Их Монгол Улсын цэргийн зэвсэг, зэвсэглэл
Их Монгол Улсын цэрэг 9 төрлийн охор зэвсэг, 5 төрлийн уртын зэвсэг, 1 төрлийн хориглолтын зэвсэг, мөн дарьт, галт зэвсэг гэх мэт нийт 16 төрөл хэлбэрийн зэвсэг хэрэглэж байжээ. Мөн нийт 15 төрөл хэлбэрийн байлдааны хэрэгсэлтэй байж. Тэдгээрийн дотроос монгол цэргийн агсамжийг бүрдүүлэгч гол зэвсэг нь нум сум, байлдааны гол хэрэгсэл нь “Зэвлэх морь” байсан нь С.С.Уолкерын өгүүлсэнчлэн “Галын хүч” (харьцангуй алсаас харвах харваа) хийгээд дайралтын хүчийг хавсрах, ээлжилж цохилт хийх боломж олгож, тэр нь гагц шигүү жагсаалаар буюу бөөн хүчээр түрэх дайралтын хүчинд дулдуйдаж асан дайснуудаа ямагт бага хохиролтойгоор ялан дийлэх нөхцлийг бүрдүүлж өгдөг байв.
Монгол цэргийн гол зэвсэг нь ойрын зайд шууд тулгаран байлдах илд, жад зэрэг охор зэвсэг бус, харин алсын зайнаас харвацалдан тулалдахад зохицсон нум, сум байж, байлдааны гол хэрэгсэл нь явган цэргийнх лүгээ адил бие хамгаалах хуяг дуулга бус, харин салхи исгэрүүлэн давхих хүлэг морьд байсан учраас монгол цэргийн тактик нь хувьсахуй хөдөлгөөнд үндэслэсэн “Маневрын тактик” байж, цэрэг нэг бүрийн агсамж нь ч түүнд зохицсон хөнгөн агаад уян хатан чанартай зүйлсээс бүрддэг байжээ. Монгол цэргийн байлдааны зэвсэг хэрэгслийг байлдах зэвсэг ба байлдааны хэрэгсэл гэж хоёр бүлэглэн үзэж болохоор байдаг. Үүнд:
Үүнд, “Байлдах зэвсэг” гэдэг тодорхойлолтод дайтан тулалдах явцад хүн амьтан, хүрээлэн буй орчинд шууд хөнөөл учруулах үйлчлэл бүхий зүйлийг, тухайлбал, илд, жад, хутга, сэрээ, бялуу шийдэм зэрэг охор зэвсэг, нум сум, гал, чулуу урвуулан шидэх урвуур, харвуур, чөдөр, оньс зэрэг уртын зэвсэг, сөргөө мэт хориглолтын зэвсгийг хамааруулдаг. Харин “Байлдааны хэрэгсэл” хэмээх ухагдахуунд байлдааны явцад хүн, амьтан, хүрээлэн буй орчинд хөнөөл учруулдаггүй ч тулалдаанд шууд нөлөөлдөг, байлдах нөхцлийг бүрдүүлэх үйлчлэл бүхий зүйлс. тухайлбал, дээл хувцас, байлдааны морь, хуяг дуулга, туг хиур, хэнгэрэг хүүрэг, төмөр тэрэг, үүлэн шат зэрэг олон зүйлс хамаарна.
