Jump to content

Нийслэл хүрээний сонин бичиг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

“Нийслэл хүрээний сонин бичиг”.

1915 оны 9 дүгээр сарын 1-нээс Хиагт дахь Монгол, Орос, Хятад гурван улсын гэрээ байгуулагдсаны дараа нийслэл Хүрээнд гарч эхэлсэн долоо хоног тутмын сонин бөгөөд урьд гарч байгаад гэнэт тасалдсан “Шинэ толь хэмээх бичиг”-ийн (үз) уламжлалыг залган авсан хэвлэл юм. Энэ сониныг “Шинэ толь хэмээх бичиг”-ийг гаргах үед Хаант Монголын Гадаад яам, Оросын консулын хооронд байгуулсан гэрээний дагуу Хаант Оросын төлөөний сайдын хэвлэлийн баазад түшиглэн гаргаж байсан боловч автономит Монголын аль нэг байгууллагын хэвлэл биш, улс орны гадаад, дотоод байдал, нийгэм-улс төрийн асуудлыг голлон нийтэлдэг, бие даасан, өөрийн бодол санаатай, баримталсан тодорхой байр суурьтай, улс төрийн чиглэлтэй сонин байв.

Ерөнхий агуулга

[засварлах | кодоор засварлах]

Нийслэл хүрээний сонин бичиг сонинд Монгол орны аж ахуй, эдийн засаг, соёлын асуудал, урлаг-утга зохиол, ёс суртахууны зэрэг асуудлыг тогтмол тусгадаг байснаараа улс орны дотоод амьдралыг харуулах хувьдаа “Шинэ толь”-иас арай өргөн хүрээтэй байжээ.

Нийслэл хүрээний сонин бичиг сонин нь улс орны амьдралыг нэлээд сайн тусгаж байсан бөгөөд мэдээ, нийтлэлийг төвийн яам газруудад байлгасан өөрийн төлөөлөгчид, Хиагт, Улиастай, Ховд, Вангийн хүрээ зэрэг газарт суулгасан өөрийн байнгын сурвалжлагчдаас, идэвхтэн бичигчдээс, гадаад мэдээг автономитын цахилгаан шуудангийн хороогоор дамжуулж авдаг байсан нь өмнөх сонинтой харьцуулахад шинэлэг зүйл байв. Сонины өөр нэг онцлог шинж нь хөдөлмөрчдийн захидал, шүлэг, ёгт үлгэр, ерөөл, магтаал, хошин шог бүтээл, эсэргүүцэл, уран нийтлэл, шүүмжлэлт нийтлэл, орчуулгын бүтээлийг олноор хэвлэж байсны хамт гадаад үзэмж, хэл найруулга сайтай, бичлэгийн олон төрөл, зүйлийг чадамгай ашигласан явдал юм. “Нийслэл хүрээний сонин бичиг” улс орны дотоодын асуудал, Монголын нийгэм-улс төрийн амьдралыг бүхэлд нь үнэн зөв тусгаж, бас шинжлэх ухааны болоод гэгээрүүлэх чиглэлийн нийтлэлийг өргөн хэвлэж байжээ. Өнөөгийн сэтгүүл зүйн зарчмын үүднээс авч үзвэл “Нийслэл хүрээний сонин бичиг” нь тухайн нийгмийн алдаа дутагдлыг хайр найргүй шүүмжилж, хэв ёсыг сахиулдаг “сэтгүүл зүйн хоточ нохой” үүргээ сайн биелүүлдэг, зарчмын чухал асуудлаар засгийн газрынхаа эсрэг хүчтэй дуугардаг, харьцангуй чөлөөт нийтлэлтэй сонин байв.

Сонины эрхлэгчээр нь Д.Бодоо, Ж.Цэвээн нар ажиллаж, сэтгүүлч Д.Бадрахбаатар, Б.Дорж, Д.Ээндэн, Н.Намсрай, Н.Жанцансамбуу, Оросын хувьсгалч М.И.Кучеренко, В.Я.Кондаков нар сонин гаргах ажилд идэвхтэй оролцож байсан. Энэ нь нийтлэлийг дайчин давшингуй, дэвшилт ардчилсан чиглэлтэй болгоход нөлөөлжээ. Нийслэл хүрээний сонин бичиг сонин нь “ард түмний эрх ашгийг хамгаалж, Монголын феодалын байгууллын хоцрогдол, ихэс дээдсийн харгис хэрцгий явдлыг хурц шүүмжилж, улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх, харийн түрэмгийллийн эсрэг тууштай тэмцэх чиглэлийг баттай барьсан эх оронч дэвшилт ардчилсан хэвлэл” (29.130) байв.

Ардын хувьсгалын өмнө гарч байсан сонин хэвлэлүүдийн дотор монголчууд өөрсдийн гараар хийж, хамгийн урт хугацаанд хамгийн олон дугаар гаргасан нь энэхүү “Нийслэл хүрээний сонин бичиг” байсан. Үндэсний чөлөөлөх хөдөлгөөний дайчин индэр болж, феодал колоничлогчдын эсрэг хандсан хурц нийтлэлээрээ монголын сэтгүүл зүйн хөгжилд зохих хувь нэмрээ оруулж, тогтмол хэвлэлийн шинэ хэв маяг, агуулгыг төлөвшүүлэхэд ач тусаа үзүүлж, сонины дэвшилт ардчилсан эх оронч уламжлалыг үлдээснээрээ томоохон ач холбогдолтой юм.

Нийслэл хүрээний сонин бичиг сонин нь 1920 оны 1 дүгээр сарын 23-нд хаагдсан бөгөөд 4 жил гаруй хугацаанд нийт 103 дугаар гарсан байна.