Jump to content

Ману цааз хууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ману цааз хууль” (Ману-смрити (санскр. मनुस्मृति, manusmṛti -гэж мөн нэрэлдэг, англи. The Laws of Manu, «Манава-дхармашастра» (санскр. मानवधर्मशास्त्र) - Эртний Энэтхэгийн шашин, ёс зүйн талаарх эрх зүй хууль цаазны санскрит хэлээр бичсэн баримт бичгийн цуглуулга. Маурьев болон Шунга Эзэнт гүрнүүдийг уналтын дараа нийгмийн эмх замбараагүй байдал үүссэн үеэр бичигдсэн гэж үздэг. Германы судлаач Иоахан Георг Бюхлер (герм. Johann Georg Bühler, 1837—1898) энэ дурсгал бичиг цаг хугацааны хувьд МЭӨ II зуунаас МЭ II зууны хооронд, судлаач Пандуранг Ваман Канэ  МЭӨ II зуунаас МЭ I зууны хооронд, харин энэтхэгийн эрдэмтэн К. П. Жаясвала МЭӨ 150-120 онуудын үед гарсан гэж илүү нарийн тодотгон үзсэн байдаг. “Ману цааз хууль” нь эртний Энэтхэгийн улс төр, социологи, эрх зүй, олон улсын харилцааны эрх зүйн түүхийн томоохон дурсгал мөн.

"Ману цааз хууль”-ийг өөрийн цаг үедээ мөрдөж байгаагүй хууль цааз хэмээн зарим эрдэмтэд үзэж байгаа юм. Тухайлбал өгүүлэн буй үед хойд болон өмнөд Энэтхэгт вайшнавизм болон шиваизм хэмээх шажнууд хүчтэй байсны дээр “Артха-шастри” бүтээлийг зохиогч мэргэн Чанакья Манугийн цааз, хуулийн талаар огтоос дурьдаагүй байдаг.  Цааз хуулийг анхлан шинжлэх ухааны үндэстэйгээр судлах оролдлогыг Английн эрдэмтэн, Энэтхэг судлалыг үндэслэгч, орчуулагч Сэр Уильям Жонс (англи. Sir William Jones) хийж 1794 онд санскрит хэлнээс англи хэл рүү анх хөрвүүлж хэвлүүлсэн байна. Түүнээс хойш Г.Бюхлер болон А. К. Бернелла и Э. У. Хопкинс нар англи хэл рүү чансаатай орчуулсан гэж судлаачид үзсэн. Орос хэл рүү анх 1913 онд С.Д.Эльманович орчуулан Петербург хотод хэвлүүлж байжээ.

Энэтхэгийн судлаач Др.Сурендра Кумар "Манугийн цааз хуул"-ийн нийт 2685 зүйлийн 1214 нь эрт үеийнх бөгөөд үлдэх 1471 зүйл нь сүүлд нэмж оруулсан гэж томоохон дүгнэлт хийсэн байна. Учир нь тэрээр дээдсийн доод шатны төлөөлөл болох "судрик" болон эмэгтэйчүүдийг шүүмжилсэн зүйлүүд сүүлд МЭ 7 дугаар зуунаас өмнө нэмэгдсэн гэж нотолжээ. Харин далитуудын удирдагч Бхимрао Рамжи АмбедкарRevolution and Counter-Revolution in India” бүтээлдээ Манугийн цааз, хуулийг мэргэн ухаантан Махариши Бхригу бичсэн гэж үзсэн байна.

Дипломат харилцааны тухай

[засварлах | кодоор засварлах]

Эртний Энэтхэгийн гүн ухаан мэргэдийн сургаал дээр суурилдаг байсан. Дипломат ёсыг ч энэ өнцгөөс харж болно. Дипломат төлөөлөгчийн газрын амжилт нь үүнээс хамаардаг дипломат хүний ​​хувийн чанарт анхаарлаа хандуулдаг байна.

Ману цааз хуулийн дагуу дипломат харилцааны урлаг нь дайнаас урьдчилан сэргийлэх, энх тайвныг бэхжүүлэх чадварт оршдог. “Энх тайван ба түүний эсрэг талын [дайн] элчин сайдуудаас шалтгаалдаг, учир нь тэд л холбоотон болгож эсвэл хэрүүл үүсгэж чаддаг байна. Тэдний эрх мэдэлд хаадын хооронд энх тайван эсвэл дайн дажин бий болдог".

