Түмэн шаньюй
Түмэн шаньюй (Хятад хэлээр: 頭曼, эртний хятад хэлээр (НТӨ 220 он): *do-mɑnᴬ) (бас Тоумань, Тумань, Томань, Тэумань, Тумынь гэх мэтээр бичсэн нь бий) нь Хүннүгийн хамгийн эрт нэр дурдагдсан удирдагч (шаньюй) бөгөөд НТӨ 220 оны орчмоос НТӨ 209 он хүртэл захирч байв.
Нэр
[засварлах | кодоор засварлах]Түмэн (Touman) гэдэг нэр нь "10,000", "тоо тоймгүй олон" гэсэн утгатай 万 хэмээх хятад үгтэй холбоотой байх магадлалтай, энэ нэр нь хэлний бүлүүдийн хооронд өргөнөөр зээлдэгдэн хэрэглэгдэж байсан ба хамгийн үнэмшилтэй нь дараах төлөөллийн хэлбэр бүхий жагсаалтад үзүүлсэн дарааллаар: Орчин үеийн перс хэлний (үүнд дари болон тажик аялгуунууд орно) tōmān ~ tūmān, монгол хэлний tümen (түмэн), эртний түрэг хэлний tümän, зүүн тохар хэлний tmāṃ, баруун тохар хэлний t(u)māne, үүнд тэр ч байтугай эртний хятад хэлний болон хожмын 萬 орж магадгүй бөгөөд дуудлагыг нь жишээлбэл, эртний Дундад хятад хэлний *muanʰ шиг сэргээх боломжтой. Хэдий тийм ч бидний цорын ганц тодорхой нотолгоо бол энэ тоо-үг нь Түмэнгийн амьдарч байсан үеэс өмнө болон тухайн цаг хугацааны ойролцоох үеүдэд хятад хэлэнд байсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй; түүний амьдарч байснаас хэдэн зууны дараа энэ үг бусад хэлэнд байж, тэдгээрт анх батлагдсан.
Амьдрал
[засварлах | кодоор засварлах]Юэчжи нар болон Дунху (東胡) нар буюу "Дорнын варварууд" ("Eastern Barbarians") давамгайллын төлөө Хүннүтэй өрсөлдөж байв. НТӨ 215 онд Хятадын анхны эзэн хаан (emperor) Цинь Шихуанди Мэн Тянь жанжнаар толгойлуулсан 300,000 хүнтэй хүчирхэг армийг Ордосын бүс нутаг руу илгээсэн ба Хүннүг хойд зүгт 1,000 ли (ойролцоогоор 416 км) газар хөөжээ.
"Түмэн Цинийн зэвсэгт хүчний эсрэг тэсвэрлэж чадалгүй алс хойд зүг рүү ухарч, тэнд арав гаруй жил байсан".
НТӨ 210 онд Хятадын жанжин Мэн Тянь үхсэний дараа Түмэнгийн удирдсан хүннү нар Шар мөрнийг буцан гаталж, урьдын нутаг дэвсгэрээ эргүүлэн авав.
Домогт өгүүлснээр, Түмэн өөр татвар эмээс нь төрсөн бага хүүг илүүд үзжээ. Өөрийн ахмад хүү Модунаас (冒頓) салахын тулд Түмэн түүнийг юэчжи нар руу барьцааны хүн болгон илгээсэн бөгөөд дараа нь тэдэн рүү гэнэтийн дайралт хийв. Хариуд нь юэчжи нар Модуныг алахаар бэлтгэсэн ч тэр морь хулгайлж дөнгөсөн агаад Хүннү рүү оргон буцаж иржээ. Түмэн түүний эр зоригийг гайхаж, Модуныг 10,000 морьт цэргийн хүчний удирдлагын албан тушаалд тавьсан байна. Модун өөрийн эрчүүдийг өөрт нь туйлын дуулгавартай байхад маш амжилттай сургаж байв. НТӨ 209 онд Модун эрчүүддээ өөрийн эцгийг харваж алахыг тушаасан, ингэхдээ түүнийг, бас хойд эх, дүү болон өөрийнх нь тушаал зарлигийг дагахаас татгалзсан өндөр албан тушаалтнуудыг хороожээ. Үүний дараа Модун өөрөө шаньюй болов.
