Монгол газрын тос боловсруулах үйлдвэр
| Аж үйлдвэрийн салбар | Газрын тос, Нефть-химийн аж үйлдвэр |
|---|---|
| Байгуулагдсан | 2017 он |
| Төв байр | , |
Удирдах хүмүүс | Д.Алтанцэцэг (Гүйцэтгэх захирал) |
| Вэб сайт | mongolrefinery |
Монгол Улсын Засгийн газар 2016-2020, 2020-2024, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зорилт дэвшүүлж, Засгийн газрын 2017 оны 59 дүгээр тогтоолоор Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий “Газрын тос боловсруулах үйлдвэр (ГТБҮ) барих” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь 2017 оны 4 дүгээр сард Засгийн газрын 2017 оны 92 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 108 дугаар тогтоолоор байгуулагдсан. Засгийн газрын 2018 оны 323 дугаар тогтоолоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэгчээр УУХҮЯ-ыг тогтоож байсан бөгөөд Засгийн газрын 2023 оны 82 дугаар тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийг тогтоосон.
Компанийн эрх барих дээд байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл юм.
КОМПАНИЙН УДИРДЛАГЫН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
[засварлах | кодоор засварлах]“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн дүрэмд Төлөөлөн удирдах зөвлөлийг төрийн төлөөллийг хэрэгжүүлэгч гишүүн, хараат бус 4 гишүүн, нийт 9 гишүүнтэй байхаар тусгасан.
Төлөөлөн удирдах зөвлөлийн алба хороод:
- Аудитын хороо
- Нэр дэвшүүлэх хороо
- Цалин урамшууллын хороо
ТУЗ-ийн гишүүд
- Б.Гэрлээ ТУЗ-ийн дарга, “Эрдэнэс Монгол” ХХК, Хууль, эрхзүйн газрын ахлах менежер
- Ч.ХИШИГДАЛАЙ Төрийн төлөөллийг хэрэгжүүлэгч гишүүн. АҮЭБЯ-ны Газрын тосны газрын дарга
- П.САРАНГЭРЭЛ Төрийн төлөөллийг хэрэгжүүлэгч гишүүн. ЗГХЭГ, Хүний нөөцийн хэлтсийн дарга
- Б.ДАШПҮРЭВ Төрийн төлөөллийг хэрэгжүүлэгч гишүүн. АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
- Г.ОТГОНБАЯР Төрийн төлөөллийг хэрэгжүүлэгч гишүүн. Сангийн яамны Дотоод аудит, Хяналт шинжилгээний үнэлгээний хэлтсийн дарга
- Д.ИЛЧГЭРЭЛ Хараат бус гишүүн. ШУТИС, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн дэд профессор
- Б.ЗУНДУЙЖАМЦ Хараат бус гишүүн. “Залуусын оролцоо нийгмийн шинэчлэл” ТББ нарийн бичгийн дарга
- Ж.БАТТУЛГА Хараат бус гишүүн. ХААИС-ийн Хэрэглээний эдийн засгийн тэнхимийн эрхлэгч
- Б.ДАШРАВДАН Хараат бус гишүүн. "Дорнын түншлэл” бизнесийн зөвлөлийн судлаач
КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
[засварлах | кодоор засварлах]“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Түүхий тос дамжуулах хоолой, үйлдвэрийн гаднах дэд бүтцийн байгууламжууд, “Газрын тосны үйлдвэрийн хотхон” байгуулах төслүүдийг хэрэгжүүлж байна. Түүнээс гадна газрын тосны дээш урсгал болох хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлэхээр ажиллаж байна. “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийг үе шаттайгаар хэрэгжүүлж, төлөвлөлт, инженерчлэлээс бүтээн байгуулалтын үе шатанд 2021 онд шилжүүлж, эхний багц ажлыг 100 хувь дуусган 2024 онд Улсын комисст бүрэн хүлээлгэж өгөөд байна.