Нум сум
[засварлах | кодоор засварлах]Чингис хааны цэргийн гол зэвсэг болж асан нум нь нарийн хийцэт эвэр нум байв. Нумын уүсгэр буюу их биеийг хус юмуу хулсаар хийж, янгир, усны үхрийн эврээр элэг хийж наадаг байна. Нуманд мөн буга, үхэр, адуу, тэмээ зэрэг амьтны шөрмөс, сур, могойн юмуу загасны арьс, бугын эвэр, хусныүйс зэрэг олон зүйл хэрэглэдэг. Дундад эртний үед монголчууд дунд талдаа тууш 15-25 см урт эвэр наалттай “Алангир” нум, дунд талдаа тууш эвэр наалттайгаас гадна нэг талын мөрний хэсэгтээ бас эвэр наалттай, тэгш бус хэмт “Эртэгчин” нум, гичрийн үзүүртээ эвэр зуулга /амгавч/-тай “Эвэр нум”, шөрмөснийх нь дор нарийн төмөр тууз наасан “Болд ширхэгт нум” буюу “Төмөр ширхэгт нум” зэрэг олон төрөл хэлбэрийн эвэр нум үйлдэн хэрэглэж байжээ. Амгавч нь хоёр оньтой нум ч байдаг. Тийм ар, өвөр хос онины нэгийг нь ойрын зайд, нөгөөг холын зайд харвахад хэрэглэдэг. Монгол цэрэг дайн байлдаанд явахдаа хүн бүр наад зах нь хатуу, зөөлөн хоёр, гурван төрлийн нумтай, дүүрэн зэв сумтай гурван саадагтай /60-90 ширхэг сумтай/ явдаг байжээ. Дундад эртний үеийн монгол цэргийн хамгийн зөөлөн нум нь 30 орчим килограммын т(аталттай байсан бөгөөд тийм нумаар хорь, гучин алхмын дотор хэр баргийн хуягийг нэвт харвадаг байж. Харин хамгийн хүчит, хатуу нум нь “Төмөр буюу болд ширхэгт нум” бөгөөд тийм нумын таталт 70-80 кг-аас багагүй байв. Монгол цэргийн нум сумын ашигтай тусгал 200-300 метр, хаймсах алсын тусгал 600-700 метр, түүнээс ч их байсан нь (лонгол цэрэгт тулалдааныг 200-300 метрийн алсаас эхлэх боломж олгож байв. Энэ нь охор зэвсэгт суурин улсын ихэнх цэргийн хувьд амжилттай тулалдах боломжгүй холын зай байлаа. Монгол нумаар цэц мэргийн дээд амжилтыг Чингис хааны ач Есүнхэ мэргэн тогтоосон бөгөөд тэрээр 1225 онд 335 алд ойролцоогоор 569-580 метр/ газарт бай харван оносныг ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажид хадгалагдаж буй “Чингисийн чулуу” хэмээн нэрийдэгдсэн хөшөөнд сийлэн үлдээсэн байна. Нум сумын иж бүрдэлд нумаас гадна зэв сум, эрхийвч, саадаг юмуу ховд, хоромсого зэрэг зүйл ордог. Зэв сум нь “Байлдааны”, “Наадам тэмцээний”, “Агнуурын” гэсэн гурван өөр зориулалттай, олон төрөл хэлбэртэй аж. Байлдааны бүхий л төрлийн сумыг ерөнхийд нь “Зэв” гэж нэрлэдэг байжээ. Гэхдээ шаардлага гарсан үед наадам тэмцээн, агнуурын зориулалттай зэв сумаа ч байлдаанд хэрэглэдэг байсан нь ойлгомжтой. Монголчууд эртнээс эхлэн хадаас шиг нарийн шовх хэлбэртэй “Учимаг”, цүүц маягтай, хурц охор хошуутай “Хануур зэв”, үзүүр тал нь тэгш “Цавчуур зэв”, хурц шовх “Хатгуурст зэв”, ац, сэрээ маягийн “Анга зэв”, “Ацат зэв” хөндлөн огтлолоороо чагталсан дөрөв юмуу гурван ир /хянгар/ бүхий гурвалж, дөрвөлж хэлбэртэй “Тооновт зэв” буюу “Тоонолж”, төмрийнхөө үзүүрт дарь юмуу шатаагч бодис бүхий “Галт зэв” зэрэг олон төрөл, нэрийн зэв хэрэглэдэг байв. Зэвний ирийг илд, хутганы адил тусгайлан хатаадаг нь хэр баргийн хуягийг нэвтлэх бололцоог олгодог байна. Ан гөрөөнд мөсний үзүүрийг бонхгор болгон хийсэн “Агжам” юмуу ацтай “Модон сэрээ” хэмээх модон сумнууд, бас хатуу шир, яс, эвэр, модоор хийсэн бөөрөнхий хэлбэртэй “Бөмбөг” гэдэг сумыг хэрэглэдэг. Мөн таван салаа сэрвээтэй “Загас харвах сэрээ”, усны мандалд хөвөгч шувууг харвах “Тэших сум”, нугасны хошуу адил хэлбэртэй хийсэн шувуу харвах “Элээн сүүл сум”, туулай, шувуу харвах “Тэлиг”, “Сэрээ”, бодон гахай, барс зэрэг том амьтан агнах “Морьч хар”, “Барс харвах сум” гэх мэт олон төрлийн төмөрлөг сум хэрэглэдэг байжээ.
