Jump to content

Консул

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ко́нсул (Латин: consul-зөвлөх гэсэн үгнээс гаралтай) - суугаа орныхоо заасан тойрогт консулын үйл ажиллагаа явуулах зорилготой өөр нэг улсаас илгээгдсэн дипломат албан тушаалтан. Өөрөөр хэлбэл тухайн гадаад оронд өөрийн орны болон иргэнийхээ ашиг сонирхол, эрхийг хамгаалах, төлөөлөх үүрэгтэй албан дипломат тушаалтан.

  • - Гадаад харилцааны яам, Дипломат төлөөлөгчийн газрын консулын үйл ажиллагаа нь тухайн улсын хууль тогтоомжийн хүрээнд өөрийн улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэгддэг.
  • - Консул нь гадаад улсын виз олгуулах, виз мэдүүлэх цаг авч өгөх, Элчин сайдын яам, Консулыг нь шахаж шаардах, шийдвэр гаргахад нөлөөлөх боломжгүй. Учир нь аливаа улсын Элчин сайдын яамны виз олгох үйл ажиллагаа, виз олгох эсэх шийдвэр гаргах нь тухайн улсын хууль тогтоомжийн хүрээнд шийдэгддэг.
  • - Аль нэг улсын визийн хугацаа хэтрүүлсэн, тухайн улсын хилээр нэвтрэх журмыг зөрчсөн, хилийн хориг тавигдсан бол цуцлуулах, хугацааг нь богиносгох боломжгүй. Энэ тохиодолд тухайн улсын хууль тогтоомжийн дагуу иргэн өөрөө давж заалдах эсвэл хилийн хориг нь дуустал зорчих эрхийг сэргээх боломж хомс байдаг.
  • - Гэмт хэрэг, зөрчилд холбогдсон иргэний гэм буруутай эсэхийг тогтоох, мөрдөн шалгах, суллуулах, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, гадаад улсын шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр гаргахад нөлөөлөх боломжгүй.

- Хууль, журамд нийцээгүй, илт хууль бус хүсэлтийг шийдвэрлэх үүрэггүй болно.

"1963 оны Консулын харилцааны тухай Венийн Конвенц" Консулын үйл ажиллагаагаа зохицуулдаг олон улсын эрх зүйн баримт бичиг.

Консулын патент / Consular Commission

Консулын газрын тэргүүний албан тушаалд тухайн этгээд томилогдож байгааг баталсан баримт бичиг юм.

Экзекватур / Exequatur

Хүлээн авагч улсын зүгээс консулын албан ёсны үүргээ гүйцэтгэхийг КГ-ын тэргүүнд эцэслэн зөвшөөрч байгаа баримт бичиг.

Консулын тойрог / Consular District

Суугаа орноос албан ёсоор Консулын үүргээ гүйцэтгэх тогтоосон тойргийг хэлнэ.

Консулын албаны тухай

Консулын алба нь дипломат албаны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хилийн чанадад Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн үүрэгтэй.

XIX зууны сүүл үеэс Сибирт төмөр зам тавигдан Хаант Оростой худалдаа хийх явдал өргөжиж, Оросын худалдаачид Монголд ирэх болсон үеэс консулын харилцаа үүсэн бий болох нөхцөл бүрдсэн гэж үздэг бөгөөд 1860 онд Өргөө хотод Оросын Консулын газар нээгдсэн бол 1870-80 онд Ховд, Улиастай, Шивээ Хиагт (Алтанбулаг)-д Консулын газар мөн байгуулагдаж байжээ.

БНМАУ-ын консулын дүрмийг 1929 оны 1-р сарын 29-нд Улсын Бага Хурлаар баталж, Монголын консулын албаны эрх үүрэг, зохион байгуулалт, бүтцийг тодорхойлсон боловч 1950 оны 6 дугаар сарын 29-нд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 52, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 38/67-р тогтоолоор ГХЯ-нд бие даасан Консулын хэлтсийг анх байгуулснаар орчин цагийн Монгол Улсын Консулын алба бэхжин хөгжиж эхэлсэн түүхтэй. Консулын дүрмийг хожим 1958, 1978, 2002 онд тус тус шинэчилсэн.


Консулын ангилал, үүргүүд

Консулын газрын албан тушаал:

  • Ерөнхий консул
  • Консул
  • Дэд консул
  • Консулын агент
  • Консулын төлөөлөгчийн газрууд
    а/. Ерөнхий Консулын газар
    б/. Консулын газар
    в/. Консулын агентын газар /ховор/ байдаг байна.
  • Консулын төлөөлөгчийн газруудад Ерөнхий консул, консул, дэд консул болон атташе гэсэн албан тушаалууд байдаг. /Дипломат албаны тухай хууль/
    Консулын албан тушаалд хоёр ангилал байдаг. 1.Консулын албан тушаал /ГХЯ-ны орон тооны/, 2.Өргөмжит консулын албан тушаал /ГХЯ-ны орон тооны бус/.
  • Консулын төлөөлөгчийн газар нээх, консулын үүрэг гүйцэтгэх журам, консулын ажилтан томилох, консулын байгууллагын үйл ажиллагаа, халдашгүй дархан байдал зэрэг нь 1963 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Консулын харилцааны тухай Венийн конвенцаар зохицуулагддаг.

Консулын үндсэн үйл ажиллагаанууд:

  • Төлөөлж буй улс, түүний иргэдийн /хуулийн этгээд болон хувь хүн/ эрх, ашгийг хамгаалах, төлөөлөх бөгөөд тэдгээрт тусламж дэмжлэг үзүүлэх;
  • Төлөөлж буй болон суугаа орон хоорондын худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг, шинжлэх ухааны салбрын холбоог тал бүрээр хөгжүүлэх;
  • Төлөөлж буй орны дотоод, гадаад бодлогын талаарх албан ёсны мэдээллийг түгээх;
  • Гадаадын иргэдэд өөрийн оронд нэвтрэх виз олгох;
  • Өөрийн орны иргэдэд паспорт олгох;
  • Нотариатын үйл ажиллагаа явуулах;
  • Иргэний эрх зүйн байдлын бүртгэл явуулах;
  • Иргэншлийн асуудлыг авч үзэх;
  • Өөрийн харьяат иргэдэд холбогдолтой иргэний болон эрүүгийн хэргүүдэд эрх зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх;
  • Консулын тойрогт хамаарагдаж буй өөрийн иргэдийн бүртгэл хөтлөх.

Өргөмжит консул — консулын зарим үүргийг сайн дурын үндсэн дээр гүйцэтгэдэг, төлөөлж буй орны дипломат албаны бус хүнийг хэлнэ. Өөрөөр хэлбэл төлөөлж буй орноос цалинждаггүй, сайн дураар хоёр талын гэрээний үндсэн дээр тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг. Ихэнх тохиолдолд суугаа орны иргэн бөгөөд ажил хэрэгч хүмүүс энэ үүргийг хүлээдэг байна.