Jump to content

Матенадаран

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Матенадаран мүзей-хүрээлэн

Матенадара́н (армени. Մատենադարան) буюу Месроп Маштоцын нэрэмжит эртний гар бичмэлүүдийн Мүзей-хүрээлэн (армени. Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտ) Ереван хот дахь тус судалгааны төв нь дэлхийн хамгийн том эртний гар бичмэлүүдтэй бөгөөд эртний Арменийн гар бичмэлийн хамгийн том цуглуулга агуулдаг байна. Тус хүрээлэн нь зочдод нээлттэй мүзейтэй ажээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

"Матенадаран" гэдэг нь армени хэлээр "гар бичмэлийг агуулах газар" гэсэн утгатай үг юм. Матенадаран хүрээлэнг 1920 онд үндэсний болгосон Эчмиадзин хийдийн гар бичмэлийн цуглуулгын үндсэн дээр байгуулжээ. Энэхүү цуглуулгыг бүтээх ажлын эхлэл нь 5-р зуунаас эхэлсэн бөгөөд Армян бичгийн хэлний цагаан толгойг бүтээгч Месроп Маштоц-той (361-440 орчим) холбоотой юм. 5-р зуунд Эчмиадзин сүмд номын сан байсан тухай Армяны тэр үеийн түүхч, ламтан Лазар Парпеци мэдээлсэн байдаг.

1892 онд цуглуулгад 3158 гар бичмэл, 1897 онд - 3338, 1906 онд - 3788, 1913 онд - 4060 гар бичмэл тус тус байсан байна.

Эчмиадзин Матенадараныг 1929 оны 12-р сарын 17-нд улсын өмч гэж зарласан бөгөөд 1939 онд гар бичмэлүүдийн цуглуулгыг Эчмиадзинээс Ереван руу нүүлгэн зөөвөрлөсөн байна. Орчин үеийн Матенадараны барилгыг 1959 онд архитектор Марк Григоряны зургийн төслөөр барьсан. 1984 онд Матенадаран эртний гар бичмэлүүдийн цуглуулгын ерөнхий бүртгэл каталогийн эхний боть хэвлэгдсэн байна.

Сан хөмрөг[засварлах | кодоор засварлах]

2015 оны байдлаар Матенадаран санд 17 мянга гаруй эртний гар бичмэл, 100 мянга гаруй эртний архивын баримт бичиг бий. Энд Арменийн гар бичмэл (11230 бүрэн, 2200 ширхэг)-ээс гадна орос, еврей, латин, араб, сири, грек, гүрж, энэтхэг, япон, перс, азербайжан болон бусад хэл дээрх 3000 гаруй гар бичмэл хадгалагдаж байна. Мүзейн цуглуулгад эрт хэвлэгдсэн (1800 оноос өмнөх) 2281 ном байдаг. Одоогийн байдлаар цуглуулга өссөөр байна - Европ, АНУ гэх мэт Арменийн гадаадад оршин суугчдын төлөөлөл түүнийг аривжуулахад чухал хувь нэмэр оруулж байгаа ажээ.