Дипломат хүн гадаадын удирдагчдын санаа зорилго, төлөвлөгөөний талаар бүрэн эрхт эзэндээ мэдэгддэг. Тиймээс тэрээр төрийг заналхийлж буй аюулаас хамгаалдаг. Иймд дипломат хүн бол ухаан саруул, иж бүрэн боловсролтой, хүмүүсийг өөртөө татах чадвартай байх ёстой. Тэрээр гадаадын тусгаар тогтносон улсуудын төлөвлөгөөг үг, үйлдлээрээ төдийгүй дохио зангаа, нүүрний хувирлаар хүртэл таних чадвартай байх ёстой гэжээ. Төрийн тэргүүнд дипломат хүнийг олон нэр дэвшигчээс сонгож, болгоомжтой томилохыг зөвлөж байна. Дипломат хүн бол нэр хүндтэй насны, ажилдаа үнэнч, үнэнч шударга, чадварлаг, ой тогтоолт сайтай, эелдэг зан ааштай, зоригтой, уран яруу, “үйл ажиллагааны хаана, хэзээ гэдгийг мэддэг” байх ёстой. Олон улсын амьдралын хамгийн хэцүү асуудлуудыг юуны түрүүнд дипломат арга замаар шийдвэрлэх ёстой. Хүч түрэмгийлэл хоёрдугаарт ордог.

Эдгээр нь Ману хуулийн дипломат ёс ба дипломатын үүргийн талаархи үндсэн сургаал заалтууд юм.

Манугийн цааз хуулийн бүтэц

[засварлах | кодоор засварлах]

Ману-смрити” буюу “Манугийн цааз хууль” нь эртний санскрит хэл дээр бичигдсэн 12 бүлэг, 2685 зүйл (шүлэг)-ээс бүрддэг байна:

  • I бүлэгт -ертөнц дахин, хүний нийгэм, язгуур, давхарга (варн)-уудын үүслийн тухай төсөөллийг бичиглэсэн байна:
  • II бүлэгт -сурч боловсрох үеийн амьдралын дүрэм журам:
  • III-IV бүлэгүүдэд -гэр бүлийн амьдралд хамаарал бүхий дүрэм журам:
  • V бүлэгт -шашны зарим нэг хэм хэмжээ:
  • VI бүлэгт -амьдрагч хүний аж төрөх ёс:
  • VII бүлэгт -төрийн удирдлага, хааны үүргийн тухай сургамж:
  • VIII бүлэгт -шүүн таслах үйл ажиллагааны тухай:
  • IX-X бүлэгт -гэр бүлийн харилцаа, ял зэм, варнуудын эрх, үүргийн тухай:
  • XI бүлэгт -чивэлт үйлээс гэтлэх хийгээд хэрхэн сахил, санваар хүртэх тухай:
  • XII бүлэгт -амьдралдаа хийсэн муу үйлээс болж амирласан хойно ирэх үйлийн үрийн тухай тус бүр өгүүлсэн байна.


МАНУГИЙН ЦААЗ ХУУЛЬ

Тэргүүн бүлэг

81. Ертөнц дахиныг амар амгалан болгохын тулд тэрээр (Брахма) өөрийн ам, мутар, өвдөг, тавхай тэргүүтнээс  бярман, кшатрья, вайшия, шудр нарыг бүтээжээ.

87. Бүхний дээд тэрээр энэ ертөнцийг хадгалж үлдэхийн тулд ам, мутар, өвдөг, тавхай тэргүүтнээс бий бологчдод хийх ажлуудыг нь тогтоож өгчээ.

88. Тэрээр (Ведийг) судлах, сургах, өөрийнхөө болон өрөөл бусдын төлөө тахил өргөх, (хишиг) түгээх, хүртээх тэргүүтнийг бярмануудад тогтоож өгөв.

89. Албат иргэнээ хамгаалах, (хишиг) түгээх, тахил өргөх, (Ведийг) судлах, зугаа цэнгэлд үл автах тэргүүтнийг тэрээр кшатрья нарт зарлиглав.

