Клеомедес
Клеомедес (гре. Κλεομήδης) нь 1-р зууны орчим амьдарч байсан Эртний Грекийн астрономич, стоицизмын төлөөлөгч философич юм. Тэрээр "Тэнгэрийн эрхсүүдийн эргэлдэх хөдөлгөөний тухай" хэмээх астрономийн номыг бичсэн.
Төрсөн, нас барсан он нь мэдэгддэггүй бөгөөд номонд нь Родосын Посидоний (МЭӨ 135 - МЭӨ 51)-гийн тухай бичигдсэн байдаг ч Клавдий Птолемей (85 - 165)-н тухай дурьдаагүй байдгаас нь үндэслэн 1-р зуунд амьдарч байсан хүн гэж үздэг юм. 20-р зууны математикч Отто Нойгебауэр түүний ажиглалтын тэмдэглэлээс нь 4-р зууны орчим амьдарч байсан байх магадлалтай гэж дүгнэсэн ч хараахан батлагдаагүй байгаа.
2 боть бүхий тэрхүү зохиол нь астрономийн үндсийг тайлбарласан байдаг ч зорилго нь шинжлэх ухааны гэхээсээ философийн шинж чанартай бөгөөд Эпикуреизмийн сансрын онолыг шүүмжилсэн хэсэг нэлээд тааралддаг. Тус зохиолын астрономийн түүхэн дэх үнэ цэнэ нь өдгөө алга болсон Посейдонийгийн бүтээлүүдийн тухай танилцуулж, сар хиртэх үзэгдлийг дэлхийн сүүдэр туссанаас болсон, энэ нь дэлхий бөөрөнхий болохыг нотолж буй гэдгийг тайлбарлан, мөн ердийн однууд нарнаас хэмжээгээрээ том, манай дэлхий нь нартай харьцуулахад тун жижиг од гэдгийг үзүүлсэн байдаг.
Түүнчлэн МЭӨ 3-р зуунд Эратосфен дэлхийн экваторын уртыг хэмжсэн тухай алдартай яриа нь түүний номонд анх дурьдагдаж манай үеийнхэнд хүрсэн билээ.
Сарны нэгэн кратерыг түүний нэрээр нэрлэсэн байдаг.
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- Alan C. Bowen, Robert B. Todd, Cleomedes' Lectures on Astronomy. A Translation of The Heavens with an Introduction and Commentary. University of California Press, 2004. ISBN 0-520-23325-5