Нойшванштайн шилтгээн

Альпийн уулсын цасан оргилуудын дунд театрын тайзны чимэглэлийг санагдуулсан нэгэн үлгэрийн шилтгээн бий. Австрийн Фюссен хотын ойролцоо, Германы Хохеншвангау тосгоны нутагт, модорхог дов дээр орших Нойшванштайн шилтгээн (Герман: Schloss Neuschwanstein, өмнөд бавар хэл: Schloss Neischwanstoa) хэмжээний хувьд том хийгээд түүнийг 17 жилийн хугацаанд барьжээ. Баварын хоёрдугаар Людвиг хаан энэ гайхамшигт шилтгээнийг босгохдоо түүний уран барилгын дэгээр романтизмын тухай төсөөллөө харуулахыг зорьжээ.

Шилтгээний эзнийг зарим нь жигтэй хүн, зарим нь хоорондоо зөрчилтэй олон зуун зарлиг гаргаж байсан тул мунхаг гэж хочилдог байжээ. Хоёрдугаар Людвиг хаан ухаан нь орон гаран хүн байсан нь үнэн ажээ. Рыцарийн тухай роман тууж, эртний германы туульс уншиж өссөн ирээдүйн хаан багадаа эцэг, Хоёрдугаар Максимилиан хааны Охеншвангуа ордны хананд дүрсэлсэн зоригт рыцарь Зигфрид, гүнж Кримхильда нарын дурлалын тухай, алтны эрэлчин Нибелунгийн тухай зургийг сонирхон хэдэн цагаар зогсдог байжээ. Энэхүү шилтгээн юуны өмнө сүрлэг байдал, хурц шовх үзүүртэй цамхгуудаараа алдартай.

Өндөр чулуун гишгүүр бүхий нүсэр том шатаар өгсөж шилтгээнд хүрнэ. Уужим том үүдний танхимаас хоёр жигүүр хуваагдана. Хэрээсний хүнхэр шиг хэлбэр бүхий таазыг гоёлын зургаар чимж шалыг хавтан суулган хийжээ. Шилтгээний дотор талын чимэглэл нь мавритан, гот, барокко гээд олон дэгийн нийлмэл юм. Энэ шилтгээн халаалтын шилдэг аргаараа өвөрмөц төдийгүй түүнд хүйтэн, халуун ус дамжуулах хоолой тавьсан байна. Ёслолын гантиган хаалга өндөр давхар хаалгаар дамжин явсаар хааны албан ажлын танхим, өрөөнүүд рүү очно. Хаалганы дээд талд Баварын хаант улсын алтадмал сүлд Виттельсбах, Швангуа рыцаруудын нэрийн сүлд байна. Хааны унтлагын, хоолны, зочдын өрөө, ажлын танхимууд, сүм нь сийлмэл царсан самбар бүхий хана, нүсэр модон эдлэл, алтан утсаар чимсэн улаан, ягаан, цэнхэр өнгийн торгон хөшигнүүдтэй юм. Лааны суурь, чийдэнгийн бүрхүүлийг алтадмал бронзоор өнгөлжээ. Унтлагын өрөөнд Готфрид Страсбургийн “Тристан ба Изольда” найраглалын үйл явдлыг дүрсэлсэн хананы хивс байна.