Илд
[засварлах | кодоор засварлах]Дундад эртний монгол цэргийн гол зэвсэг нум сум байсан бол удаахид нь илд ордог байв. Илд гэдэг нэр нь юмыг илт, үлт цохих гэдгээс үүджээ. Бас “Юлд” ч гэх нь бий. Одоо гол төлөв “Сэлэм” гэж нэрлэх болсон. Сэлэм гэдэг нь хамниган манжийн “селе” буюу төмөр, “ме” буюу юм гэсэн үгнээс үүдсэн “Төмөр юм”, “Төмөр зэвсэг” гэсэн үг.
Манж илд буюу сэлэм нь монгол илднээс хэмжээгээр арай бага байж. ХҮН зуунаас хойш сэлэм ихэд тархаж, яваандаа манж, монгол гэж ялгалгүй бүх төрлийн илдийг сэлэм гэх болжээ.Х1И-Х1Ү зууны үед монгол цэргийн хэрэглэж байсан олон төрөл, хийцийн илдний дотроос археологийн шинжилгээ, судалгаагаар олдсон баттай баримт бүхий жинхэнэ монгол хийцийнх нь гэвээс: Нэгд: 60 см-ээс урт /бариулын уртыг тооцохгүйгээр/, шулуун, хоёр талдаа иртэй “Дам /дэм/ илд” Хоёрт: хурц үзүүртэй, нэг талдаа иртэй “Хотгор илд” (Одоо уламжлалт нэрийг нь мэдэхгүйгээсээ болоод ихэнхидээ “Матигар илд” гэж ярьж, бичих болсон) Гуравт: нэг талдаа иртэй, өргөн мөртэй, гурван талтай, шулуун “Шөр илд” зэрэг илд байна. Монголчууд илд, хутганыхаа ирийг тусгай технологиор боповсруулж давхар ир суулгадаг, тухайлбал, ган, болд, гянт, анзаан, албин зэрэг хатууруулагч бодисыг ирийг нь дагуулан давхарлаж ширээн хатаах юмуу заримдаа ердийн төмөрт хатуу болд зуулган давхар иртэй болгодог байжээ.
Жад
[засварлах | кодоор засварлах]Их хааны шадар хэшигтэний дотроос ээлжийн харуул манаанд гарч буй хорчин, турхаг болон хэвтүүл цэргийн агсамжийн иж бүрдэлд заавал байх ёстой зэвсгийн нэг нь “Дөр жад” хэмээх тусгай хийцийн жад байв. Өдрийн манааны үүрэг гүйцэтгэгч хорчин, турхагууд үдэш болж харуулаас буухдаа дөр жадаа, нум сум зэрэг зэвсгийнхээ хамт хэвтүүлд тушаагаад оддог байжээ. Харин гадаад мянганы хувьд бол байлдаанд гүйцэтгэж буй үүргээсээ хамааран зарим үед жадаар зэвсэглэдэг, зарим үед жадгүй ч явдаг байжээ. ХII-ХIV зууны үед монгол цэрэг “Сэрвээт жад”-ыг өргөн дэлгэр хэрэглэж байв. Уул жадны сэрвээ нь хурц иртэй учир энгүүн нэг энгүүн нэг гохдож дэгээдэх ч бус, бас зүсэж хатгах зориулалттай байжээ. Түүнээс гадна урт иштэй “Морин жад”, “Жалан” буюу “Хануур жад” хэмээх шидэгч жад, охор “Хутган жад” зэрэг олон төрлийн жадтай байжээ.
