Jump to content

Алп Күтлүк хаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Күтлүг хаан-с чиглүүлэгдэв)

Алп Күтлүк (?-808) бол Уйгурын хаант улсын 7-р хаан, Эдиз овгийн хаанчлалыг эхлүүлсэн анхны хүн юм. Тэрээр өмнөх хаадын Тан улстай харилцаж байсан бодлогыг зогсоохдоо, Тан улстай бүх харилцаагаа таслав. Түүний хаанчлалын сүүлийн жилүүдэд буюу 806 оноос Тан улс, Уйгур улсын харилцаа эргэн сэргэжээ. Харин өмнөх хоёр хааны үед алдсан баруун зүгийн газрыг 803 онд цэргийн хүчээр дайрч, Турфан, Долоон голын хөндий, Таримын баян бүрдүүдийг Харлуг улсаас буцаан Уйгур улст нэгтгэж чадсан. Таримын баян бүрдүүдэд Уйгурын засаглал дахин дэмжлэг олж, алба татварын хэрүүл маргааныг намжааж зохицуулсан ба энэ нь Хар балгасны бичигт хөшөөнд өгүүлснээр «Хаан албат иргэддээ хүн бүхэн өөр өөрийн ажлаа хийхийг» даалгасан байна.[1] Туркестан дахь Түрэгийн манихейн бүлэглэлүүд дахин Орду балык төвтэй хаадын дэмжлэг туслалцаа, засаглалыг хүлээн авлаа. Таримын сав газрын хотуудад Уйгурын хааны ойр төрлийнхөн засаглах болов. Тухайлбал, тэдний нэгэн болох Яглакар Инал Чинанчкендэд (Кочо, Турфан) төр барьж, өөр бусад ах дүү нар нь Карашарт засаглав. Ингэснээр Уйгур улсын баруун хил нь Ферганы хөндий, Сырдарьяа мөрөн хүрч, худалдааны гол замыг хяналтдаа авсан байна.

Холбоотой өгүүлэл

[засварлах | кодоор засварлах]
Өмнөх
Фэнчэн хаан
Уйгурын хаан
795-808
Дараах
Бао-и хаан
  1. Монгол улсын түүх. УБ., 2003 он. Тэргүүн боть. т.338.