Кушаны хаант улс
Кушаны хаант улс буюу тохарууд Манай эриний босгон дээр Төв Азид хөгжин цэцэглэж байсан Кушаны эзэнт гүрний тухай баримт тун бүрхэг. Нутгийн унаган иргэдийг бүдүүлгээр шахан зайлуулж одоогийн Афганистан, Пакистан болон Дундад Азийн нутаг дэвсгэрт суурьшсан тэднийг хаанаас гаралтай, хэн гэдгийг мэдэх арга байхгүй бололтой. Байгуулагдсанаасаа хойш ердөө гурван зууны дараа гэхэд тэд хэзээ ч байгаагүй юм шиг ямар ч ул мөргүй арилсан ажээ. Агуу их Ром, Парфия. Хятадын хүчирхэгжилтэй эн тэнцүү хөгжилтэй байсан эртний энэхүү хаант улсын тухай түүхчид анх XIX зууны дунд үед л мэдсэн байна. Европын эртний эд зүйлийн цуглуулга эзэмшигчдэд үл таних Кушан хэмээх нэрийг давтаж сийлсэн зоосон мөнгөнүүд анхаарал татжээ. Македоны Александрийн эзэнт гүрний нутаг дэвсгэрийн дорнод хэсэг буюу Грек-Бактирийн хаант улсын хөндийгөөр урсах Аму-Дарья мөрний зүүн талд Кушаны хаант улс оршин тогтнож байсныг археологийн олдвор гэрчилж байна. Учгийг цааш нь тайлваас мянган квадрат метр асар том талбайг эзлэн орших, олон үндэстэн, олон соёл иргэншил сүлэлдсэн хүчирхэг засаг захиргааны байсны ул мөр илэрчээ. Дундад Азийн бүс нутгаас нүүдэллэн гарсан ард түмэн дэлхийн хувь заяаг шийдэж, өөрийн нөлөөгөө түүхэнд үзүүлж иржээ. Кушанууд Энэтхэгийн хойд нутагт орших Сакуудыг бутниргэж, эзэнт улс байгуулах замаа засжээ. Кушаны хаант улсын эзэмшил нутаг нь Умард Энэтхэг, Афганистан, Пакистан, Кашгар, Яркенд, Хотон нутаг, Өмнөд Перс болон Парфийн хил хүрсэн байв. Кашмир, Пакистаны Пенджаб муж ч орж байжээ. тухайн үед Өмнөд Энэтхэгт байсан Андхрын улстай зэрэгцэн оршиж байсан. Эхний үед Кушануудын нийслэл нь одоогийн Афганы нийслэл Кабул хот байсан бололтой. Хожим нь Пешавар хот нийслэл нь болжээ. Кушаны хаант улсын хүчирхэгжилт нь Хан гүрний Дундад Ази дахь тэлэлтийг хязгаарлаж байсан юм хэмээн Оросын түүхчид үздэг байна. Кушаны хаант улс нь Буддын шашинт улс байсан. Нэрд гарсан эзэн хаан нь Канишка бөгөөд Буддын шашны үнэнч сүсэгтэн байжээ. Такшашила хэмээх буддын шашны төв Пешавараас холгүй оршин байв. Кушануудыг төв Азиас гаралтай учраас зарим талаараа Монголчуудтай холбоотой, харилцаатай байсан баримт бий. Хүннү гүрнийг үндэслэгч Түмэн Шаньюй өөрийн хүү Модуныг хатныхаа ятгалгаар Кушаны хаант улсад барьцааны хүн болгон илгээсэн байдаг. Хожмоо Модунь Шаньюй энэ үйл явдлыг хойд эхийнх нь хатгаас байсныг мэдээд, улмаар Кушанууд өөрийг нь алах гэж байгааг мэдсэний дараа тэндээс оргон тал нутагтаа ирсэн түүхтэй. Кушаны хаант улс Төв Азид мөр зэрэгцэн оршин байсан Хүннү нартай нягт холбоотой байсан. Ямартаа ч Буддын шашныг Хятад, Төв