"Хань улсын түүх"-д (94-р бүлэг, "дээд" хэсэг) Түмэнгийн амьдралын төгсгөлийг хурц тод хэллэгээр, дараах байдлаар өгүүлжээ:
... Шаньюй (Түмэн) Модун гэдэг өв залгамжлагч хүүтэй байв. Хожим тэрээр хайрт хатантай (яньчжи) болж, тэр нь бага хүү төрүүлж өгчээ. Түмэн бага хүүг суулгахын тулд Модуныг зайлуулахыг хүссэн. Тэр Модуныг юэчжи нар руу барьцаанд илгээж дөнгөв. Модуныг барьцааны хүн болон байх үед Түмэн юэчжи нар руу түргэнээр дайрчээ. Юэчжи нар Модуныг алахыг хүссэн. Модун тэдний сайн морийг хулгайлан унаж, холдон явсан бөгөөд гэртээ буцаж иржээ. Түмэн үүнийг хүч чадлын илрэл гэж хүлээн авсан агаад 10,000 морьтны удирдагч болохыг тушаав. Модун исгэрдэг үзүүртэй дуут сумнууд хийж амжсан ба тэдгээрийг өөрийн морьтнуудыг нум сум харвахад сургахдаа хэрэглэсэн. Тэр тушаал өгч хэлэхдээ: "Дуут сумаар харвасан ямар нэгэн зүйлийг ямар ч нөхцөлд харвагтун, ингээгүй хэн нэгний толгойг авах болно" гэжээ. Тэрээр гөрөөлөх амьтдыг авлахаар ан гөрөө зохион байгуулсан. Түүнтэй хамт байгсдаас зарим нь дуут сум(ууд)-аар харвасан зүйл рүү харвахгүй байсан ба тэр газар дээр нь тэдний толгойг авав. Ингэж байтал Модун дуут сумаар өөрийн сайн морьдын нэгийг харважээ. Түүний баруун, зүүнд байсан бүгдээс зарим нь харваж зүрхэлсэнгүй. Модун тэр даруй тэдний толгойг авав. [Дараа нь] тэр хэсэг хугацаа өнгөртөл хүлээгээд, дахин дуут сумаар өөрийн хайрт эхнэрүүдийн нэгийг харважээ. Түүний баруун, зүүнд байгсдын зарим нь нэлээд айж, харваж зүрхлээгүй бөгөөд тэр дахин тэдний толгойг авав. Хэсэг хугацаа өнгөрч, Модун ан авд гарч явжээ. Тэр дуут сумаар шаньюйн сайн морьдын нэгийг харвав. [Түүний] баруун, зүүнд байсан бүгд түүнийг харважээ. Тэгэхэд Модун өөрийн баруун, зүүнд байгсдыг [зорилгодоо] хэрэглэх боломжтой боллоо гэдгийг мэдэв. Тэр өөрийн эцгийн ан ав дээр шаньюй Түмэнгийн хажууд явсан ба дуут сумаар Түмэнг харважээ. Түүний баруун, зүүнд байсан бүгд дуут сумыг даган Түмэнг харваж алав. Тэд түүний хойд эх болон бага дүүг хоюуланг нь, тэр байтугай хамт явсан, захирагдаагүй зарим чухал түшмэдийг хороожээ. Үүний дараа Модун өөрөө сууринд сууж, шаньюй болсон.
Өмнөх тодорхойгүй |
Хүннүгийн шаньюй НТӨ 220 оны орчим? - 209 |
Дараах Модун шаньюй |