Jump to content

Николай Пирогов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Николай Пирогов, 1881 онд Илья Репины зурсан цээж зураг.

Николай Пирогов (орос. Николай Иванович Пирогов, 1810 оны 11-р сарын 13-нд Москва хотод төрсөн- 1881 оны 11-р сарын 23-нд Винница хотод нас барсан) - Оросын мэс засалч, анатомич, байгалийн судлаач, багш, профессор, байр зүйн анатомийн анхны атласыг бүтээгч, Оросын цэргийн хээрийн мэс заслын сургууль үндэслэг бөгөөд мэдээ алдуулалт (анестези)-ыг орост анх хэргэлсэн хүн. Оросын төрийн зөвлөх цолтой.

Москвад цэргийн нярав, хошууч Иван Иванович Пироговын (1772-1826) гэр бүлд төрсөн. Тэрээр айлын 13 дахь хүүхэд байв. Эх нь Елизавета Ивановна Новикова, Москвагийн хуучин худалдаачин гэр бүлээс гаралтай байв.

Тэрээр анхан шатны бага боловсролыг гэрээр эзэмшсэн. 1822-1824 онд тэрээр В.С.Кряжевын хувийн дотуур байртай сургуульд суралцаж, эцгийнхээ санхүүгийн байдал муудсаны улмаас түүнийг орхихоос өөр аргагүй болжээ. Анагаах ухаанд суралцах шийдвэр гаргахад Пироговын гэр бүлд зочилж ирдэг байсан анагаах ухааны профессор Ефрем Мухин шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Николай Пирогов энэ хүнийг их хүндэлж үздэг байв. Е.Мухин Пироговыг асарч, гэр бүлд нь мөнгөөр ​​тусалдаг байжээ.

Николай Пирогов. 1858 он.

1824 онд тэрээр Москвагийн эзэн хааны их сургуулийн анагаах ухааны факультетэд хувиараа төлбөр төлж элссэн байна. Энэ хугацаанд Пироговын гэр бүл маш ядуу байв. Их сургуульд тэрээр Х.И.Лодер, М.Я.Мудров, Е.О.Мухин нарын лекцэнд Пирогов сууж байсан нь түүний шинжлэх ухааны үзэл бодлыг төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн байна.

1833 онд Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсны дараа түүнийг Профессорын дээд сургуулийн 11 нөхдийнхөө хамт Берлиний Их сургуульд суралцуулахаар Фёдор Иноземцев, Пётр Калмыков, Дмитрий Крюков, Михаил Куторга, Владимир Печерин, Алексей Филомафитский, Александр Чивилёв зэрэг тэргүүний эрдэмтийн хамт илгээсэн байна.

1836 онд Пирогов Оросын эзэн хааны Дерптын их сургуулийн (өнөөгийн Эстони улсын Тартугийн Их сургууль) онол практикийн мэс заслын тэнхимийн профессороор очжээ.

1846 онд Пирогов Оросын Эзэн хааны Санкт-Петербургийн Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдсон байна.

Тэрээр 1847 онд хээрийн нөхцөлд боловсруулсан ажиллагааны арга барилаа туршиж үзэхийг хүссэн тул Кавказ дахь армид эмчээр явж Владикавказын цайзад мэс засалчаар ажиллаж байсан юм. Тэр жил Пирогов хээрийн нөхцөлд анагаах ухааны түүхэнд анх удаа 1846 онд Уильям Мортоны нээсэн эфирийн мэдээ алдуулалтын тусламжтай мэс засал хийж, дараа нь арван мянга орчим удаа ийм мэс засал хийсэн байна.

Пирогов дайн үеэр шархадсан хүмүүст мэс засал хийхдээ 1855 онд Оросын анагаах ухааны түүхэнд анх удаа гипсээр боолт хийж, хөлний шархыг эмчлэхэд зардал хэмнэх аргыг бий болгож, олон цэрэг, офицеруудыг мөчөө тайруулахаас аварсан байна. Севастополь хотыг бүслэх үеэр Пирогов Ариун загалмай нийгэмлэгийн эмч сувилагч нарын сургалт, ажлыг удирдаж байсан.

1881 оны эхээр Пирогов хатуу тагнайны салст бүрхэвч дээрх өвдөлт, цочролыг анхаарч үзсэн. 1881 оны 5-р сарын 24-нд Н.В.Склифосовский Пироговыг дээд эрүүний хорт хавдартай болохыг тогтоожээ. Николай Пирогов 1881 оны 10-р сарын 25-нд таалал төгсөв.