90. Хонь маллах тэрчлэн (хишиг) түгээх, тахил өргөх, (Ведийг) судлах, худалдаа, арилжаа явуулах, мөнгө хүүлэх, газар тариалан эрхлэх тэргүүтнийг вайшия нарт оноов.

91. Эзэн шудр нарт ганцхан үүрэг оноосон нь-дээд варнууддаа хүлцэнгүйгээр захирагдах явдал болно.

96. Ертөнцийн бүх юмсын дотроос адгуус амьтан, адгуус амьтдын дундаас оюун ухаант амьтан, оюун ухаант амьтдын дундаас хүн, хүний дотроос бярман эрхэм дээд нь болно.

97. Дхармууд (нийгмийн байр суурьт нь нийцүүлсэн хүний үйл ажиллагааны дүрэм, журам)-ын ариун дэглэмийг хадгалахын тулд төрсөн бярман бүх адгуус амьтдын эзэн агаад ертөнцийн дээд төрөлтөн мөн.

100. Ертөнцөд оршин буй бүх зүйлс-бярманы өмч мөн: давуу эрхтэй төрсөн учраас тэр бүх зүйлсийн эзэн мөн.

102. Түүний эрх, үүргийг тодотгохын тулд дээд эзнээс бошго авсан мэргэн Ману бээр энэхүү шастри (үйл ажиллагааны бүх хүрээнд хамаарал бүхий дүрэм, сургаалийн цоморлиг)-ийг зохиосон болно.

107. Энэүү журамд дөрвөн варнын аж төрөх ёсыг заахын сац буянт хийгээд чивэлт үйлийн мөнхийн дүрмийг өгүүлсэн болно.

Тэргүүн дэд бүлэг

12. Дахин төрөгсөд анхлан эр, эм бололцохдоо өөрийн варны (эмийг) авах: сэтгэл нийлсэн эм авахаар болсон ч өөрийн (варны) эмийг тоох ёстой.

13. Шудр эрд шудр эм, вайшия эрд (шудр эмээс) гадна өөрийн варны эм, кшатрии эрд (дорд хоёр эмээс) гадна өөрийн (варны эм), бярман эрд (дорд гурван эмээс) гадна өөрийн (варны эм) байна.

14. Нэг ч шастирт брахман буюу кшатрии эрийн шудр эмийг дурдаж үл болно.

17. Шудр эмийг өргөгч бярман тамд унах буюу: түүнээс төрсөн хөвүүн бярман болох заяагүй буюу.

51. Ухаалаг эцэг хүн өчүүхэн ашгаар охиноо бус хүнд худалдаж үл болно: учир юун хэмээвээс ашиг горилогч ховдог хүн удмаа бузарлагч чивэлт хүн буюу.

55. Эм хүн өөрийн эцэг, ах, эр хүн тэрчлэн хадамдаа сайн бүгдийг хүсэн ерөөхийн ялдар хүндэтгэж явах учиртай.

56. Эмэгтэй хүнийг хүндлэх газарт бурхад баясах агаад хаана тэднийг үл хүндлэнэ, тэнд сүсэг бишрэл үл оршино.

Дөтгөөр бүлэг

138. Таагүй үнэн, таатай худал зүйлийг бүү өгүүл, зөвхөн таатай хийгээд үнэн зүйлийг өгүүл-энэ бол мөнхийн дхарм мөн.

256. Бүх зүйлс үгээр тодорхойлогдож, үгэнд суурилж, үгнээс бүтнэ: хэн үг, яриа хуумгай байна, тэр үйлс бүтээл хуумгай болно.

Долдугаар бүлэг

2. Агуу гэгээрэлд хүрсэн кшатрья нар энэ ертөнцийг хамгаалах учиртай хэмээн Ведид өгүүлжээ.

3.Учир юун хэмээвээс дээрээ эзэнгүй, айдас, хүйдэст автсан үед хүмүүст зориулан эзэн энэ (ертөнцийг) хамгаалуулахын тулд эзэн хааныг бүтээжээ.  

13.... Хаан хүний хүмүүсийн хүсэл зоригт нийцүүлэн тогтоосон дхармыг, ард иргэдэд тааламжгүй дхарм байсан ч хэн ч зөрчиж үл болно.

