Дэвид Хьюм

Философид учир шалтгааны асуудал хамгийн чухалд тооцогддог юмсын нэг. Энэ талаар сэтгэлгээний дээд өндөрлөгт хүрсэн хоёр суутны нэгд Шотландын философич, сэтгэл зүйч Хьюм (Hume) тооцогддог. Нөгөө нь түүнээс 700 гаруй жилийн өмнө аж төрж байсан лалын ертөнцийн сэтгэгч Аль-Газали аж. XVIII зуунд амьдарч асан Дэйвид Хьюм бол Шотландын нийслэл Эдинбург хотноо хуулийн ажил эрхэлдэг, ядуувтар тайжийн гэр бүлд төрсөн хүн. Декартын тухай өгүүллээс таны мэдэх болсон Ла-Флеш коллежид суралцаж төгссөн, мөн Эдинбургийн их сургуулийн боловсролтой гэдгээс цаашхи намтар нь хувь хүний тухай гэхээсээ илүү гүн ухаан түүх болно. Хьюм “учир шалтгаан” үзэгдэл, ойлголт болох талаас нь анх удаа, жинхэнэ ёсоор тууштай судалжээ. Түүний дүгнэлт гаргалгаа “шалтгаанчлал” хэмээх философид үндсэн ойлголтын хэмжээнд тавигдсан салбар болсон юм. Байгалийн үзэгдлүүдийн зайлшгүй уялдаа холбоог бид зөвхөн бодот жишээн дээр нээж харах аргагүй. Цаад шалтгааныг нь хайхаас өөр зам үгүй. Тэрхүү цаад шалтгаан гэдэг бол нэг үзэгдлийг нөгөө нь залгадгийг ажиглан суух хүний зуршлаас ургаж гарсан, цаг хугацааны хувьд арай хожуугийн үзэгдэл нь өмнө болсон үзэгдлээсээ хамаардаг юм байна гэж ухаарч авахаас илүү дээгүүр түвшин тавигдсан асуудал. Философийн гол бүтээл нь 1739 онд гарсан “Хүний уг чанарын тухай номлол” гэдэг ном бөгөөд “ Хүний танин мэдэхүйн тухай судалгаа” нэрээр эхний хэсгийг нь 1748 онд ахин боловсруулсан аж. Олон нийт бараг анзаараагүй өнгөрсөн уг зохиолын талаар Хьюм өөрөө: -Энэ номд өгүүлсэн философи бол аливаад үл итгэх байр сууринаас хандсан, бидэнд хүний танин мэдэхүй төгс бус, хязгаарлагдмал гэдэг төсөөллийг өгөхөөр чармайж буй философи юм гэдгийг уншигч хялбархан ойлгоно. Бараг бүх эргэцүүлэл нь туршлага дээр суурилсан, хүний зуршлаар үүдэгч өвөрмөц мэдрэмж хийгээд хурц төсөөллийн алтан дунджаар тайлбарлагдаж байгаа юм.. хэмээсэн буй. Хьюм уг бүтээлээрээ хүний оршихуйн сэтгэлзүйн үндсийг ултай судалсан бөгөөд орчин үеийн сэтгэцийн эмгэг судлал оношлогооны суурь болсон олон чухал нэр томъёог гаргаж тавьжээ. Түүнчлэн найруулан бичих чадвараар гайхалтай тэрээр Монтэниэс хойш анх удаа эсээг уран зохиолын төрөл болтол нь төгөлдөршлүүлсэн гавьяатай. Философийн аугаа их оргилуудын нэг Иммануил Кант: “Дэйвид Хьюм намайг догматк зүүднээс сэрээсэн” гэж онцгойлсон байдаг нь энд өгүүлэгдэж буй сэтгэгчийн зиндааг бүрнээ илтгэнэ. Харин Д. Макдональд, Эрнест Ренан нар: -Хьюм өөрөө Газалийн санаан дээр нэмж юу ч хийгээгүй, шалтгаанчлалын мөн чанарыг Газали л “Аливаа зүйлд шалтгаан ч, үр дагавар ч үгүй, нэг нь нөгөөгөө даган мөшгиж өрнөдөг” хэмээн нэгэнт дүгнэчихсэн гэж шүүмжилсэн байдаг.

