Jump to content

Ломе

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ломе (франц. Lomé) —Африкийн Того улсын засаг захиргаа, аж үйлдвэрийн төв, гол боомт бөгөөд 840 мянга орчим хүн амтай нийслэл хот юм.

Ломе хот

Энэ хотыг 18-р зуунд Эве хэмээх ард түмэн байгуулжээ. 1882 онд ах дүү Чику, Октавиану Олимпиу нар Ломе хотод худалдааны компанийг байгуулж (тухайн үед Бэй Бич тосгон) худалдааны чухал төв болжээ.

1884 онд энэ хотыг Германчууд эзлэн Тоголанд (герман. Togoland) колонийн нэг хэсэг болжээ. 1897 онд Германы колонийн засаг захиргаа Ломе руу нүүж, хот нь колонийн худалдаа, тээврийн төв болжээ.

1904 онд Ломе хотод анхны усан онгоцны боомтын зогсоол баригдсан. Хотын хуучин хэсэгт колоничлолын хэв маягаар барьсан байшин, сүмүүд өнөө хүртэл хадгалагдан үлджээ.

1905 онд Ломе хотод Тоголандын анхны төмөр замын нэгэн өртөө баригджээ.

1914 онд Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Францын армид элзлэгдсэн. Дайн дууссаны дараа Франц улс Үндэстнүүдийн Лигийн дагуу Тогогийн зүүн хэсгийг удирдах мандат авчээ. Улмаар Францын Тогогийн нэг хэсэг болж 20-р зууны хоёрдугаар хагаст хот эрчимтэй хөгжиж эхэлсэн. 1950 онд явуулсан хүн амын тооллогоор хотын хүн ам 30 мянган хүн байжээ. 1960 онд Того улс тусгаар тогтнолоо олж, тэр үед хүн ам нь 80 мянгад хүрсэн Ломе хот тус улсын нийслэл болсон түүхтэй.

Ломе хот бол Того улсын улс төрийн төв бөгөөд тус улсын ерөнхийлөгч, засгийн газар, хууль тогтоох байгууллага болох Үндэсний ассамблейн ордон, яамдууд зэрэг төрийн байгууллагууд байрладаг байна.