Мижиддоржийн Гонгор
Гонгор 1981 оноос Залуу техникчдийн ордны Нисэх загварын дугуйланд орж хичээллэснээр спортын гараагаа эхлэжээ. Нисэх загварын спортын F2B, F2D, F3A, RCC ангиллуудаар хичээллэж байснаас чөлөөт нислэгийн F1B ангиллаар хичээллэж байна. Гонгор нь Улсын аварга, Тивийн аварга, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнүүдэд үзүүлсэн нислэгийн оноогоороо эхний гуравт шалгарч 2011 оноос хойш Монгол Улсын Нисэх загварын спортын шигшээ багийн гишүүн болж 2011 онд Аргентинд, 2013 онд Франц улсад зохион байгуулагдсан Чөлөөт нислэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2012 онд Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2014 онд Ази Номхон далайн орнуудын тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож байсан юм. Гонгор нь Монголын нисэх загварын спортын нийгэмлэгийн 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014 оны “ШИЛДЭГ ТАМИРЧИН”, 2013, 2014 оны Улаанбаатар хотын аварга, 2013, 2014 оны Монгол Улсын аварга, 2014, 2015 оны “Монголын цом” тэмцээн, 2014 оны Ази Номхон далайн орнуудын тэмцээнд оролцож шагналт байр эзэлж байсан. Гонгор 2015 оны 7-р сарын 27-оос 8-р сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдсан Нисэх загварын спортын Чөлөөт нислэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Резинэн хөдөлгүүрт F1B ангилалд 1-р байранд оржээ.