Jump to content

Моононгийн Баяр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Моононгийн Баяр (Сэцэнхан аймгийн ачит бээсийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Булган суманд 1892 онд төрсөн- )- Монгол улсын төрийн зүтгэлтэн, 1924-1926 онд Улаанбаатар хотын анхны жинхэнэ захиргааны дарга.

Ард гаралтай, малчны хүү тэрээр бага наснаасаа бичиг үсэг сурч хошуу сумандаа бичээчийн ажил хийж байгаад Цэргийн яаманд алба хаасан байна.

1921 онд Цэргийн яамны гуравдугаар үүрт Хатанбаатар Магсаржав нарын хамт нэгэн өдөр МАХН-д гишүүнээр элссэн. 1926 оноос Хятадын Жанчхүүд хоршооны хэлтэст томилогдон ажиллаж байгаад дараа нь Дорнод аймгийн хоршооны 2 дугаар ангийн дарга, мөн гар үйлдвэрийн холбооны дарга, аймгийн яаманд аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байжээ.

1921 оны 8-р сарын 8-ны өдөр Монгол Ардын намын Төв Хороо, Ардын Түр Засгийн газар Нийслэл хүрээнд ирж, Засгийн эрхийг Ардын түр засгийн мэдэлд авч, Засгийн газрыг өргөтгөн байгуулж Богдын Засгийн газрыг татан буулгаснаас хойш Нийслэл хотын түр захиргаа байгуулах хүртэл Нийслэл хүрээний дотоод хэргийг Дотоод яам эрхэлж байжээ.

Улаанбаатар хотын анхны дарга. Монгол улсын Хотын Түр захиргааны дүрмийг 1924 оны 3-р сарын 7–нд Засгийн газрын хурлаар хэлэлцэн баталсан мөн оны 4-р сарын 9-ны өдөр Нийслэл хотын цаг зуурын хуралд сонгогдсон 45 гишүүнээс 36 нь Дотоод явдлын яамнаа хуралдаж зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн байна. Хотын Түр захиргааг 1924 оны 4-р сарын 16-наас орон тоог баталсан. Үүнд: Хотын түр захиргааг дарга 1, жинхэнэ бичээч 2, ажилчин 11, морьтой зарлага 2, гишүүн 3, нарийн бичгийн дарга 1 бүгд 20 орон тоотой, дөрвөн хэлтэстэйгээр байгуулжээ.

1924 оны 4-р сарын 30-нд олон хороодын захирагч дарга нар хотын хурлын гишүүдийн хурлаас хотын түр захиргааны даргаар гаалийн хороонд ажиллаж байсан Моононгийн Баярыг сонгон баталжээ. Улсын анхдугаар хурлын шийдвэрийн дагуу хотын түр захиргааг жинхэнэ захиргаа болгон өөрчилсөн байна. Мөн Анхдугаар их хурлын 14 дүгээр тогтоолоор Нийслэл хүрээг Улаанбаатар гэж нэрлэхээр тогтоосон байна.

1925 онд Улаанбаатар хотын жинхэнэ захиргааг хөдөлмөрчдийн хурлаас сонгон байгуулсан ажээ.