Камбожийн эдийн засаг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Ерөнхий мэдээлэл

Камбожийн Хаант Улсын хүн ам 2018 онд 16 сая хүрсэн. 2017 оны байдлаар ДНБ-ний хэмжээ 22,158 тэрбум ам.доллар, нэг хүн амд ногдох ДНБ-1260 ам.доллар, эдийн засгийн өсөлт 2018 онд 6,8% байсан. Цалингийн доод хэмжээ 140 ам.доллар, хүн амын 91,5% бичиг үсэгтэй, 92% нь буддын шашинтай, ядуурлын түвшин -13,5%, инфляц-3,04% байна.

Эдийн засгийн бүтэц

Камбожийн эдийн засгийн бүтэц үйлчилгээний салбарт -42,3%, аж үйлдвэрт-29,4%, хөдөө аж ахуйд-28,2% ноогдож байна. Жилд 4 сая гаруй гадны жуулчин хүлээн авдаг тул үйлчилгээний салбарын эдийн засагт эзлэх хувь түлхүү байгаа бөгөөд АНУ-д хувцас экспортлох тогтвортой квот тогтоож чадсан тул энэ нь нийт экспортын 50% эзэлдэг байна. Экспортод чиглэсэн оёдол болон гутлын үйлдвэрүүд 350 мянган ажилчидтай бөгөөд эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлдөг ажээ. Хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөрийн насны хүн амын 80% хамрагддаг бөгөөд гол төлөв цагаан будаа, эрдэнэ шиш, каучук, тосны ургамал тариалдаг байна. Мал аж ахуйн салбарт үхэр /ордос/, гахай, тахиа үржүүлдэг. Эдийн засгийг хөгжүүлэх талаар Засгийн газраас баримталж буй цаашдын зорилтууд:

1. Ядуурлыг буруулах, эдийн засгийг цогцоор нь хөгжүүлэх, санхүүгийн салбарт шинэтгэл хийх.

2. Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх.

3. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг юм.

Гадаад худалдаа

Камбожийн гадаад худалдааны нийт эргэлт 2017 онд 25,5 тэрбум ам.долларт хүрснээс экспорт 11.27 тэрбум ам.доллар, импорт 14.28 тэрбум ам.доллар болжээ. Экспорт: Оёдлын бүтээгдэхүүн, каучук, далайн хүнсний бүтээгдэхүүн.(Түншүүд нь АНУ, Их Британи, ХБНГУ, Япон, Канад) Импорт: Газрын тосны бүтээгдэхүүн, бөс бараа, автомашин, электрон бараа, барилгын материал, хөвөн, тамхи, эм. (Түншүүд нь Тайланд, БНХАУ, Вьетнам, Хонгонг, Сингапур) Камбожийн Хаант улс НҮБ, АСЕАН, ОУВС, ДБ, АХБ, зэрэг олон улсын байгууллагуудын гишүүн орон юм.

Санхүүгийн салбар

Санхүүгийн зах зээлийн өрсөлдөх чадвараараа 140 орноос 66 дугаарт ордог, гадаад өр 7,22 тэрбум ам.доллар, орлогын татвар 20%. Хөрөнгийн зах зээл муу хөгжсөн, зөвхөн ганц Cambodia Securities Exchange бирж ажилдаг. (CSX, 2012 оноос ажиллаж эхэлсэн.) 2016 оны байдлаар 100 сая ам.долларын хэмжээтэй. Үндэсний валют “Риел”-ээс гадна ам.доллар чөлөөтэй эргэлтэнд ордог ажээ. 2018 оны 1 дүгээр сарын байдлаар 1 ам.доллар 4000 орчим камбож риелийн ханштай байна.

Хөрөнгө оруулалт

Гадны хөрөнгө оруулалт нээлттэй бөгөөд бүх салбарт хөрөнгө оруулахыг зөвшөөрч хөрөнгийн хязгааргаарлалт тавьдаггүй байна. Камбожийн Засгийн газар гадны хөрөнгө оруулагчдад дараах баталгаа гаргаж өгдөг. Үүнд:

• Иргэншилээс үл хамаарч бүх хөрөнгө оруулагчдад тэгш эрх олгодог;

• Хөрөнгө оруулагчийн эд хөрөнгийг төрөөс хамгаалдаг;

• Хөрөнгө оруулагчийн үйлдвэрлэсэн бараанд болон үзүүлж буй үйлчилгээнд үнийн хяналт тавьдаггүй;

• Гадагшаа валют шилжүүлэхийг зөвшөөрдөг зэрэг юм.

Камбожид хөрөнгө оруулалтаар БНХАУ, БНСУ, Вьетнам, Малайз, Тайван жагсаалтыг тэргүүлж байна. "US,Cambodia Trade and Investment Framework Agreement (TIFA)" 2006, "ASEAN Free Trade Agreement (AFTA)" 2015 онд гэрээ хэлэлцээрүүд байгуулсан нь хөрөнгө оруулалтад сайнаар нөлөөлж байна.

2018 оны 6 сарын байдлаар Камбожид шууд хөрөнгө оруулалт 831 сая ам.долларт хүржээ.

Дэлхийн банкны “Doing Business 2017” судалгааны шаталбараар Камбожийн Хаант Улс бизнес эрхлэх таатай нөхцөл байдлаар 131 дүгээрт жагсаж “Transparency International” –ын авлигын судалгаагаар тус улс 150 дугаарт оржээ.

Улс төрийн байдал

1993 оноос хойш Камбож нь Үндсэн хуульт Хаан улс бөгөөд төрийн тэргүүн нь 2004 онд Хааны Зөвлөлөөр сонгогдсон Нородом Сихамони Хаан юм. Гэвч бодит байдал дээр ерөнхий сайд Хун Сен бүх бодит эрх мэдлийг гартаа төвлөрүүсэн байдаг. 61 суудалтай дээд “Сенат”, 123 суудалтай доод “Үндэсний Ассамблей” гэсэн хоёр танхимаас бүрдэх хууль тогтоох байгууллагатай. Гүйцэтгэх Засаглалын дээд байгууллага нь 34 дахь жилдээ удирдаж буй Ерөнхий сайд Хун Сен тэргүүтэй Сайд нарын Зөвлөл юм. 2018 оны бүх нийтийн парламентын сонгуулиар Камбожийн Ардын нам 100% ялалт байгуулсан боловч хүчтэй сөрөг хүчний эрхийг бүдүүлгээр зөрчсөн гэж АНУ, ЕХ-ны орнууд шүүмжилдэг.

Камбожийн зах зээл дээрх гол компаниуд

Форбс “Forbes” –ийн судалгаагаар Камбожийн компаниуд дэлхийн хамгийн том 2000 корпорацид өнөөгийн байдлаар багтадгүй байна. Камбожийн Хаант улсын гол компаниуд.Үүнд: • Барилгын материал:Kampot Cement. • Хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэл: Cambrew Brewery, Kingdom Breweries. • Санхүүгийн салбар:National Bank of Cambodia, ACLEDA Bank, ANZ Royal Bank, Cambodia Asia Bank, Cambodia Commercial Bank, Cambodian National Insurance Company, Canadian Bank, Hattha Kaksekar Limited, IPR Microfinance Institution, Leopard Capital, Phnom Penh Commercial Bank, Vattanac Bank. • Аж үйлдвэр: Comin Khmer. • Байгалийн хий, газрын тосны салбар:Sokimex. • Телекоммуникаци: CamGSM, Camnet Internet Service, Telecom Cambodia.