Jump to content

Коко Шанэль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Коко Шанэль, 1931 он.

Габриэл Бонёр "Коко" Шанэль (франц. Gabrielle Bonheur "Coco" Chanel; 1883 оны 8-р сарын 19-нд Францын Сомюр хотод төрж, 1971 оны 1-р сарын 10-нд Парис хотноо нас барсан) - Францын алдартай хувцасны загвар зохион бүтээгч эмэгтэй, 20-р зууны Европын болон дэлхийн загварын ертөнцөд томоохон нөлөө үзүүлсэн "Chanel" загвар зохион бүтээх төвийг үндэслэгч.

Тэрээр Дэлхийн 1-р дайны дараа хувцасны загварын ертөнцөд өөрийн гэсэн өнгө аястай өвөрмөц загвар оруулсан зохион бүтээгч юм. Энэ нь эмэгтэй хүний хувцсыг уламжлалт эрэгтэйлэг болгож, хялбаршуулж «энгийн атлаа тансаг» (le luxe de la simplicité) зарчмыг баримталдаг загвар зохион бүтээсэн юм.

1920 онд Коко Шанэль Грасс хотод байхдаа Оросоос цагаачлан ирсэн үнэртэн зохион бүтээгч Эрнест Энри Бөө (франц. Ernest Henri Beaux)-тэй танилцжээ.

Шанэль тухайн үеийн уламжлалт бус цэцгийн болон жимсний үнэр агуулсан, харин эмэгтэйлэг байдлыг илэрхийлсэн өвөрмөц үнэртэй сүрчиг бүтээхийг Эрнест Бөгөөс хүссэн байна.

1921 онд сүрчиг бүтээгч эрчимтэй судалгаа хийснийхээ дараа Chanel-ээс 1-ээс 5, 20-24 гэсэн хоёр цуврал дугаарласан дээжээс үнэртэн сонгохыг хүсэв. 5-р хийсэн найрлага нь Кокод таалагдсан. Улмаар дэлхийд алдаршсан Chanel No. 5 сүрчиг бий болсон юм.

Коко Шанэлийн анхны бүтик-дэлгүүр.

Коко Шанэль дэлхийн 2-р дайны үед Францыг эзэлсэн Герман нацистын эрх баригчидтай нэлээд нягт холбоотой байсан гэж шүүмжлүүлж байсан. Дайны дараа Шанель нацистуудтай харилцаатай байсан гэгдэж байсан ч Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчиллийн оролцооны ачаар түүнийг 1944 онд хамтран ажилласан гэж буруутгаагүй чөлөөлсөн. Улмаар тэр Швейцар руу явж тэндээ 1953 он хүртэл амьдарсан байна. Парист буцаж ирээд загварын ордноо сэргээн нээсэн байна.

1953-1960-аад онд Шанэль Холливудын янз бүрийн студиудтай хамтран ажиллаж, Одри Хепбёрн, Элизабет Тейлор зэрэг оддыг хувцасладаг байв. Түүний үйлчлүүлэгчдийн дунд АНУ-ын тэргүүн хатагтай Жаклин Кеннеди мөн байсан. Үүнээс гадна Шанэль буяны үйлстэн байсан бөгөөд Сальвадор Дали, Пабло Пикассо нарт санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан юм.

1971 оны 1-р сарын 10-нд Габриэл 87 насандаа удаан хугацаагаар амьдарч байсан Парисын "Ритц зочид буудал"-д зүрхний шигдээсээр нас баржээ.

Коко 1971 онд нас барсны дараа Шанэлийн загварын ордон хүнд хэцүү үеийг туулсан. Загвар зохион бүтээгч Карл Лагерфелд уг ордныг удирдаж эхэлснээр тус загварын ордон 1983 онд сэргэж эхэлсэн. 2008 онд Шанэлийн мэндэлсний 125 жилийн ойг тохиолдуулан түүний дүрстэй 5 еврогийн дурсгалын зоосны загварыг танилцуулсан. 99 ширхэг цөөн тоогоор гаргасан алтан зоос 5900 еврогийн үнэтэй бол 11,000 мөнгөн зоосны нэг нь 45 еврогоор худалдаалагдаж байна.

Түүний тухай "Шанэлийн цаг үе" (франц. Le Temps Chanel) хэмээх томоохон зурагт намтарчилсан номыг Францын сэтгүүлч, зохиолч Эдмонд Шарль-Ру (Edmonde Charles-Roux) хэвлэн гаргажээ.

Түүний зүйр үгс

[засварлах | кодоор засварлах]
  • "Эмэгтэйчүүд бусад эмэгтэйчүүдтэй өрсөлдөх үүднээс хувцасладаг гэдэг. Энэ нь ч үнэн, хэрвээ хорвоод ганц ч эрэгтэй хүн үлдээгүй бол эмэгтэйчүүд хувцаслахаа болих байсан".
  • "Өнгөрсөн үеийн жинхэнэ моодны ул мөрийг зураг, гэр бүлийн зургийн цомгоос олж болно".
  • "Хорин насанд байгаль танд заяасан нүүр царайтай байдаг, гучин насанд өнгөрүүлсэн амьдрал тань таны царайд тамгаа үлдээдэг, харин тавин насанд та хэрхэн амьдарсны шангаа хүртсэн царайтай байна."
  • "Хэрвээ та далавчгүй төрсөн бол ургахад нь бүү саад бол".
  • "Тансаглал бол зайлшгүй хэрэгцээ шаардлага дуусахад эхэлдэг зүйл".