Монгол туургатан театр

“Монгол туургатан” театр -Төв аймгийн Зуунмод суманд байрлах Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэнгийн нэрэмжит театр.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Төв аймагт анхны клуб 1942 онд 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаад 1952 онд 350 хүний суудалтай Соёлын ордон, 1982 онд Хөгжимт драмын театр  болон өргөжин хөгжсөн түүхтэй.

1990 оноос “Дүнжингарав” театр, Театр, киноны хүрээлэн хэмээн нэрлэгдэж байгаад 2007 онд БСШУЯ-ны зөвшөөрөл, Төв аймгийн Засаг даргын  захирамжаар “Монгол туургатан” театр нэртэй 65 хүний орон тоотойгоор баталжээ.

2018 онд тус театр нь 800 хүний суудалтай, 7000 ам метр талбайтай, улсын төсвийн 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгө бүхий шинэ барилгатай болсон.

2022 оны байдлаар Театрын уран бүтээлчдийн 89.3 хувь нь дээд боловсролтой мэргэжлийн хүмүүсээр хангагдан Монгол улсын Гавъяат  цолтон 4, Соёлын тэргүүний ажилтан 17 хүн ажиллаж байна. Гадаад харилцаагаа өргөжүүлэн БНСУ, БНХАУ, Вьетнам улс, ОХУ-ын Буриад  улс-д аялан тоглолт хийж  байсан. 2011 онд  “Гэгээн туза-2010”  наадмаас 11 муза авч хөдөө орон нутгийн  театраас анх удаа  гран при шагналыг хүртсэн. Цаашид театрынхаа үйл  ажиллагааг  улам өргөжүүлэн орчин  үеийн театрын  чиг хандлагатай нийцүүлэн урлагийн олон төрөл хэлбэрээр шинэ бүтээл туурвих зорилго тавьж ажиллаж байна.

Төв аймаг, тус театрын тайзнаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Л.Цогзолмаа, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, “Зууны манлай” хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Төрийн шагналт, Ардын жүжигчин, “Зууны манлай” дуурийн дуучин Х.Уртнасан, Ардын жүжигчин З.Цэндээхүү, Д.Цэрэндулам, Ж.Данзан, О.Ганбаатар, Г.Мягмарнаран, А.Долгор, Монгол Улсын гавьяат жүжигчин, “Зууны манлай” эстрадын дуучин Б.Сарантуяа, Монгол Улсын гавьяат жүжигчин, М.И.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны тэргүүн байр, П.И.Чайковскийн нэрэмжит  олон улсын дуурийн дуулаачдын тэргүүн байр, Гран при шагнал, BBC Cardiff Singer of the World уралдааны тэргүүн шагнал хүртсэн, дэлхийн дуурийн шилдэг дуучин, Чингис хаан одонт Г.Ариунбаатар нарын зэрэг олон арван алдартан төрөн гарчээ.