14. Үүний учир ертөнцийн их эзэн Брахмагийн дүр, дхармын (биелэл), бүх амьд амьтадыг авран хамгаалагч, өөрийн хөвүүн-ГЭСГЭЭЛ-ийг цогцлоожээ.

15. Агуу ГЭСГЭЭЛ-ийн өмнө айн сүрдэх ертөнцийн бүх амьтад ашиг тусыг хичээж, (дхармууд)-ад бишрэн шүтэх болно.

16. (Гэмт үйл) гарсан цаг, газар орон, түүнийгээ ухамсарлаж буй байдал, түвшин зэргийг сайтар харгалзан үзсэний эцэст зүй бусаар явагч бус хүнд (ял зэм) оноох хэрэгтэй.

18. ГЭСГЭЭЛ бүхнийг захирч, өмгөөлөн хамгаалахын ялдар соргог, саруулаар орших: ГЭСГЭЭЛ  драхмын биелэл хэмээн мэргэд айлдах аж.

20. Хэрэв хаан эзэн гэмтнийг гэсгээж, гавъяатныг сайшаахгүй аваас хэв хууль алдагдан, загс мэт хүчтэй нэг нь хүчгүй нэгнээ эзэрхийлэх болно....

48. Цуйгай үг тараах, хүчирхийлэх, итгэл эвдэх, үтээрхэх, самуун залхай байх, бус хүний эд агуурст халдах, үгээр дайрч доромжлох тэргүүтэн нь-нүглийг өдөөх найман (муу үйл) мөн.

111. Ухаан самуурч улсаа зүдээх хааныг төрөл төрөгсдийнх нь хамт нэн даруй егүүтгэ.

Наймдугаар бүлэг

1. Хэрэв хаан хүн шүүн таслах ажиллагаанд оролцох хүсэл буй аваас мэргэн брахман, туршлага бүхий зөвлөхийг шадарлан оролцож болно.

147. Хэрэв оорцог хүний эдийг арван жил зохисоор ашигласан бол түүнийг эргүүлэн эзэнд буцаах учиргүй.

163. Ухаан мунхаг хийгээд балчир нялхс, эмс охид, өтөл зөнөг, дорд боол тэргүүтний үйлдсэн хэлцэл үнэн бус буюу.

164. Хэрэв дхарм зөрчиж байгуулсан аваас оорцог хүний үүсгэсэн алив хэлцэл (бичгээр үйлдсэн аливаа бичиг, баримт) үнэн үгүй болно.

165. Хуурмаглан зальхайлсан эдийг үтэр түргэн хураан авах буюу.

168. Бус хүний эдийг хүч барин залхайлан авах эс бөгөөс хуурмаглан авах нь хүний ёсонд үл нийцнэ.

195. Хэрэв (хэн нэгэн) гэрчгүй бус хүнээс авсан, бус хүнд өгсөн зүйлийг хүчингүйд тооцно.

199. Хөрөнгөгүй хүн бусдад бэлэг өгвөл шүүх түүнийг хүчингүйд тооцно.

201. Хэн хүн гэрчийн дэргэд ямар нэгэн зүйл худалдан авсан бол түүнийг тухайн зүйлийн хууль ёсны өмчлөгч гэж үзнэ.

203. Бус хүнийг залилан хамаа бусаар тодорхойгүй (эд) худалдахыг хориглоно.

215. Өвдөөгүй хэрнээ ичгүүргүйгээр оногдсон ажлаа эс биелүүлсэн хөлсний хүнд торгууль оноох.... ба хөлс төлж үл болно.

216. Хэрэв тэр хүн өвдөөд илаарь болсны эцэст оногдсон (ажлаа) хийсний сүүлээр урьд тогтсон хөлсөө авч болно.

222. Хэрэв хэн нэгэн бус хүний гэрчгүйгээр эд зүйл худалдан авах буюу бусдад бэлэглээд түүндээ гэмших аваас арав хоногийн дотор буцааж болно.

267. Брахман хараан зүхсэн кшатрийг зуун (панаар) торгох; вайшия бол– хоёр (зуун панаар), харин шудр хүнд хүнд ял тулгана.

268. Кшатрии хүнийг гутаах брахманыг тавин (панаар) торгох; вайшия хүн бол– хорин таваар; шудр хүн бол –арван хоёр панаар торгоно.