Хьюмын шалтгаанчлалын сургаалууд[засварлах | кодоор засварлах]

Дүгнэлт, гаргалгаануудад нь гомдсон дүр үзүүлэгч тусгай урлаг, тусгай шинжлэх ухаан бүхний өмнө байнга л хүлцэл өчиж байх философийн хувьд нэг ёсны доромжлол юм. энэ чинь хаан хүн харьяат албатынхаа өмнө төрөөс урвасан хэмээн яллуулж байгаатай ижил байна. Орчлон ертөнцийн зүй тогтлын шалтгаанууд, магадгүй, зарим талаар хүний оюун ухаантай төстэй байх аа. Матери, сүнс хоёр адилхан л тодорхойгүй зүйлс. Аль нь ямар шинжтэйг бид тодорхойлж чадахгүй. Матери гээч нь... сэтгэлгээний шалтгаан байж чадах эсэхийг ч бид мэдэх боломжгүй. Ертөнцийн үүсэл, оюун санааны ертөнцийн зохион байгуулалт, сүнс хий үзэгдлийн хаанчлал зэрэг хүний ойлгох хэмжээнээс гадуурхи асуудлуудыг авч хэлэлцэх гэж оролдох юм бол, хүмүүс ямар ч үр дүнгүй маргалдаад л байхаас биш, тодорхой юунд ч хэзээ ч хүрэхгүй. Хүмүүм бол байгалиас заяагдсан мөн чанараа өөрчилж чадахааргүй амьтад шүү дээ. Учир шалтгаан гэгчид нэг л зүйл зайлшгүй. Түүнд үр дагавар байх ёстой. Бүх үзэгдэл, хараажаар, бие биеэсээ ангид тусдаа. Нэг үзэгдлийн гараас нөгөө нь залгана. Гэвч бид хэзээ ч тэдний хоорондын уялдаа хэлхээг ажиглаж чаддаггүй. Тэдгээр нь цөм нэгдмэл гэдэг нь тодорхой, гэвч өөр хоорондоо хэзээ ч холбоотой байдаггүй. Оюун ухааны бүтээлч хүч ердөө л гадаад мэдрэмж, туршлагын хүчээр бидэнд олдсон материалыг нэгтгэх, холих, ихэсгэх буюу багасгах чадвараар хязгаарлагддаг. Аливаа биет зүйл гэдэг нь мэдрэмжүүдийн маань төсөөллөөс өөр юу ч биш гэдгийг хүмүүс ажигладаггүй. Бидэнд үзэгдэж байгаа ширээ түүнээс холдох тусам хэмжээгээрээ жижигсээд байх шиг санагддаг. Гэвч биднээс хамааралгүй оршиж байгаа мөнөөх ширээ ер өөрчлөгдөөгүй: бидний сэтгэл зөвхөн дүрийг нь л тусгаж авсан хэрэг. Үржүүлэхийн, есийн хүрд дэх бүх үржвэрийн тоог хооронд нь нэмэхэд ямагт ес гардаг. 1x9=9 2x9=18 (1+8=9) 3x9=27 (2+7=9) 4x9=36 (3+6=9) 5x9=45 (4+5=9) 6x9=54 (5+4=9) 7x9=63 (6+3=9) 8x9=72 (7+2=9) 9x9=81 (8+1=9) Энгийн хүнд гайхалтай боловч тооны мэргэжилтэнд бол зайлшгүй үр дүн. Үүн шиг л зайлшгүйгээр бүх орчлонгийн мөн чанар зохицуулагддаг. Хүний дотоод тоон утга руу шагайвал мөн л ийм хатуу тогтсон журам үзэгдэх юм биш үү?

Өнөөдөр “учир шалтгааны” тухай асуудал Хьюмын үеийнхээс илүү өргөн дэлгэр болчихоогүй. Бүр эрт дээр үеийн нэгэн сонин түүх ч шалтгааны тухайд маргаан тарьсаар л байна. Тэр түүх ийм юм л даа:

Олимпийн тэмцээн дээр жад шидэгч санаандгүй хүн оноод хөнөөчихөж. Герегийн хурц ухаантнууд Перикл, Протагор хоёр энэ үйл явдалд хэн гэм буруутайг тогтоох гэж өдөржин маргалдсан гэдэг. Буруутан нь тэмцээн зохион  байгуулагч уу, жад шидэгч үү? Эсвэл гайтай жад уу? Гэхчэн...