Азид дэлгэрүүлэхэд Кушануудын үзүүлсэн хувь нэмэр багагүй бололтой. Кушанууд нэг хэсэг Азид суурьшсан их эзэн мэт байсан бөгөөд баруун талдаа Ром-Грекийн соёлтой, өмнө талаараа Энэтхэгтэй, зүүн талаараа Хятадтай, хойд талаараа Хүннү нартай нутаг залгаж байв. Энэ нь нэг ёсондоо Ром-Энэтхэг-Хятад-Хүннү нарын уулзвар газар оршиж байсан гэсэн үг. Кушанууд мэдээж Ром-Гректэй шууд хил залгаагүй. Гэхдээ л Александрын байлдан дагууллын дараа өрнөд Азид Грекийн нөлөө, соёлын тусгал орсон байсныг мартаж болохгүй. Хугацааны хувьд Кушаны хаант улс нь Юлий Цезарийн амьд байсан Ромтэй зэргэмж үед байлаа. Кушаны хаад Август цезарьт элч илгээж байсан гэж Хятадын, Энэтхэгийн түүхчид бичсэн байдаг. Кушанууд тэнгисээр ч тэр, хуурай газраар ч тэр худалдаа хийдэг байв. Энэтхэг, Ромд аваачиж худалддаг зүйлс нь халуун ногоо, тансаг үнэртэн, торго, моосул даавуу, нэхмэл, үнэт эрдэнийн чулуу тэргүүтэн байжээ. Ромын нэрт зохиолч Плитий “Ромын алт Энэтхэг рүү урсаад алга боллоо” хэмээн халаглаж байсан гэдэг. Кушануудын эрхэлдэг гол аж ахуй нь ХАА, газар тариалан, гар урлал, худалдаа наймаа байв. Хотуудыг холбосон зам харилцаа сайн байсан нь армиа нэг чиглэлээс нөгөөд илгээхэд амар, цаг хэмнэхүйц болжээ. Энэтхэг, Иран, Хятадтай хуурай газраар худалдаа хийдэг байсан бол Египет, Ромтой тэнгис далайн замаар аялж худалдаа хийдэг байжээ. Хятадаас Кушанууд торго, даавуу худалдан авдаг байв. Ромчуудаас шилэн эдлэл, үнэт чулуу авдаг байжээ. Энэ үед Кушаны хаант улсад буддын хуврагуудын дунд маргаан их болдог байжээ. буддын утга санаа анхныхаа төрхийг аажмаар алдаж байв. Буддын шашин чухамхүү Кушаны үед Их хөлөгний буюу Махаяана /Большая колесница/, Бага хөлөгний буюу Хинаяна /Малая колесница/ хэмээх 2 урсгал гарч иржээ. Энэ үйл явцад Кушаны хаант улс тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь дамжиггүй. Кушаны хаант улсыг Хятадууд Гуйшуан (貴霜王朝) гэж нэрлэдэг байсан бөгөөд МЭ-ний 105-250 оны хооронд оршин тогтнож байжээ. Кушаны хаант улсыг үндэслэгчдийг Юэчжи хэмээнэ. Тохарууд ч гэж бас нэрлэдэг. Тэд чухамдаа өнөөгийн БНХАУ-ын Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Орны (新疆维吾尔自治区)нутгаас гаралтай. Албан ёсны хэл нь кушан хэл гэж явдаг байсан бөгөөд энэ нь перс хэлний нэг салаа бололтой. Зарим судлаачид Кушаны хаант улсын албан ёсны хэл юэчи нь дорнод-Ираны дэд бүлэгт хамаарна гэж үздэг. Кушаны хаант улсын үеийг барууны түүхчид Ази тив дэхь олон үндэстнийг нэгтгэж, соёл, шашин, хэлний хувьд өөр ч гэсэн нэгэн туг дор оршин байж болохыг харуулсан хамгийн анхны жишээ хэмээн үздэг аж. Олон янзын улс үндэстний онцлогийг харуулсан, олон