270. Хоёр удаа төрөгсдийг хүндээр дайрч доромжилсон нэг удаа төрөгсөд /өөрөөр хэлбэл шудр: “хоёр удаа төрөгсөд” гэдэгт дээд гурван варны хүнийг нэрлэнэ/-ийг хэлийг нь огтлох ялаар шийтгэ.

279. Дээд хүндээ халдсан дорд хүнийг мэргэн Манугийн зарлигласнаар тасчин алах ялаар шийтгэ...

286. Хүн, амьтны биед хохирол учруулах зорилгоор халдсан хэнд ч болов учруулсан хохиролтой нь тэнцэх торгууль оноох хэрэгтэй.

288. Санаатай болон санамсаргүйгээр хүний хөрөнгө гэмтээсэн хэн хүнд- учирсан (хохиролтой) тэнцэх (торгууль) ноогдуулах буюу.

302. Хаан хүн хулгай дээрмийг номхотгоход хичээн зүтгэвэл зохиолтой: ингэснээр түүний алдар хүнд өсөн нэмэгдэж улс орон амаржих болно.

323. Жирэмсэн эмийг гутаах, үнэт эрдэнэ хулгуйлах (гэмт хүнийг) үхэх ялаар шийтгэ.

345. Бусдад хүч хэрэглэн талагч хүнийг хулгай тэргүүтэн хамаг хилэнц үйлдэгчийн тэргүүн хэмээн үзэж хүндээр гэсгээтүгэй.

349. Өөрийгөө өмгөөлөх хүний амь бусниулагчийг эм хүн, брахман, цаг бусыг үзэгчийн гэр бүл хамгаалах аваас ял тулгахгүй байж болно.

352. Бусдын эмийг тачаадан хүсэгч хүнийг үлдэн хөөх тэргүүтэн ял зэм оноох буюу.

353. Учир юун хэмээвээс (шалиглан завхайрах) нь варн хоорондоо уусахад хүргэх агаад энэ нь удам тасарч, бүгд гайтах адхарм (үүсэх) шалтгаан ажгуу.

359. Бус хүнийг шалиглан гутаах брахман бус хүнд үхэх ял оноох: бүх варнын эмүүд хамгаалагдсан байх ёстой.

364. Хүсэл зоригоос ангид охин хүүхдийг гутаах бус хүнд ял тулгаж болох ч гутаагдсан охин үл таашаах аваас ял тулгахгүй байж болно.

366. Дээд хүнтэй садарлах дорд хүнийг үхэх ялаар шийтгэх: зиндаа нэгтэйгээ садарлах хүнийг эцэг нь зөвшөөх аваас үтэр эр, эм болгогтүн.

371. Өөрийн язгуур угсаа, эрхэм чанараа гутааж, эрээ солигч эмийг хаан хүн олны газар нохойд тасчуулж үхэх ялаар шийтгэх буюу.

379. Бярман хүнийг үхэх ялаар шийтгэж үл болох: бусад варныг үхэх ялаар шийтгэж болно.

381. Бярманы амь таслах шиг чивэлт үйл энэ ертөнцөд үгүй учир хаан хүн хүртэл түүний амь таслах бодол үүсгэхээс  цээрлэ.

415. Шалтаглан эзэрхийлэгдэх, өрөнд унах, дорд хүний гэрт мэндлэх, бус хүнд арилжигдах, соёрхогдох, өвлөгдөх, гэсгээл хүртэх тэргүүтэн нь боол болох долоон зүйл мөн.

416. Эм хүн, балчир нялхас, дорд боол гурав-өмч хүртэж үл болно: энэ гурав өөрсдөө өмч мөн.

417. Бярман хүн шурд хүний хөрөнгийг булаан авч болох агаад учир нь шудр хүн гэгч өөрөө хувь хөрөнгө эзэмших эрхгүй эд агуурс ажгуу.

Есдүгээр бүлэг

2. Өдөр, шөнийн аль ч үед эм хүн өөрийн эрдээ үйлчлэх учиртай, тиймээс эм хүн ямагт өөрийн хүсэл зоригийг хязгаарлаж байх ёстой.

3. Эм хүн балчир насандаа эцгийн, залуу насандаа эр хүнийхээ, өтөл насандаа үр хүүхдийхээ хамгаалалд байна: эм хүн хэзээ ч толгой дааж амьдрах учиргүй.