Алсын хараа
[засварлах | кодоор засварлах]Улс орны хөгжлийн хөдөлгөгч хүч, эдийн засгийн үндсэн тулгуурын нэг болох нефть-химийн аж үйлдвэрийг хөгжүүлнэ.
Эрхэм зорилго
[засварлах | кодоор засварлах]Эх орныхоо газрын тосыг боловсруулж, эдийн засгаа түлш шатахууны хараат байдлаас гарган орчин үеийн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах иж бүрэн төслийг амжилттай хэрэгжүүлнэ.
Үнэт зүйл
[засварлах | кодоор засварлах]- Өндөр боловсрол, мэдлэг, ур чадвартай үндэсний мэргэжилтнүүд
- Ёс зүйтэй, хариуцлагатай, бүтээлч сэтгэлгээтэй хамт олон
- Байгаль дэлхийгээ хайрлаж, аюулгүй ажиллагааг эрхэмлэгч байгууллага
- Үндэсний эрх ашгийг дээдлэгч, эх оронч сэтгэлтэй бүтээгчид
ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ МЭДЭЭЛЭЛ
[засварлах | кодоор засварлах]2017 он
- Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импортын банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. - Монгол улсын Засгийн газар болон БНЭУ-ын ЭКСИМ банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийг УИХ-аас соёрхон баталсан. - Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК байгуулагдсан.
2018 он
- Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарсан. - Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авсан.
2019 он
- Дорноговь аймгийн Сайншанд хотод 550 айлын орон сууцны “Газрын тосны үйлдвэрийн хотхон” байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. - “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитед” компанитай Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан. - Газрын тос боловсруулах үйлдвэрийн гадна дэд бүтэц болох 27 км төмөр зам, 18 км авто зам, 18,6 км ЦДАШ-ыг ашиглалтад хүлээн авсан. - Монгол улсын Засгийн газар, БНЭУ-ын ЭКСИМ банк хооронд нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр болох 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулагдав.
2020 он
- “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК Үйлдвэрийн Технологийн бус барилга байгууламжууд (EPC 01 багц ажил)-ын Ерөнхий гүйцэтгэгч БНЭУ-ын “Жэй Эм Си Прожектс Индиа” компанитай Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээ байгуулав. - ГТБҮ-ийн түүхий эдийг дамжуулах хоолойгоор тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарсан.
2021 он
УИХ-аас “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хуулийг баталсан.
2022 он
- Газрын тос боловсруулах үйлдвэрийн Гүн боловсруулалтын патенттай технологийн 7 байгууламжийн лиценз эзэмшигчдийг сонгон шалгаруулах тендер эцэслэгдэж, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК Францын “Axens”, Италийн “Kinetics Technology”, АНУ-ын “UOP Honeywell”, Нидерландын “Shell Global Solutions International” компаниудтай гэрээ байгуулсан. - “Монгол улсад газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” олон улсын тендерт шалгарсан БНХАУ-ын “Норинко интернэйшнл Кооперейшн” компанитай гэрээ байгуулсан. - Сайншанд хотод баригдаж буй “Газрын тосны үйлдвэрийн хотхон”-ы эхний ээлжийн орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан. - Төсөл хэрэгжүүлэгч компанийн санаачлагаар ШУТИС-д “Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл"-ийн бакалаврын анги шинээр нээж, тэтгэлэгтэй хөтөлбөр зарласан. - “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК БНЭУ-ын “Megha Engineering and Infrastructures Limited” компанитай Үйлдвэрийн Анхдагч болон дагалдах байгууламжууд (EPC 02 багц ажил), Үйлдвэрийн дулааны цахилгаан станц (EPC 03 багц ажил)-ын Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээг байгуулсан.
2023 он
- Үйлдвэрийн Анхдагч болон дагалдах байгууламжууд, Үйлдвэрийн ДЦС, Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралтын ажил эхэлсэн. - УУХҮЯ-ны Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөл ГТБҮ-ийн НТЭЗҮ-ийн тодотголыг хэлэлцэж, хүлээн авсан. - Монгол Улсын Засгийн газраас БНЭУ-ын талд нэмэлт зээлийн хүсэлтүүдийг хүргүүлсэн.
