Манхэттены төсөл
Манхэттэн төсөл (англи. Manhattan Project) 1942 оны 8-р сарын 13-нд албан ёсоор эхэлсэн АНУ-ын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн нууц нэр юм. Анх 1939 оноос эхлэн “Ураны хороо” (S-1 Uranium Committee)-д уг судалгааг хийж байжээ. Энэхүү төсөлд АНУ, Их Британи, Герман, Канадын эрдэмтэд оролцсон байна.
Манхэттены төслийн хүрээнд 3 цөмийн бөмбөг хийсэн байна. Үүнд: 1. плутоны «Гажет» (Gadget) (1945 оны 7-р сарын 16-нд анхны цөмийн бөмбөгийн туршилтаар дэлбэлсэн), 2. ураны «Жаал хүү» (Little Boy) (1945 оны 8-р сарын 6-нд Хирошима хот дээр хаясан бөмбөг), 3. плутоны «Тарган хүн» (Fat Man) (1945 оны 8-р сарын 9-нд Нагасаки хот дээр хаясан бөмбөг).
Энэхүү төслийг Америкийн физикч Жулиус Роберт Оппенхаймер (англи. Julius Robert Oppenheimer, 1904—1967), генерал Лесли Ричард Гровс (англи. Leslie Richard Groves; 1896—1970) нар удирдсан байна. Шинээр байгуулагдсан бүтцийг нууцлахын тулд АНУ-ын армийн цэргийн инженерийн хүчний бүрэлдэхүүнд Манхэттэн инженерийн анги байгуулж, хурандаа Лесли Гровсод бригадын генерал цол олгож тус ангийн командлагчаар томилсон байна.
Манхэттэний төсөлд ойролцоогоор 130,000 хүн хамрагдан ажилласан бөгөөд ойролцоогоор 2 тэрбум доллар (1996 онд 22,5 тэрбум доллар) зарцуулсан байна.
Дэлхийн хамгийн шилдэг эрдэмтдийн оюун ухаан, АНУ-ын үйлдвэрлэлийн асар их хүчин чадал нь дэлхий дээрх анхны цөмийн зэвсгийг гурван жил хүрэхгүй хугацаанд бүтээсэн юм.
Манхэттэний төслийн маш ихэд нууцалсан боловч "атомын тагнуулууд" их хэмжээний техникийн мэдээллийг ЗХУ-д дамжуулж өгсөн бөгөөд энэ нь Зөвлөлт Холбоот Улс цөмийн бөмбөг бүтээхдээ ашигласан байдаг.