Бас нэг толгой эргүүлсэн явдлыг танд сонирхуулья. Нэгэн аялагч цөл дундуур яваа автобуснаас сайн бураар бууж, цөлийг явган туулахаар шийджээ. Түүнд дайсагнасан эртний өстөн хоёр эр байж. Нэг нь мань жуулчныг автобусанд байхад л дашмагтай усанд нь цианы хүчил хийж, хордож үхэх аюул бэлдэв. Үүнийг мэдээгүй нөгөө өстөн нь цөлд отож байгаад маш мэргэнээр дашмагийг нь зад буудчихжээ. Ингээд хөөрхий аянчин усгүй цөлд маш удаанаар харангадаж үхсэн байна. Хожим нь хоёр эрийг хүн амины хэрэгт буруутган шүүж л дээ. Шүүх үнэхээр бэрх мухардалд орсон тул энэ хэрэг түүхэнд тэмдэглэгдсэн юм. Эхний хүний хордуулсан ус дашмагнаас асгарсан болохоор тэр өөрийгөө жуулчны үхэлд огт буруугүй гэж зүтгэжээ. Нөгөөх нь болохоор, усыг уусан бол тэгээд л үхчих байсан, харин ч би дашмагийг буудсанаараа талийгаачийн амьдрах хугацааг уртасгасан гэжээ. Эцсийн дүнд шүүх хэн хэнийх нь мэдүүлгийг зөвтгөсөн байдаг.

Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ?

Үнэхээр л шалтгаангүй үр дагавар гэж үгүй юм. Үр дагаваргүй шалтгаан гэж байдаг ч, энэ нь шалтгаан мөн хэдий ч, шалтгаан хэмээн нэрлэгдэхгүй! Бас үнэн хэрэгтээ үр дагавар дуудсан ч, тэр үр дагавар нь тэс өөр шалтгаанаас үүдсэн шалтгаанууд ч байдаг байх нь ээ. Хьюм санаа ийм л гайхалтай, бас мөнхийн философи билээ.


Хьюмын мэргэн үгсээс[засварлах | кодоор засварлах]

Бидний баатарлаг гавьяа гэж нэрлэдэг, сэтгэлийн аугаа гайхамшиг хэмээн шагшин магтдаг бүхээн бол бардам итгэлтэй зан, өөрийгөө хүндлэх үзлээс өөр юу ч биш.

Өөрийнхөө тухай удтал ярьж байгаа хүнээс сайрхуу зан гарахгүй өнгөрөх нь үгүй.

Эр зориг, нэр төрөө эрхэмлэх зан хоёрыг сайхан сэтгэлээр зөв тохируулж байхгүй бол, эдгээр чанар нь хүнийг дарангуйлагч, эсвэл дээрэмчин болгон хувиргана.

Хайр сэтгэл гэдэг нөгөө хүндээ аз жаргалыг хүсч буй явдал юм.

Өрөвдөх сэтгэлд ямагт хайр энхрийллийн хольц ордог. Харин хорсол зэвүүцэлд үзэн ядалт, уур хилэнгийн орц байдаг.

Иргэншсэн үндэстэн гүн ухаантнаа сонгохдоо алдаа гаргах нь олонтаа.

Бид аливаа хуурмаг явдал, хэлсэн үгэндээ хүрээгүй тохиолдлыг буруушаадаг шүү дээ. Учир юун гэвэл, хүмүүсийн хоорондын харьцааны утга амласнаа биелүүлэхээс л бүрэн хамаардаг гэж бид үздэг.

Байгалиас заяасан авьяас, ёс суртахууны чанар хоёр ерөнхийдөө нэг түвшинд оршдог ч, эдгээрийн хооронд бас нэлээд ялгаа бий. Эхнийх нь зохиомол үйлдлийн нөлөөгөөр бараг л өөрчлөгддөггүй. Тэгвэл хоёр дахь нь буюу үгүйдээ түүнээс урган гарч байгаа алхмууд нь шагнал шийтгэл, сайшаал зэмлэл гэх мэтээс шалтгаалан өөрчлөгддөг.

Бидэнд үнэхээр сайн чанарууд байгаа тохиолдолд өөрийн давуу талуудыг ухамсарлахаас илүү магтууштай юу байх сан билээ?

Амьдралыг оюун ухаан биш, дадал зуршил удирддаг. Харин бүхий л тохиолдолд дадал зуршил “Ирээдүй өнгөрсөнтэй тохирч байдаг” гэж төсөөлөхийг оюун ухаанд тулгадаг. Амьдралынх нь хэв шинж тохиолдлуудаас хэдий чинээ хамаарч байна, тэр хүн төдий чинээгээр мухар сүсэгт автана.

Хүмүүс бүхий л юмсыг өөртэйгөө адилтгах, эд юмсын шинж чанарыг зөвхөн өөрсдийн сайн мэдэх чанаруудаар л тодорхойлон дүрслэх дуртай байдаг.