2024 он
- Газрын тос боловсруулах үйлдвэрийн Технологийн бус барилга байгууламжууд (EPC 01 багц ажил) бүх барилга байгууламжуудыг улсын комисс хүлээн авсан. - БНЭУ-ын Засгийн газар Монголын талаас тавьсан Нэмэлт зээлийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэв.
2025 он
- УИХ-аас Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсан. - “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, БНЭУ-ын “Megha Engineering and Infrastructure Limited” компани хооронд “Газрын тос боловсруулах үйлдвэр” байгуулах төслийн Лицензтэй технологийн байгууламжууд (EPC 04 багц ажил)-ын Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын гэрээг байгуулсан.
ГТБҮ-ийн үндсэн өгөгдөл
[засварлах | кодоор засварлах]- Хүчин чадал: Жилд 1,5 сая тн тос боловсруулах
- Үйлдвэрийн байршил: Дорноговь аймаг, Алтанширээ сум
- Боловсруулах тос: Тосон уул XIX & Тамсаг XXI талбайн тос
- Бүтээгдэхүүний чанар: MNS & EURO V
- Жилд ажиллах хугацаа: 8000 цаг
- Гүн боловсруулалтын технологи: Гидрокрекинг + Висбрекинг
- Эрчим хүчний эх үүсвэр: ДЦС 38 МВт
- Үйлдвэрээс гарах бүтээгдэхүүн (жилд):
| Шингэрүүлсэн шатдаг хий | Авто бензин | Дизель түлш | Онгоцны түлш | Зуухны түлш |
| 27 мянган тонн | 396 мянган тонн | 834 мянган тонн | 80 мянган тонн | 17 мянган тонн |
Төсөл хэрэгжүүлэх үе шат
[засварлах | кодоор засварлах]“ГТБҮ байгуулах төсөл”-ийн бүтээн байгуулалтыг дэд бүтцийн дараалал, барилга байгууламж тус бүрийн төвөгшил болон инженерчлэлийн ажилд зарцуулагдах хугацааг тооцсоны үндсэн дээр дараах 4 хэсэгт хуваан гүйцэтгэж байна.
- EPC 01: Технологийн бус барилга байгууламж
- EPC 02: Атмосферийн болон Вакуум нэрлэг, Ханасан хий ялгах байгууламж,дагалдах, туслах байгууламжууд
- EPC 03: Үйлдвэрийн Дулааны цахилгаан станц
- EPC 04: Лицензтэй технологийн байгууламжууд
(EPC - Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралт)
ГТБҮ-ийн бүтээн байгуулалтын Төслийн Менежментийн зөвлөх (ТМЗ)-өөр БНЭУ-ын төрийн өмчит “Engineers India Limited” компани, EPC 01 багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын “Kalpataru Projects International Limited” (JMC) компани, EPC 02, 03 ба 04 багц ажлуудын ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын “Megha Engineering & Infrastructure Limited” компани, Газрын тос дамжуулах хоолойн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Norinco International Limited” компани тус тус ажиллаж байгаа ба Инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлуудыг Испани улсын “Intecsa Industrial” S.A., Италийн “STF Termotechnica”, Их Британийн “Foster Wheeler”, БНЭУ-ын “Megha Engineering & Infrastructures Limited”, Канад улсын “Worley Parsons” зэрэг компаниуд гүйцэтгэж байна. Олон салбар дамнасан, цогц үйл ажиллагааг хамрах энэхүү томоохон төслийн инженерчлэлийн ажилд Энэтхэг, Итали, Франц, Герман, Их Британи, АНУ, Канад, Нидерланд, Испани, БНХАУ зэрэг 10 гаруй улс орны хэдэн зуу, мянган инженер, мэргэжилтнүүд оролцож байна.