янзын соёлын зааг дээр орших энэхүү хаант улс нь түүхчдийн сонирхолыг яах аргагүй татдаг. Кушаны хаант улсын талаархи судалгааны ажил хожуу буюу 19-р зууны дунд үеэс эхэлжээ. Кушануудын талаар Хятадууд, Персүүд, Энэтхэгүүд бас Грекүүд бичиж үлдээсэн байдаг. Кушаны үед хамаарах алт болон мөнгөн зооснууд, булшнууд ихэвчлэн Афганистаны умард хэсгээс олддог байна. Кужула Кадфиз (丘就却) хэмээх язгууртан МЭ-ний 1-р зуунд Афган, Ираны нутагт орших 4 хаант улсыг нэгтгэснээр Кушаны хаант улсыг үндэслэжээ. Кужула Кадфиз хаант улсаа байгуулсаны дараа нийслэл хотоо Ланьши гэж нэрлэсэн бөгөөд энэ нь өдгөөгийн Таджикистаны нийслэл Душанбе хотоос баруун тийш 44км зайтай орших Шахринау хот юм. Кужула Кадфиз Кушаны хаант улсаа байгуулсаны дараа хөрш аймгууд руугаа довтолж эхэлжээ. Цохилтын эхний чиглэл нь Гандхар улс байв. Энэ нь одоогийн Пакистан юм. Гандхарыг эзэлсний дараа Кужула Кадфиз өөрийгөө хаадын хаан хэмээн өргөмжлөв. Дараа нь Энэтхэгийн хойд хэсэгт орших Гиндукуш уулын зүг нутгаа тэлжээ. Кужула Кафдиз шинэ нутаг дэвсгэр, шинэ иргэдийг дагаар оруулсныхаа дараа алтан зоос шинээр цутгуулж байв. Цутгуулсан зоос дээр нь Перс, Энэтхэг бичээс сийлдэг байжээ. энэ нь Перс, Энэтхэгүүд миний захиргаанд орлоо гэсэн утгыг давхар илэрхийлж байв. Кужула Кадфизийн хүү Виме (阎膏珍) хаан ширээнд сууснаар Кушаы аян дайн улам бүр эрч хүчээ аван үргэлжилжээ. Вимег албан ёсоор Кадфиз II гэх ба Энэтхэгийн баруун-хойд хэсгийн үлэмж нутгийг эрхшээлдээ оруулжээ. Кушаны хаат улсын хамгийн алдартай хаан нь Канишка гэж дээр өгүүлсэн. Харин түүний төр барьж байсан цаг хугацааны хувьд судлаачид өөр байр суурьтай байдаг. Ерөнхийдөө МЭ-ний 2-р зууны эхний хагаст гэж ихэнх түүхч, судлаачид үздэг. Канишкаг төр барьж байх үед нийслэл нь Пурушапура буюу Пешевар руу нүүжээ. Канишка хаан буддын шашны үнэнч сүсэгтэн байсан гэж дээр өгүүлсэн билээ. Канишкагийн үед цутгуулсан зоосон дээр буддагийн дүрсийг сийлсэн байдаг. Гэхдээ бас Грекийн Гелиос, Гефест, Ираны Митра зэрэг бурхадын дүрсийг ч сийлбэрлэсэн байдаг. МЭ-ний 3-р зуунд Кушаууд Хан улстай, мөн Парсуудтай, Сасанидуудтай хэд хэдэн удаа тулалдаж ялж ч байсан ялагдаж ч байжээ. МЭ-ний 3-р зууны дундуур Кушаны хаант улсын уналтын үе эхэлсэн байна. МЭ-ний 5-р зууны үед Кушаны хаант улсыг Эфталитууд буюу Цагаан Хүннү нар бүрмөсөн унагажээ. Тэд цаашилсаар Энэтхэгт цөмрөн орсон юм. Энэ нь цаг хугацааны хувьд Атилла Ромд цохилт өгсөн тэр үетэй ойролцоо бололтой. Хэдийгээр Цагаан Хүннү нар Кушаны хаант улсыг цохисон ч гэсэн тэднээс асар их зүйл суралцаад, мөн хүчээ сэлбээд цааш Энэтхэгт дайран орсон түүхтэй.