Jump to content

Леонид Гайдай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Леонид Гайдай
Леонид Гайдай
Төрсөн(1923-01-30)1 сарын 30, 1923
Нас барсан11 сарын 19, 1993(1993-11-19) (70 насалсан)
Орос, Москва
АжилНайруулагч, кино зохиолч

Леонид Гайдай (орос. Леони́д Ио́вич Гайда́й; 1923 оны 1-р сарын 30-нд төрсөн - 1993 оны 11-р сарын 19-нд нас барсан) -Зөвлөлтийн болон оросын кино найруулагч, кино зохиолч бөгөөд жүжигчин. ЗХУ-ын Ардын жүжигчин цол 1989 онд хүртсэн.

Леонид Гайдай Зөвлөлтийн хамгийн алдартай, нэр хүндтэй кино найруулагчдын нэг. Түүний ихэнх кинонууд нь сонгодог бүтээл болж, олон удаа иш татагдсан байдаг бөгөөд үүнд "Ы ажиллагаа ба Шурикийн адал явдал", "Кавказад болсон үйл явдал, эсвэл Шурикийн шинэ адал явдал", "Очир эрдэнэсийн гар", "12 сандал", "Иван Васильевич мэргэжлээ өөрчилсөн", "Энэ байж болохгүй!" зэрэг багтдаг.

Леонид Гайдай 1923 оны 1-р сарын 30-нд ЗХУ-ын Амур мужийн Свободный хотод төрсөн. Түүний эцэг Иов Исидорович Гайдай (1886–1965) Полтава мужийн боолчуудын гаралтай хүн байсан. 1906 онд түүнийг Социалист хувьсгалт намыг байгуулсан хэргээр баривчилж, олон удаа шоронд хоригдсоны дараа 22 настайд нь Алс Дорнод руу Амурын төмөр замын барилгын ажилд илгээжээ. Түүний эх Мария Ивановна Любимова Рязань мужаас гаралтай байв. Тэдний гэр бүл нь гурван хүүхэдтэй байсан бөгөөд Леонид хамгийн отгон нь байжээ.

1923 оны зун гэр бүл нь Чита руу, дараа нь Эрхүү хот руу нүүж, төмөр замын буудлын ойролцоох Глазково хотын захад амьдарч байжээ.

Леонид Гайдай, 1941 он, Эрхүү хот

Тэрээр Эрхүүгийн Төмөр Замын 42-р дунд сургуульд (одоогийн Оросын Төмөр Замын 14-р Лицей) суралцаж, 1941 оны 6-р сарын 20-нд төгссөн. Төгсөөд хоёр хоногийн дараа буюу 1941 оны 6-р сарын 22-нд тэрээр Улаан армид сайн дураараа элсэх өргөдөл өгсөн боловч татгалзсан хариу авсан. Тэрээр тухайн үед нүүлгэн шилжүүлсэн Москвагийн Хошин шогийн театрын тоглолт болж байсан Эрхүүгийн Драмын Театрт тайзны ажилтнаар ажилд орсон. Тэрээр бүх тоглолтыг үзэж, аялан тоглолтоор дагаж явсан гэдэг.

Тэрээр 1941 оны намар цэрэгт татагдан анх Монголд алба хааж, дараа нь Калинины фронт руу дивизийн хуурай цэргийн тагнуулын ангид Улаан армийн цэрэг болж илгээгдсэн. 1942 оны 12-р сарын 14-нд довтолгооны ажиллагааны үеэр түүнийг "Цэргийн гавьяаны төлөө" медалиар шагнуулж байжээ. 1943 оны 3-р сарын 20-нд ахлах түрүүч Гайдай тагнуул хийж байхдаа мина дээр дэлбэрч, хүнд шархадаж, эмнэлгийн батальонд илгээгдсэн байна. Удаан эмчлүүлсэний эцэст 1944 оны 1-р сард 2-р зэргийн хөгжлийн бэрхшээлтэй групп тогтоолгосон. Тэрээр Эрхүү руу буцаж ирээд Ддрамын театрт ажиллаж, театрын студид суралцаж эхэлсэн байна.

1947 онд тэрээр Эрхүүгийн бүсийн драмын театрын театрын студи төгсөж, жүжигчин, гэрэлтүүлгийн техникчээр ажиллаж байжээ.

1949-1955 онд тэрээр Москвад Бүх Холбоотын Кино урлагийн дээд сургууль /ВГИК/ -ийн найруулагчийн ангид суралцжээ.

1955 оноос Мосфильм кино студид найруулагчаар ажиллаж эхэлжээ.

1965 онд найруулагч 3 кино дараалан гаргаж, улс даяар алдартай болсон. Гурван богино хэмжээний киноноос бүрдсэн "Ы ажиллагаа ба Шурикийн адал явдал" инээдмийн кино 1965 оны кассын орлогоор тэргүүн байр эзэлсэн бол "Кавказ дахь адал явдал, эсвэл Шурикийн шинэ адал явдал" (1967) болон "Очир эрдэнсийн гар" (1968) кинонууд Зөвлөлтийн хамгийн өндөр орлоготой таван киноны тоонд багтжээ (тус тус дөрөв, гуравдугаар байр).

Леонид Гайдай кинонуудынхаа зохиолыг өөрөө бичдэг байсан бөгөөд Гайдайн кино инээдмийн олон хэллэг нь хүмүүсийн дунд тархаж тогтсон хэллэг болжээ.