Оливер Кромвелл

Оливер Кромвел

Английн хувьсгалын удирдагч, цэргийн суут жанжин, төрийн зүтгэлтэн Оливер Кромвелл (Англи: Oliver Cromwell) нь 1599 онд Кембриджшир гүнлэгийн Хантингтонд пуритани буюу цэвэр цэмцгэр, ёс зүйн хатуу дэг баримтлалыг дээдлэгч баян бус газрын эзнийд мэндэлсэн гэдэг.

Тэр 1643-1650 онд парламентын армийн дэслэгч генерал, 1650-1653 онд генерал-лорд эзэн, 1653-1658 онд насан эцэслэтлээ Англи, Ирланд, Шотландын лорд эзэн байсан юм. Английн иргэний дайны эхнээс 60 морин цэрэгтэй ахмад Кромвель хаант засаглалыг хамгаалагч I Карл хааны цэрэгтэй хийсэн байлдаанд ялалт байгуулж өөрийн Шинэ загварын армийг үндэслэн буй болгосноор I Карлын хэмжээгүй хаант засаглал тогтоох гэсэн эрмэлзлийг үгүй хийсэн гэдэг.

Эрх мэдэлд хүрсэн тэрээр парламентын дээд танхимыг татан буулгаж, тэр бүү хэл генералиссимус алдар хүртсэн удаатай. Улмаар Кромвель хатуу дэг журам тогтоон, Ирланд, Шотландад дэгдсэн бослогыг хэрцгийлэн дарж, гол замууд дээр хамгаалалт буй болгосноор өөрийн диктатурыг тогтоож эхэлжээ. Чухамхүү хатуу чанд гараар улс орондоо эмх цэгц тогтоосныхоо дараа Кромвель нь парламентыг сонгохыг зөвшөөрсөн байдаг. Оливер Кромвель нь хаан ширээнд суухаас өөрөө татгалзсанаар залгамжлагчаа, шинэ хааныг сонгох эрхтэй болсон аж. Насан эцэслэтлээ тэрээр "Ард түмний улс төрч" гэсэн имижийн ачаар туйлын нэр хүндтэй байжээ. Түүний ямар ч тохиолдолд хэрхэвч худалдагддаггүй чанар онцгой хүндлэгддэг байсан гэдэг.

Мөн тэрээр байнга хамгаалалттай байж, хоноглох газраа олонтаа сольдог байсан гэнэ. Кромвелийг насан эцэслэтэл хэдэн жилд Англи нь 2000 жилийн түүхэндээ цор ганц удаа Бүгд найрамдах улс байсан онцлогтой. Түүний ахмад хүү Ричардыг эзэн лордоор өргөмжлөн, өөрийг нь ёслол төгөлдөр оршуулсан хэдий ч удалгүй Кромвелд "дарагдаж асан" I Карлын хүү II Карлыг эргүүлэн хаан ширээнээ залж, талийгаачийн шарилыг булшнаас нь ухан гаргаж төрөөс урвагчдад ханддаг ёсоор дүүжлэхийн сацуу дөрвөн мөчийг нь тасдан хаясан гэдэг.