Мазаалай (хиймэл дагуул)
Мазаалай нь КубСат хэлбэрийн, Монголоос гаргасан анхны хиймэл дагуул. 2017 оны 6 сарын 3-нд SpaceX компанийн Олон Улсын Сансрын Станц руух CRS-11 нислэгээр хөөргөсөн бөгөөд 2017 оны 7 сарын 7-нд Сансрын Станцын робот гараар шидэгдэж, дэлхийн тойрог замд оржээ. Зураг авах, дуу авиа явуулах функцтэй байсан ба төслийн гол зорилго нь GPS, агаарын нягтын хэмжилт, сансрын туяаны чиглэлээр туршилт хийх байв. 2019 оны 5 сарын 11-нд дэлхий рүү буцаж унаснаар төсөл дуусчээ.
Мазаалай хиймэл дагуулыг Монгол Улсын Их Сургуулийн гурван судлаач Японы Кюүшүгийн Технологийн Их Сургуулийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу Япон, Гана, Нигери, Бангладешийн судлаачидтай хамтарч бүтээжээ.
Хэдийгээр 2017 оны эхээр "Мазаалай"-гаас өмнө MongolSat-1 хэмээх хиймэл дагуул хөөрсөн нь хэвлэл мэдээгээр "Монголын анхны хиймэл дагуул" гэж нийтлэгдсэн ч энэ нь монголчуудын оролцоогүй, брэндингийн нэршил байсан билээ.