Муулихай

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Муулихай бол Чингис хааны эх өөр, эцэг нэгтэй дүү Бөх Бэлгүтэйн 12 дахь үеийн ач юм. XV зууны дунд үед Монгол улсын дотор Оннигуд аймгийн нэр нөлөөтэй байсан язгууртан юм.

Намтар[засварлах | edit source]

1451 онд "...Тайсун хааныг хорооход Муулан тайжийг Цэвдэн өөрийн зээ гэж эс хороолгов. Түүний хойно Цэвдэнгээс Муулан хааныг Гэмчигүдийн (Хиргис) Тагадар дайбу, Гурладын (Горлос) Хубчир Молатай тэр хоёр (авч) их улсын захад хүргэж хүнд өгөв. Тэр хүн нь Магулихай (Муулихай) ун-д хүргэв. Онигудын сайд Магулихай унг их улсын тө дээдэв (дэмжив). Чи хан ор суу гэв. Магулихай ун хэлсэн нь: Хан эзний минь үр үгүй биш, энэ бие хойд урд үл зохим гэж эс болж Магулихай ун, Муулан хаанд хүйст гоо морио унаа болгон унуулж, алтан очроо атгуулж, долоон настай байхад нь тахиа жил их хан ор суулгав..."[1]

Түүний хойно Ордосын Мөнх, Хада буха хоёр хатгах үг хэлж, Муулихай ун чамайг (Молон хааныг) Самандай хатандаа тэлж муу сэтгэнэм гэж хэлэв. Түүний урьд бид цэрэг мордъё гэж цэрэг мордов. Молон хаан цэргийн хүнийг үзээд Муулихай унд хэл хүргэв. Муулихай ун эс итгэж, цэргийн тоосыг үзэж мэдэв. "...Магулихай ун цэргээ хурааж, тэнгэрт сацал сацаж єчсєн нь: Дээр мөнх тэнгэр чи мэд. Дэд нь болох суут богд чи мэд. Урд чинь би сайн хийлээ. Үр чинь над муу сэтгэв гэж тэнгэрт мөргөв. Магулихай ун гурван зуун цэрэгтэй нуугдав..."[2]

"...Өөрийн монгол Заргучи нэрт дүүгээ эхлэн гурван дүү нарыг байлдуулан Муулан хааныг барьж, нохой жил Магулихай унгийн гарт тэнгэр болов. Борбугийн баян Үрмэгэрийг амьд барив. Бүгд алъя гэв. Муулан хааны өмнө хошуу одогч энэ билээ. Хааныхаа өмнө хошуу одсон сайн хүн, маны өмнө хошуу үл одох буюу гэж эс алав. Тавьсан хойно Үрмэгэр, шар ишт хутгаар хааны хүүрийн гадуур газрыг хэмжин зурж онхлов. Муулан хааны Мөнхөлдэй хатан гашуудан уйлав:

Хайран их төрийг минь эвдрүүлсэн Хамгийн эзэн хаанаас минь хагацуулсан Мөнх, Хада Буха хоёр, Бїтсэн их төрийг минь бүрэлгэсэн, Бүгдийн эзэн хаанаас минь хагацуулсан, Мөнх, Хада Буха хоёр..."[3]

1466 онд Молон хааныг хороосноос хойш тун удалгүй Хорчиний Өнөболд ванд ялагдаж, амиа алдсан. Энэ талаар 16-18 дугаар зууны түүхийн сурвалжид дурдсан байдаг. Ломигийн Монгол боржигид овгийн түүх номонд "...Бас Молон хааны учир хариу авъя хэмээн Муулихай ванг дайлуулаар Ойрад аймгийн Шэүсүтэйн хөвгүүн Өнэболдод цэрэг өгч илгээв. Муулихай ван мэдээд буруулан гарав. Өнэболд Хулст талд нэхэж гүйцээд, Муулихай вангийн хөвгүүн дүү нар 7 хүнийг алаад толгой огтолж гээв. Тэр газрыг Долоодын толгой хэмээн нэрлэжээ. Муулихай ван гагцаар бууруулж, Хөхүй Абаха завайд дов гэж суусныг Өнэболд эрж бариад алав..."[4] Мэргэн гэгээний Алтан товчид Хорчин аймгийн Өнөболд ван цэрэг авч, Молон хааныг алсан Муулихайгаас өсийг авч ах дүү 7 хүнийг хамтаар хороосон тухай дурдсан байдаг.

Эшлэл[засварлах | edit source]

  1. "Лувсанданзангийн Алтан товч" УБ., 2006. тайлбар зүүлт хийж, монгол бичгээс орчуулсан Ш.Чоймаа
  2. "Лувсанданзангийн Алтан товч" УБ., 2006. тайлбар зүүлт хийж, монгол бичгээс орчуулсан Ш.Чоймаа
  3. "Лувсанданзангийн Алтан товч" УБ., 2006. тайлбар зүүлт хийж, монгол бичгээс орчуулсан Ш.Чоймаа
  4. Ломи "Монгол боржигид овгийн түүх" УБ., 2006. тал 64