Бусад зэвсэг
[засварлах | кодоор засварлах]Эртний монгол цэрэг дээр дурдсан гол гэж болох зэвсгээс гадна мөн олон төрлийн өвөрмөц зэр зэвсэгтэй байсан билээ. Хутга л гэхэд ердийн “Хэт хутга”-аас гадна хүн бүр сум дархлах, засан тэгшлэхэд хэрэглэдэг тусгай “Сумч хутга”-тай байжээ. Мөн бугуйл, дүүгүүр, ташуур нь хүртэл байлдааны зэвсэг болдог. Монголчууд байлдааны талбарт дайсны цэргийг бугуйлдан авч чирэн одох нь ердийн үзэгдэл байжээ. Энэ уламжлал бүр хожим болтол алдагдаагүй хэвээр байсан. Жишээ нь 1814 онд Парисын нэгэн боомтыг дайлж асан Оросын армийн бүрэлдэхүүнд байсан Халимаг цэргийн 2 дугаар хорооныхон бугуйл хэрэглэж франц цэргүүдийг цаламдан аваачиж байсан нь францчуудыг ихэд цочроож, үймээн сандраан тарьж байсан гэдэг. Монголчууд дүүгүүрийг байлдаанд мөн гарамгай ашигладаг байсан гэдэг. Дүүгүүрийг гол зэвсгийнхээ нэгэн болгож асан уламжлалтай “Дүүгүүр” хэмээх овогтон одоо ч бий. Цаашилбал дундад эртний монгол цэрэг дэлдэх, занчих зэвсгийг өргөн дэлгэр хэрэглэж байв. Тэдний гол төлөөлөгч нь “Бялуу”. Бялууны цохилуур хэсгийн гадарга нь гөлгөр, эсвэл өргөс, шүдтэй бөгөөд хэлбэрийн хувьд бөөрөнхий, зууван, гурвалжин, дөрвөлжинянз бүрийн хэлбэртэй байжээ. Монгол цэрэг бялуунаас гадна бас олон төрлийн дэлдэх, занчих зэвсэгтэй байсан. Үүнд: модны үзүүрт бонхгор талбин хийснийг “Шийдэм” гэдэг, бас барих этгээд нарийн, үзүүр этгээд бүдүүн модыг ч мөн шийдэм гэнэ. Шийдэмийг хоёр гараар барьж дэлддэг. Нэг гараар барих охор шийдмийг “Манчуурга” гэх бөгөөд занчихад зориулсан торлог модыг “Бороохой”, нарийн моголцог модыг “Бэрээ” гэнэ. Төмөр, гуулийг давтан ташуурын адил болгож хулс модыг дүрслэн бариулд нь балтаг, толт талбиж үйлдсэн зэвсгийг “Үет ташуур”, туүнтэй төстэй боловч бүдүүн урт, дөрвөлжин хэлбэртэй хийж бариулд нь балтаг, толт талбин үйлдсэнийг “Дөрвөлжин ташуур” гэнэ. Бас төмрийг тохойлох хэмжээний адил болгоод бариул гарган хийсэн, бие хамгаалах занчуурыг “Тохоймол” гэдэг байжээ.
Зэвлэх морь
[засварлах | кодоор засварлах]Монгол цэргийн байлдааны гол хэрэгсэл нь тэр үед “Зэвлэх морин” гэж нэрлэж байсан байлдааны морьд байв. Цэрэг бүр 3-4, түүнээс ч олон зэвлэх морьтой явна. Монголчууд байлдаанд унах морьдоо эртнээс инагш тусгай шинжээр сонгон шилж авдаг байсан учир тэсвэр хатуужил, амьдрах чадвараар гойд байв. “Морины судар” хэмээх сударт “Ер морины шинж найман түмэн дөрвөн мянган бүлэг буй” хэмээжээ. Тэгэхдээ тэр бүх шинжийг гадаад, дотоод, нууц гэж гурав бүлэглэн ангилдаг. Зэвлэх морьдыг бүр унаган цагаас нь тусгайлан сургуулилж, байлдаанд байнга бэлэн байлгахад онцгой анхаардаг байж. Зэвлэх морьд нь одоогийн цэргийн авто, хуягт танкийн техник, нисэх онгоц лугаа адил дундад эртний монгол цэргийн байлдах аргын үндэс-маневрын тактикийг хэрэгжүүлэх гол хүчин зүйл байв.