Түүхий тос дамжуулах хоолой
[засварлах | кодоор засварлах]Түүхий тос болон газрын тосны бүтээгдэхүүнийг хамгийн хямд зардлаар, найдвартай тээвэрлэх хэрэгсэл нь Дамжуулах хоолой бөгөөд дэлхийн олон улс оронд хэрэглээнд нэвтрүүлээд 100 гаруй жил болж байна. ГТБҮ-ийн түүхий эдийг дамжуулах хоолойгоор тээвэрлэхийг Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 01-р сарын 06-ны хуралдаанаар шийдвэрлэсэн.
Улмаар ерөнхий гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг УУХҮЯ-наас зарлан БНХАУ-ын “Norinco International Cooperation” шалгарснаар 2022 оны 4-р сард гэрээ байгуулагдан барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.
Дорнод аймгийн Матад сум дахь газрын тосны олборлолтын талбайгаас Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь ГТБҮ хүртэл 530 км газар доорх шугам хоолой, халаах өргөх насос станцуудын барилга угсралтын ажил 2026 оны 1-р сарын байдлаар 89 хувийн гүйцэтгэлтэй байна.
Хоолойн нарийвчилсан зураг төсөл, инженерчлэлийн ажлыг Канад улсын "Worley Parsons" компани гүйцэтгэж, Италийн "Prometheus" компани хяналт тавьсан. Өдөр тутмын хяналтыг төсөл хэрэгжүүлэгч “МГТБҮ” ТӨХХК, Зохиогчийн хяналтын ажлыг Хятадын "Sinopec" компани гүйцэтгэж байна.
Үйлдвэрийн гаднах дэд бүтэц
[засварлах | кодоор засварлах]ГТБҮ-ийн барилга угсралтын ажилд шаардлагатай дэд бүтцийг барьж байгуулах үүргийг Монгол Улсын Засгийн газар хүлээсэн бөгөөд төмөр зам, авто зам, ЦДАШ-ыг барьж гүйцэтгэн 2019 онд ашиглалтад оруулсан.
Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн авто зам, салбар төмөр зам, “Хонгорын овоо” өртөө болон тэдгээр замуудын баталгаат хугацааны арчлалт хамгаалалт, засвар үйлчилгээ, Бор хөөвөрийн говийн усан хангамжийн барилга угсралт, дамжуулах хоолойн цахилгаан хангамж, өөрийн хэрэгцээний гүний худаг, үйлдвэрийн бараа материалын тээвэрлэлт, татан авалтыг зохион байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Газрын тосны үйлдвэрийн хотхон
[засварлах | кодоор засварлах]ГТБҮ-ийн барилга-угсралтын ажлын үед дотоод, гадаадын инженер, мэргэжилтнүүд, ажиллагсдыг байрлуулах ачааллын дийлэнх хувийг авч, орон нутагт ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлөөр хангах, ирээдүйд үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилчдыг орон сууцаар хангаж, нийгмийн асуудлыг давхар шийдвэрлэх зорилгоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК Дорноговь аймгийн Сайншанд хотын төвд 550 айлын орон сууцны хотхон байгуулах төслийг хэрэгжүүлж байна.
Өнгөрсөнд болсон томоохон үйл явдлын тойм
[засварлах | кодоор засварлах]2017 оны 9 сар: Газрын тос боловсруулах үйлдвэрийн Нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эхэлсэн.
2018 оны 11 сар: ГТБҮ-ийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авсан.
2019 оны 6 сар: ГТБҮ-ийн инженерчлэлийн ажлыг эхлүүлсэн.
2019 оны 7 сар: Үйлдвэрийн цахилгаан хангамжийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Сайншандын дэд станцын өргөтгөл, үйлдвэрийн дэд станцын барилга, угсралтын ажлыг дуусгаж 2019.07.04-ны өдөр Улсын комисс хүлээн авсан.
