Jump to content

Никита Панин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Никита Панины 1777 оны хөрөг зураг.

Никита Панин (орос. Ники́та Ива́нович Па́нин, 1718 оны 9-р сарын 18-нд төрсөн — 1783 оны 3-р сарын 31-нд нас барсан) — оросын хаант улсын дипломат, төрийн зүтгэлтэн, II Екатерина төр барьсан үеийн эхний хагаст Оросын гадаад бодлогын тэргүүн байсан. "Умард аккорд" буюу "Умард тогтолцоо" (Северного Аккорда) төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд Орос дахь анхны Үндсэн хуулийн төслүүдийг боловсруулагчдын нэг юм.

1762-1783 оны Оросын засгийн газрын гадаад бодлогын бүх асуудал Паниний нэртэй шууд холбоотой байдаг. Эхэндээ эзэн хааны албан бус зөвлөхөөр ажиллаж байгаад 1763 онд Воронцовыг чөлөө авсны дараа түүнийг Гадаадын удирдах зөвлөлийн (орос. Иностранная коллегия) ахлах гишүүн болгожээ. Удалгүй Бестужевыг огцруулсны дараа тэрээр канцлер байгаагүй ч Гадаадын удирдах зөвлөлийн бүх ажлыг удирдах үүрэг хүлээж байсан байна. Оросын Хойд Европын улсуудтай харилцах харилцааны талаархи асуултуудыг шийдвэрлэх нь Паниныг "Умардын аккорд буюу "Умардын тогтолцоо" гэж нэрлэгддэг тогтолцоог бий болгоход хүргэсэн байна. Энэхүү тогтолцооны тусламжтайгаар Панин Оросын нэр хүнд, байр суурийн ач холбогдлыг өргөмжлөхийн тулд түүний эргэн тойронд хойд зүгийн бүх гүрнүүдийн холбоог бий болгохыг хүсч байсан юм.

"Умардын тогтолцоо"-ны асуудалтай зэрэгцэн Орос улс Польш, Прусстай харилцах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байв. Панин Прусстай эвсэл байгуулсан нь Орост Польшид нөлөөгөө тэлэх боломжийг олгосон байна. 1772 оноос өмнө тэрээр Пруссийг сохор дэмжигч байгаагүй. Тэрээр Польшийг бүхэлд нь Оросын нөлөөний бүсэд оруулахыг эрмэлзэж байсан бөгөөд Польшийн нутаг дэвсгэрээс хэнтэй ч хуваалцах хүсэлгүй байв.

Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд отгон дүү, генерал Пётр Панины хамт Үндсэн хуулийн төслийг боловсруулан бэлтгэсэн бөгөөд Н.Панин өөрөө болон түүний дүүг нас барсны дараа хаанчилж байсан I Павел-д шилжүүлэн өгчээ. Энэ бол Оросын түүхэнд анхны үндсэн хуулийн төсөл байв.