Jump to content

Монетаризм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монетаризм бол гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ нь эдийн засгийн хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйл гэж үздэг макро эдийн засгийн онол юм. Неоклассик эдийн засгийн онолын гол чиглэлүүдийн нэг гэж үздэг байна. Орчин үеийн монетаризм нь 1950-иад онд мөнгөний эргэлтийн чиглэлээр эмпирик судалгааны цуврал хэлбэрээр гарч ирсэн. Монетаризмыг үндэслэгч нь 1976 онд Шведийн Үндсэний банкны Альфред Нобелийн дурсгалын эдийн засгийн шинжлэх ухааны шагнал хүртсэн Милтон Фридман юм. Гэсэн хэдий ч эдийн засгийн шинэ онолын нэрийг Карл Бруннер оноож өгсөн байна.

Товчоор хэлбэл Монетаризм бол гүйлгээнд байгаа мөнгөний нийлүүлэлт зах зээлийн эдийн засгийг тогтворжуулах, хөгжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг онол юм.

Монетаризмын урьтал үзэл

[засварлах | кодоор засварлах]

Үнийн өөрчлөлт нь мөнгөний нийлүүлэлтийн хэмжээнээс хамаардаг гэсэн ойлголт эдийн засгийн онолд эрт дээр үеэс орж ирсэн байдаг. Тиймээс 3-р зуунд эртний Ромын алдарт хуульч Юлий Паулус үүнийг тэмдэглэж байжээ. Хожим 1752 онд Английн гүн ухаантан Дэвид Хьюм (англи. David Hume; 1711—1776) “Мөнгөний тухай тэмдэглэл” бүтээлдээ мөнгөний хэмжээ болон инфляцийн хоорондын харилцан хамаарлыг судалсан байдаг. Хьюм мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь зах зээл дээрх мөнгөний хэмжээтэй анхны харьцаанд хүрэх хүртэл үнэ аажмаар өсдөг гэж үздэг байсан.

Неоклассик сургуулийн хүрээнд Ирвинг Фишер 1911 онд мөнгөний тоо хэмжээний онолыг өөрийн алдартай солилцооны тэгшитгэлдээ албан ёсны хэлбэрийг өгсөн байдаг: MV=PQ,

M— гүйлгээн байгаа мөнгөний хэмжээ,

V— гүйлгээнд буй мөнгөний эргэлтийн хурд,

P— үнийн түвшин,

Q— бодит үйлдвэрлэлийн хэмжээ.

Монетаризмын үүсэл

[засварлах | кодоор засварлах]

1951 онд М.Фридман АНУ-ын Эдийн засгийн судалгааны үндэсний товчоонд байхдаа бизнесийн мөчлөг дэх мөнгөний хүчин зүйлийг судлах төслийг удирдаж байжээ. Эрчимтэй судалгааны үр дүнд 1956 онд түүний "Мөнгөний тоо хэмжээний онол: шинэ хувилбар" хэмээх алдартай өгүүлэл хэвлэгджээ. 1963 онд тэрээр А.Шварцтай хамтран “АНУ-ын мөнгөний түүх, 1867-1960” хэмээх суурь бүтээлийг хэвлүүлсэн нь 1960-аад оны эдийн засгийн бодлогын талаарх хэлэлцүүлэгт асар их нөлөө үзүүлсэн байна.

1968 онд Фридманы "Монетаризм бодлогын үүрэг роль" нийтлэл хэвлэгдсэн нь эдийн засгийн шинжлэх ухааны дараагийн хөгжилд чухал нөлөө үзүүлсэн. 1995 онд Жэймс Тобин (англи. James Tobin; 1918—2002) энэ бүтээлээ "эдийн засгийн сэтгүүлд хэвлэгдсэн хамгийн чухал бүтээл" гэж нэрлэжээ. Энэхүү нийтлэл нь эдийн засгийн судалгааны шинэ чиглэл болох "оновчтой, үр ашигтай хүлээлтийн онол"-ын эхлэлийг тавьсан юм.

Милтон Фридманы Үзэл баримтлалын үндсэн ойлголтууд

[засварлах | кодоор засварлах]
  1. Эдийн засаг дахь төрийн зохицуулах үүрэг нь мөнгөний эргэлтийг хянах замаар хязгаарлагдах ёстой;
  2. Зах зээлийн эдийн засаг бол өөрөө өөрийгөө зохицуулах тогтолцоо юм. Пропорциональ бус байдал болон бусад эдийн засаг дахь сөрөг илрэлүүд нь зөвхөн төрийн хэт их оролцоотой холбоотой байдаг;
  3. Мөнгөний нийлүүлэлт нь хэрэглэгчид болон компаниудын илүү их зарцуулалтын хэмжээнд нөлөөлдөг. Мөнгөний нийлүүлэлт өсөх нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боловч хэт ихээр нийлүүлвэл үнэ, инфляцийн өсөлтөд хүргэдэг;
  4. Инфляцийг бүхий аргаар, тэр дундаа нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг ч танах замаар дарах ёстой;
  5. Мөнгөний өсөлтийн хурдыг тохируулахдаа мөнгөний нийлүүлэлтийн "механик" өсөлтийн дүрмийг баримтлах шаардлагатай бөгөөд энэ нь хоёр хүчин зүйлийг хянах ёстой болно: хүлээгдэж буй инфляцийн түвшин; нийгмийн бүтээгдэхүүний өсөлтийн хурд.
  6. Зах зээлийн эдийн засгийн өөрийгөө зохицуулдаг. Монетаристууд зах зээлийн эдийн засаг нь өөрөө тогтвортой байдал, өөрийгөө зохицуулахыг эрмэлздэг гэж үздэг. Хэрэв тэнцвэргүй байдал, зөрчил гарвал энэ нь юуны түрүүнд ямар нэгэн гадны хөндлөнгийн оролцооноос үүсдэг байна.
  7. Төрийн зохицуулагчдын тоог хамгийн бага хэмжээнд хүртэл буурдаг. Татвар, төсвийн зохицуулалтын үүргийг хасах эсвэл багасгасан байх ёстой.
  8. Эдийн засгийн амьдралд нөлөөлдөг гол зохицуулагч нь "мөнгөний импульс" буюу тогтмол зохих хэмжээнд мөнгө гаргах явдал юм. Монетаристууд мөнгөний тоо хэмжээний өөрчлөлт ба эдийн засгийн мөчлөгийн хөгжлийн хоорондын хамаарлыг онцолдог. Тэр дундаа мөнгөний хомсдол нь хямралд орох гол шалтгаан болдог. Үүний үндсэн дээр монетаристууд төр нь гүйлгээнд буй мөнгөний хэмжээг тогтмол нэмэгдүүлэн хангах ёстой гэж үздэг бөгөөд түүний хэмжээ нь нийгмийн бүтээгдэхүүний өсөлтийн хурдтай тохирч байх ёстой.
  9. Богино хугацааны мөнгөний бодлогоос татгалзах ёстой. Мөнгөний нийлүүлэлтийн өөрчлөлт нь эдийн засагт шууд тэр даруй нөлөөлдөггүй, харин тодорхой хугацааны дараа нөлөөлж эхэлдэг тул энэ үеэр богино хугацааны эдийн засгийн зохицуулалтын аргуудыг хэргэлэх ёстой.