Михаил Жванецкий
Михаил Михайлович Жванецкий (эцгиийнэх нь жинхэнэ нэр—Маньевич; 1934 оны 3-р сарын 6-нд ЗХУ-ын Зөвлөлт Украины Одесса хотод төрсөн—2020 оны 11-р сарын 6-нд ОХУ-ын Москва хотод нас барсан) —зөвлөлтийн, оросын шог зохиолч, өөрийнхөө зохиолыг уншигч, кино зохиолч, телевизийн нэвтрүүлэг хөтлөгч; 2012 оны ОХУ-ын Ардын жүжигчин, 1999 оны Украины Ардын жүжигчин.
1988—2020 онуудад Москва хотын миниатюрын театрын уран сайханы удирдагч, 1990—2020 онд Дэлхийн одессчудын Клубын Ерөнхийлөгч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1934 оны 3-р сарын 6-нд Одесса хотод эмч Маня Мошкович (Эммануил Моисеевич) Жванецкий (1892- 1957) болон чихрийн үйлдвэрийн эдийн засагч Раиса Яковлевна Жванецкая (1907-?) нарын гэр бүлд төрсөн. Тэрээр Украины Виница мужийн Томашполь сууринд эцэг нь дүүргийн эмнэлгийн мэс заслын эмч, ерөнхий эмч, ээж нь шүдний эмчээр ажилладаг байсан учраас Миша хүү тэнд өссөн байна. Аугаа их эх орны дайн эхлэхэд эцэг нь 3-р зэргийн цэргийн эмчээр цэрэгт татагдаж 1942 онд "Улаан од" одонгоор шагнуулж байжээ.
1941 онд Михаил Жванецкий эхийнхээ хамт Ташкент хот руу шилжиж тэнд дунд сургуульд сурчээ. 1945 онд Одесса хотыг чөлөөлсний дараа гэр бүл нь буцаж ирээд эрэгтэй хүүхдийн 118-р дунд сургуульд үргэлжлүүлэн сурч төгссөн байна.
1956 онд Одессын Тэнгисийн инженерүүдийн дээд сургуулийг боомтын өргөх, тээврийн хэрэгслийн механик инженер мэргэжлээр төгссөн. Суралцах хугацаандаа комсомолын зохион байгуулагч байж гимнастикаар хичээллэж тэмцээнд оролцож байсан ажээ. Дээд сургуулиа төгсөөд Одесса боомтод ажиллаж байсан. Оюутан байхдаа тэрээр сонирхогчдын тоглолтод оролцож, бяцхан зохиол, монолог бичиж эхэлсэн бөгөөд түүнийгээ оюутны театрт тоглодог байжээ.
1964 онд алдарт Аркадий Райкин түүнийг театртаа уран зохиолын хэлтсийн даргаар урьсан байна.
Жванецкийтэй хамт А.Райкин 1969 онд "Гэрлэн дохио" хөтөлбөрийг тавьсан бөгөөд Жванецкийн "Авас", "Ховор бараа", "Технологийн эрин үе" хэмээх бяцхан бүтээлүүдийг анх Райкин тоглож амжилт олж байсан юм.
Цаг хугацаа өнгөрөхөд Жванецкий Райкины тоглосон олон зохиолын зохиогч байсан тул өөрийн концертоо өөрөө өгч эхлэв. Райкин ийм бие даасан байдлыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд 1970 онд Жванецкийг ажлаас нь халсан юм. Түүний араас Карцев, Ильченко нар ажлаасаа явсан. Тэд өөрсдийн "Одессын миниатюр театр"-ыг байгуулжээ.
1988 онд Москва хотын миниатюр театрын уран сайханы удирдагч болсон.
Михаил Жванецкий бол хамгийн алдартай хошин шогийн зохиолчдын нэг байв. Тэрээр өөрийн уран бүтээлээр бие даасан тоглолт, концертын хөтөлбөрүүдийг тоглодог байсан. Түүний бүтээлд фельетон, реприс, бяцхан зохиол, монологууд багтдаг байв.