46. Эм хүн эрдээ хаягдах, эс бөгөөс  (эр нь) бус хүнд худалдсан нь түүнийг чөлөөлөхөд огт нөлөөлөхгүй: үүнийг бид дхарм хэмээн нэрлэж байна.

77. Эр хүн өөрийн эмийн гэрлэх насыг хүлээж болох ба харин гэрлэх насанд хүрсэн хойно нь түүнийг бус хүнд соёрхож хамтын амьдралаа отголж болно.

80. Хэрэв авсан эм нь самуун цэнгэлд дуртай, мунхаглан явагч, хэрүүл, тэмцэлд дурлагч, эрүүл бус, үрэлгэн нэгэн байх аваас түүнийг төрхөмд нь буцааж болно.

81. Хэрэв авсан эм чинь хүүхэд үл төрүүлэх аваас найман жилийн дараа, хэрэв төрүүлсэн үр нь ухаан мулгуй байх аваас есөн жилийн дараа, хэрэв дандаа охин үр төрүүлэх аваас арван нэгэн жилийн дараа, хэрэв авсан эм чинь хэрцгий, хэдэр аваас нэн даруй төрхөмд нь буцаах хэрэгтэй.

101. “Энэ насаа жаргатал харилцан итгэлээ сахих” нь- эр, эм бололцогсдын мөнхийн үнэн дхарм мөн.

104. Эцэг, эхээ таалал барсны эцэст үлдсэн хойчис өмчөө зааглах нь зүй билээ: гэвч их, багын ялгаа байхыг сана.

108. Хүний (ахмад) нь багаа эцгийн ёсоор энрэн хайрлах хийгээд балчир, нялхас нь ахмадаа үр нь мэт хүндэтгэн харьцах учиртай.

148. Хэвэл нэгт эгч дүүсдээ өөрийн хөрөнгөний дөрөвний нэгийг хувь болгон хүртээ: харин эс авагсадыг эзний ивээлд даатга (юу ч битгий өг).

185. Үр хүүхэд бүхий хүмүүний хөрөнгийг мөнхүү үр хойчис нь өвлөх: үр хойчисгүй хүмүүний хөрөнгийг ах дүүс нь хувь болгох учиртай.

189. (Таалал барсан) Бярманы хөрөнгийг хаан хүн эзгүйчлэн хураах ёсгүй: харин бусад варны (бус хүний хөрөнгийг) (залгамжлах хүн) үгүй бол хаан хүн дайчлан авах эрхтэй.

270. Бусдын эс өгснийг авсан нь тогтоогдоогүй  хүмүүнийг шудрага эзэн үл гэсгээх: харин завшаалан эс өгснийг авсан хүмүүнийг нэн даруй гэсгээтүгэй.

273 Мөнхийн дхармаар аж төрөх хүмүүн зарлиг, цаазыг зүдээх аваас (алив) гэмтний нэгэн адил гэсгээл хүртэх учиртай.

276. Харуй бүрийг завшаалан бус хүний (гэр нэвтлэн) эс өгснийг авсан бол түүний хоёр гарыг тас чавчих хэрэгтэй.

277. Эхний удаа бусдын эс өгснийг авсан тохиолдолд хоёр хурууг нь таслах, дахин бусдын эс өгснийг авбаас хөл, гарыг нь огтлох, гурав дахиа эс өгснийг авбал егүүтгэх ёстой.

323. Бярмангүй кшатрии үл шалгарах, кшатригүй бярман үл орших: хамтдаа тэд энэ ертөнцийг цогцлоох. Ведийг судлах гэгээн, тунгалаг бярманд шүтэх нь шудр хүний дээд дхарм мөн.

Аравдугаар бүлэг

4. Бярман, кшатрья, вайшия нар – дахин төрөх гурван варн, харин дөрөв дэх – шудр нь – ганц удаа төрдөг болно.

58. Хэрцгий, жигшүүрт, харгис үйл хийхийн сац тогтоосон зарлигаас гадуур аж төрөх нь-энэ ертөнцөд мэндлэгч самуун хүний шинж мөн.

63. Бус хүнд хор үл хүргэх, чигч шударгуу байх, бусдын өгөөгүйг үл авах, олны өмнө биеэ бодох, самуун үйлд үл автах нь—дээд эзэн Манугийн зарлигласан дөрвөн варнын мөнхийн дхарм мөн.

