Jump to content

Нобелийн сан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
А.Нобелийн гэрээслэл. 1895 оны 11-р сарын 27.
Нобелийн сангийн таних тэмдэг

Нобелийн сан (швед. Nobelstiftelsen) -Шведийн Стокгольм хотод 1900 оны 6-р сарын 29-нд Нобелийн шагналын санхүү, удирдлагыг удирдах зорилгоор байгуулагдсан хувийн байгууллага юм. Уг сан нь динамитыг зохион бүтээгч Альфред Нобелийн гэрээслэлээр байгуулагдсан юм. Тус сан нь Нобелийн шагналыг санхүүжүүлэх үүргээс гадна шинжлэх ухаан, нийгэм, соёлын чухал ач холбогдолтой нээлтүүдийг хэлэлцдэг Нобелийн симпозиумуудыг зохион байгуулдаг байна.

Альфред Нобель гэрээслэлдээ түүний мөнгийг физик, хими, физиологи, анагаах ухаан, уран зохиол, энхийг сахиулах чиглэлээр жил бүр олгодог шагналд зарцуулахаар заажээ. Нобель нийт хөрөнгийнхөө 94 хувийг (31 сая швед крон) Нобелийн шагналыг бий болгож, олгохыг гэрээсэлсэн. Гэрээслэлийн дагуу зөвхөн сангийн хөрөнгийн үнийн дүнгээс авсан хүүг шагналд ашиглах боломжтой байсан.

Нобелийн сан нь үндсэндээ санхүүгийн менежерийн хувьд хөрөнгө оруулалтын компани гэсэн үг юм. Сангийн хөрөнгө оруулалтын бодлого нь хөрөнгийн үнэ цэнийг хадгалах, нэмэгдүүлэх зорилготой бөгөөд үүгээрээ Нобелийн шагналын хэмжээг баталгаажуулдаг ажээ. Альфред Нобелийн гэрээслэлийн заалтууд нь түүний хөрөнгийг "эрсдэлгүй бөгөөд аюулгүй үнэт цаас"-д хөрөнгө оруулахыг гүйцэтгэгчид чиглүүлсэн. 20-р зууны эхэн үеийн үзэл баримтлалын дагуу аюулгүй үнэт цаас нь үндсэндээ Засгийн газрын тогтмол хүүтэй бонд гэж ойлгодог байв.

Тус санг татвараас чөлөөлөх асуудлыг Шведийн Рикстагт (парламент) нэлээд удаан хугацаанд хөндөж, хэлэлцсэн байна. 1946 онд Нобелийн сан эцэстээ татвараас чөлөөлөгдсөн нь сангийн хөрөнгийг нэмэгдүүлж, Нобелийн шагналын хэмжээг аажмаар нэмэгдүүлэх боломжтой болсон юм. Шведэд Нобелийн сан татвараас чөлөөлөгдсөний ачаар тус сангийн хөрөнгө оруулалтын орлогыг Америкийн Нэгдсэн Улсад мөн татвараас чөлөөлөх боломжтой болсон байна.