийг нийгмийн шинжлэх ухааны салбар бөгөөд түүхийн шинжлэх ухааны салбарын нэгэн салбар өргөтгөл гэж үзэж болно. Ирээдүй судалгаа нь яг юу үргэлжлэх, юу өөрчлөгдөхийг ойлгохыг эрэлхийлдэг юм. Тиймээс, энэ салбарын нэг хэсэг нь өнгөрсөн ба өнөө үеийн талаар системтэй, тогтсон өөрлөлтүүдийн хэв маягийн ойлголтод суурилж ирээдүйн үйл явдал, чиг хандлагын магадлал боломжийг судлахад чиглэгддэг.
Илүү нарийвчлалтай бөгөөд илүү тодорхой системийг судалдаг физикийн шинжлэх ухаанаас ялгаатай нь футурологи /ирээдүй судлал нь илүү том хүрээтэй, илүү нарийн төвөгтэй дэлхийн системтэй харилцан холбоотой байдаг. Арга зүй, мэдлэг нь социологи, эдийн засаг гэх мэт байгалийн болон нийгмийн шинжлэх ухааныг бодвол хамаагүй бага судлагдаж шалгагдсан байдаг юм. Энэхүү ирээдүй судлалын салбар нь урлаг юм уу, шинжлэх ухаан юм уу гэж эрдэмтдийн дунд ихээхэн маргаан гардаг бөгөөд үүнийг заримдаа хуурамч шинжлэх ухаан ч гэж нэрлэх тохиолдол байдаг. Гэсэн хэдий ч 2002 онд Мэргэжлийн Ирээдүй судлаачдын Холбоо (англи. Association of Professional Futurists) байгуулагдаж, 2017 онд Урьдчилан харах чадамжийн загвар (мөн Форсайтын загвар гэгддэг) боловсруулан, одоо үүнийг академик байдлаар, жишээлбэл, Берлиний Чөлөөт Их сургуульд (англи. The Free University of Berlin, герман: Freie Universität Berlin, товчоор-FU Berlin) магистрын курст судлах боломжтой болсон юм.
Ирээдүй судлалын талаар хүртээмжтэй, салбар хоорондын хэлэлцүүлгийг өрнүүлэх үүднээс ЮНЕСКО-оос жил бүрийн 12-р сарын 2-ны өдрийг "Дэлхийн ирээдүй судлалын өдөр" болгон зарласан байна.
Алдарт футурологууд буюу ирээдүй судлаачид
[засварлах | кодоор засварлах]- Станислав Лем - польшийн зөгнөлч зохиолч.
- Жак Фреско - "Венера" төсөл-америкийн инженер, ирээдүй судаач.
- Ким Эрик Дрекслер - америкийн эрдэмтэн нанотехнологич.
- Артур Кларк-английн зохиолч, ирээдүй судлаач.
- Мичио Каку-америкийн онолын физикч, шинжлэх ухааны зохиолч.
- Элвин Тоффлер- америкийн социолог, гүн ухаантан.
- Брюс Бетке (англи. Bruce Bethke; 1955 онд төрсөн) -америкийн зөгнөлч зохиолч.
- Айзек Эзимов (англи. Isaac Asimov, 1919—1992) — америкийн зөгнөлт зохиолч, биохимич.