Ишибаши Танзан
Ишибаши Танзан (япон. 石橋 湛山 Исибаси Тандзан, 1884 оны 9-р сарын 25-нд төрсөн—1973 оны 4-р сарын 25-нд нас барсан) — Японы улс төрийн зүтгэлтэн, сэтгүүлч, эдийн засгийн ухааны эрдэмтэн бөгөөд 1956-1957 онд Японы Ерөнхий сайдын албыг хашсан хүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Ишибаши Танзан Токио хотод Буддын шашны Ничирэн-сю урсгалын хийдийн хамба ламын гэр бүлд төржээ. Танзан гэжж нэр нь шашны нэр байсан бөгөөд энгийн нэр нь Шозо (япон. 省三 Shozo) байсан. 1907 онд тэрээр Васэда Их сургуульд сурч философийн боловсрол эзэмшсэн байна. Их сургуульд байхдаа Ишибашид Японы алдарт философич Одо Танака багш нь байсан бөгөөд түүнд нөлөөлж либерал үзэл бодол суулгаж өгсөн байна.
Тэрээр "Васеда Бунгаку", "Майничи Шимбун" сонины сэтгүүлчээр богино хугацаанд ажилласан. 1911 онд Армид алба хаасны дараа тэрээр хэт либерал чиг баримжаагаараа алдартай байсан "Дорны эдийн засгийн тойм" (япон. 東洋経済新報 To:yo: keizai simpo:) сэтгүүлийн редакцийн зөвлөлд оржээ. 1924 онд Ишибаши сэтгүүлийн ерөнхий редактор болж, дэлхийн хоёрдугаар дайн дуустал энэ албан тушаалыг хашиж байжээ. 1934 оноос хойш англи хэл дээр "Oriental Economist" сэтгүүл хэвлүүлж эхэлсэн байна. 1939 онд тэрээр компанийн ерөнхийлөгч болжээ.
Түүний сэтгүүлд ажиллаж байх жилүүдэд бараг бүх чухал үйл явдлыг Ишибаши чөлөөтэй бөгөөд хүчтэй либерал үзлийн үүднээс шүүмжилдэг байсан. Ишибаши либерал үзэлтэн гэдгээрээ алдартай байсан ч Засгийн газрын ажилтнууд түүний эдийн засгийн мэдлэг үзлийг өндрөөр үнэлдэг байжээ. Дайны үед, ялангуяа түүний хэлмэгдүүлэлтийн дараа ч Ишибашиг зөвлөхөөр ажиллуулахаар байнга дууддаг байсан юм.
Улс төрд
[засварлах | кодоор засварлах]Дайн дууссаны дараа Ишибаши улс төрд орж, Японы эдийн засгийг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Анх Социалист намд элссэн боловч 1946 оны 5-р сард болсон дайны дараах анхны сонгуульд Либерал намаас (япон. 日本自由党, Nihon Jiyuto:) нэр дэвшиж байсан ч парламентад сонгогдож чадаагүй юм. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд Ёшида Шигэрү түүнийг өөрийн танхимдаа Сангийн сайдаар томилсон байна. Жилийн дараа болсон шинэ сонгуулиар тэрээр Шизүока дүүргээс парламентын Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон байна. Гэвч тэр жилдээ Ишибаши хуучин цэргийн дэглэмийг дэмжигчдийн эсрэг тэмцлийн хүрээнд Холбоотны эзлэн түрэмгийлэгч эрх баригчдад хавчигдаж байсан томоохон бүлэг хүмүүсийн нэг болсон бөгөөд түүнийг бусад хүмүүсийн нэгэн адил төрийн аливаа албан тушаал хашихыг 1951 он хүртэл хориглосон юм.
1954 оны 12-р сараас 1956 оны 12-р сар хүртэл Хатояма Ичиро-гийн Танхимд Гадаад худалдаа, аж үйлдвэрийн сайдаар ажилласан. Ишибаши Ерөнхий сайд Хатояма-д Японы Ардчилсан намыг (япон. 日本民主党, Нихон Миншуто) байгуулахад нь тусалсан юм. 1955 онд Ардчилсан болон Либерал намууд нэгдсэний дараа Японы Либерал Ардчилсан нам байгуулагдаж, намын нэг фракцыг нь Ишибаши тэргүүлжээ.
Ерөнхий сайд
[засварлах | кодоор засварлах]1956 оны 12-р сарын 14-нд Ерөнхий сайд Хатояма Ичиро огцорч ЛАН-ын шинэ ерөнхийлөгчийн төлөө санал хураалт явуулахад хамгийн их магадлалатай Киши Нобусуке байсан ч Ишибаши өөр нэр дэвшигч (Кожиро Ишии)-тэй нийлж олонхи болж (258-ын эсрэг 251) болж, намын ерөнхийлөгч, Японы шинэ Ерөнхий сайд болсон юм. Ерөнхий сайдын хувьд Ишибаши ерөнхийдөө Хатояма Ичирогийн бодлогыг үргэлжлүүлж, "бие даасан дипломат ажиллагаа"-г дэмжин хэрэгжүүлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Зөвлөлт Холбоот Улстай худалдаа, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэхийг эрмэлзсэн байна. Дотоод бодлогодоо Ишибаши бүрэн ажил эрхлэлтийг бий болгохын тулд үйлдвэрлэлийг идэвхжүүлэхийг санал болгож байв. Нам доторх фракцуудын санал зөрөлдөөнөөс үүдэн Ишибашигийн Танхим тогтворгүй болсон. 1957 оны 1-р сарын 31-нд эрүүл мэндийн ноцтой асуудлын улмаас Ишибаши Нобусукэ Кишийг үүрэг гүйцэтгэгчээр томилохоос өөр аргагүйд хүрч, 1957 оны 2-р сарын 25-нд огцорсон байна.
Түүний эрүүл мэндийн байдал сайнгүй байсан ч 1959-1960 онд Япон-ЗХУ-ын нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 1952-1968 онд Риссо их сургуулийн ерөнхийлөгчөөр ажилласан юм. 1964 онд худалдааны харилцаагаа сайжруулахын тулд Орос, Европоор тойрон аялсан. 1959 онд Хятадад айлчилж, Жоу Эньлайтай хэлэлцээ хийж, 1963 онд Японы худалдааны үзэсгэлэнгийн даргаар Хятадад буцаж очжээ. Тэрээр Япон, АНУ, Хятад, ЗХУ-ын хооронд олон талт энхийн гэрээ байгуулахыг дэмжиж байсан боловч түүний дэвшилттэй бодлого нь түүнийг Либерал Ардчилсан нам дотор нэр хүндгүй болгож, 1963 оны сонгуульд ялагдсан байна.
Ишибаши Танзан 1973 оны 4-р сарын 25-нд 88 насандаа таалал төгссөн байна.