2019 оны 10 сар: ГТБҮ-ийн дэд бүтэц болох 27 км төмөр зам, 18 км авто зам, 18,6 км ЦДАШ-ыг ашиглалтад хүлээн авсан.
2020 оны 10 сар: “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК Үйлдвэрийн Технологийн бус байгууламж (EPC 01 багц ажил)-ийн Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНЭУ-ын “Жэй Эм Си Прожектс Индиа” компанитай Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээ байгуулсан.
2021 оны 1 сар: УИХ “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хуулийг баталсан.
2022 оны 1 сар: ГТБҮ-ийн Гүн боловсруулалтын патенттай технологийн 7 байгууламжийн лиценз эзэмшигчдийг сонгон шалгаруулах тендер эцэслэгдэж, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК шалгарсан компаниудтай гэрээ байгуулж дууссан. Үүнд:
• 2022.04.01 - Хүхэр ялгах байгууламж (SRU)-ийн лиценз эзэмшигчээр шалгарсан Бүгд Найрамдах Франц Улсын “Axens” компанитай,
• 2022.04.01 - Устөрөгч үйлдвэрлэх байгууламж (HGU)-ийн лиценз эзэмшигчээр шалгарсан Италийн “Kinetics Technology” компанитай,
• 2022.04.20 - Шингэрүүлсэн шатдаг хийг ялгах байгууламж (LPGTU)-ийн лиценз эзэмшигчээр шалгарсан АНУ-ын “UOP Honeywell” компанитай,
• 2022.04.21 - Дизелийн гидроцэвэрлэгээний байгууламж (DHDT)-ийн лиценз эзэмшигчээр шалгарсан АНУ-ын “UOP Honeywell” компанитай,
• 2022.05.10 - Бензин боловсруулах байгууламж (MS Block)-ийн лиценз эзэмшигчээр шалгарсан АНУ-ын “UOP Honeywell” компанитай,
• 2022.05.22 - Гидрокрекинг байгууламж (HCU)-ийн лиценз эзэмшигчээр шалгарсан АНУ-ын “UOP Honeywell” компанитай,
• 2022.06.10 - Висбрекинг байгууламж (VBU)-ийн лиценз эзэмшигчээр шалгарсан Голланд улсын “Shell Global Solutions International” компанитай тус тус гэрээ байгуулсан. Ингэснээр лицензтэй байгууламжуудын ерөнхий зураг төсөл, инженерчлэлийн багц ажил (BDEP)-уудыг эхлүүлэв.
2022 оны 4 сар: “Монгол улсад газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” олон улсын тендерт шалгарсан БНХАУ-ын “Норинко интернэйшнл Кооперейшн” компанитай гэрээ байгуулсан.
2022 оны 10 сар: “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК БНЭУ-ын “Megha Engineering and Infrastructures Limited” компанитай EPC 02, 03 багц ажлын Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын гэрээг байгуулсан.
2023 оны 4 сар: EPC 02, EPC 03, Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралтын ажил эхэлсэн.
2023 оны 7 сар.07: БНЭУ-ын Парламентын доод танхим Лок сабха-гийн тэргүүн Ом Бирла манай улсад айлчилж, төслийн үйл ажиллагаатай танилцав.
2023.09 сар: УУХҮЯ-ны Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөл ГТБҮ-ийн НТЭЗҮ-ийн тодотголыг хэлэлцэж, хүлээн авсан.
2024.11 сар: Үйлдвэрийн EPC 01 багц ажлын бүх барилга байгууламжуудыг улсын комисс хүлээлгэн өгч, ашиглалтад хүлээн авсан.
2025.01 сар: УИХ-аас Монгол Улсын Засгийн газар болон БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсан.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, БНЭУ-ын “Megha Engineering and Infrastructures Limited” компани хооронд ГТБҮ-ийн Лицензтэй технологийн байгууламжууд (EPC 04 багц ажил)-ын Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын гэрээг байгуулсан.