79. Кшатрья нарын аж төрөх хэлбэр нь нум, саадаг, сэлэм агсах, вайшья нарынх худалдаа, арилжаа эрхлэх, мал маллах, газар тариалан эрхлэх, харин  (бярман нарынх) сургах, судлах, тахил өргөх явдал болно.  

115. Өв залгамжлах, олж авах, худалдан авах, булааж авах, өрөндөө авах, ажлаа чин шудрагаар хийж олж авах, буянтнаас хишиг хүртэх замаар олж авах гэсэн хөрөнгө цуглуулах долоон хууль ёсны арга байдаг.

117. Бярман, кшатрья нарт (мөнгө) хүүтэй зээлдүүлж үл болно: гэхдээ хэрэв хүсэх аваас дхармд  (нийцүүлэн) бага зэргийн хүүтэй мөнгө зээлдүүлж болно.   

130. Эдгээр дөрвөн варны дхарм мөнхөд орших болно: түүнийг чин сүжгээр гүйцэтгэх нь дээд буянт үйлс мөн.

Гадад орнуудад дэлгэрсэн тухай

[засварлах | кодоор засварлах]

Австралийн эрдэмтэн Энтони Рид Ману хуулиуд буюу Дхармашастра "Бирм (Мьянмар) - Вареру Дхамматхат, Сиам (Тайланд), Камбож, Жава-Бали (Индонез) зэрэг улсуудад хаадын заавал дагаж мөрдөх ёстой байгалийн дэг жаягийн баримт бичгүүдийг маш их хүндэтгэдэг хадгалаж иржээ. Тэдгээрийг Бирм, Сиам хэл дээрх эх бичвэрийг чанд дагаж мөрдөж, Жава (Индонез) дахь орон нутгийн хэрэгцээнд дасан зохицох илүү хүчтэй хандлагатай, хуулбарлан, орчуулж, орон нутгийн хууль тогтоомжид оруулсан" гэж үздэг. Гэсэн хэдий ч Дундад зууны үеийн эх бичвэрүүд болон Зүүн өмнөд Ази дахь Манусмрити гар бичмэлүүд нь Британийн Энэтхэгт анх хэрэглэгдэж байсан "бэлтгэл" хувилбараас тэс өөр байсан юм. Зүүн өмнөд Азийн ард түмний эрх зүйн бичвэрийн түүхэн үндэс болсон Манусмритигийн үүрэг маш чухал байсан гэж Австралийн эрх зүй судлаач профессор М.Хукер (M.B. Hooker) үздэг байна.

Орчуулга, хэвлэлүүд

[засварлах | кодоор засварлах]
  • Манугийн институт Сэр Уильям Жонс (1794). Эхний санскрит хэлнээс англи хэл рүү орчуулагдсан.
  • Manu-гийн ёслолууд (1884) AC Burnell-ээр эхэлсэн ба Лондонд хэвлэгдсэн профессор Эв Хопкинс дуусгасан байна.
  • Профессор Жорж Бөрлерийн зүүн хэсгийн ариун номууд (1886 он).
  • Профессор Г.Старнигийн Францын орчуулга Les Lois de Manou, 1884 онд "Annales du Musée Guimet" хэмээх номыг хэвлүүлэв.
  • Manu (Penguin Classics) тухай хуулиуд орчуулсан Wendy Doniger, Emile Zola (1991)
    • Ganganath Jha, Manusmriti with the Commentary of Medhatithi, 1920, ISBN 8120811550
    • J. I. Shastri (ed.), Manusmriti with Kullukabhatta Commentary (1972–1974), reprinted by Motilal Banarsidass, ISBN 978-8120807662.
    • Pranjivan Harihar Pandya (ed.), Manusmriti; With a commentary called Manvarth Muktavali by Kullooka Bhatt, Bombay, 1913.
    • Ramacandra Varma Shastri, Manusmr̥ti: Bhāratīya ācāra-saṃhitā kā viśvakośa, Śāśvata Sāhitya Prakāśana, 1997.[ISBN missing]
    • The Institutes of Hindu Law: Or, The Ordinances of Manu, Calcutta: Sewell & Debrett, 1796.