Хуяг дуулга
[засварлах | кодоор засварлах]ХII-ХIII зуунд монголчууд ерөнхийдөө хоёр төрлийн бүтэц хийцтэй хуяг, тухайлбал, бүхэл биеийг халхлах “Өвч хуяг”, эсвэл богино хантааз маягтай “Охор хуяг” хэмээх хуяг хэрэглэдэг байв. Тэдгээрийг хатуу /төмөрлөг болон хэр баргийн сум нэвтрэхээргүй болтол нь тусгайлан боловсруулж хатууруулсан арьс шир/ юм уу, зөөлөн /арьс, шир, олс, мяндас гэх мэт/ хоёр үндсэн төрлийн здээр хийдэг байжээ.
Зөөлөн эдээр хийсэн хуягийн дотроос дундад эртний үед хамгийн түгээмэл байсан нь “Хатангу дээл”. Энэ нь хуягласан монголдээл маягийн хуягийн ерөнхий нэр юм. Хатангу дээл нь мөрөвчтэй, мөрөвчгүй, урт, богино хормойтой, эсвэл өвдөг хавьцаа хүрсэн богино хормойтой, захнаас хормой хүртлээ тууш шулуун энгэртэй юмуу эсвэл монгол дээлийнх шиг ташуу энгэртэй, урт “Харавч” буюу ханцуйтай, эсвэл гагц охор харавчтай зэрэг олон янз байжээ.
Дундад эртний Монголчуудын хэрэглэж асан хуягийн дотроос онцлог нэгэн бол “Мяндсан хуяг”. Түүнийг үйлдэхдээ мяндсыг давхарлан зулж нягтруулаад торгомсог эдээр бүрж дээл, хантааз хэлбэртэй хийдэг байжээ.
Дуулга
[засварлах | кодоор засварлах]Монголчууд эрт цагаас эхлэн дуулгыг арьс шир, төмөрлөгөөр үйлдэн хэрэглэж ирсэн бөгөөд хийц чимгээрээ олон янз байдаг. Дуулгыг хэрзглэгчийн хэргэм тушаалаас шалтгаалан алт, мөнгөөр чимэглэх бөгөөд хуягийн өнгийг дагуулан өнгөлөх нь элбэг.
ХIII-ХIV зуунд монгол цэргийн хэрэглэж асан гадаад, дотоод гарвал, хийцтэй олон янзын дуулгын дотроос арагшаа гэдийсэн конус /шовхгор/ оройтойг нь цэвэр монгол гаралтай гэдэг. Өндөр оройн оронд бас жижиг бөмбөлөг хадах нь ч байжээ. ХII-ХIV зууны үеийн зарим монгол дуулга нь өндөр орой дээр суулгасан бөмбөлөг маягийн сөхмөл цэцэгтэй байсан нь бусдаас ялгарах бас нэгэн содон шинж ажээ.
Бамбай, халх
[засварлах | кодоор засварлах]Монголчууд дундад эртний үед бүх төрлийн дугуй бамбайг “Халх” хэмээн нэрлэдэг байжээ. Жижиг дугуй, пөмбөгөр хэлбэртэй агаад уян хатан, бөх бат модны мөчрөөр сүлжин олон өнгийн утсаар хээ хуар гарган чимэглэж, төв дунд нь толь хадсан байх нь олонтаа. Бас яг ийм хэлбэр, хэмжээтэй боловч бөх бат модоор үйлдэж, хатуу ширээр гадарлан төмрөөр тасамдан эмжиж, дунд нь толь хадсан бамбай ч ихэд тархсан байжээ.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]Холбоос
[засварлах | кодоор засварлах]Урлагт
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]Базарсүрэн Ж, ‘Их монгол улсын цэргийн зэр зэвсэг’ өгүүлэл