Олон нийтийн телевиз

Олон нийтийн телевиз нь үйл ажиллагааны хувьд арилжааны бус шинжтэй, зар сурталчилгаа олгогчид болон “рейтингийн дарангуйлал”-аас ангид, хэрэглэгчдээс цуглуулсан төлбөрийн хураамжаар санхүүждэг, өөрөө өөрийгөө удирддаг телевизийг олон нийтийн телевиз гэнэ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Арилжааны телевизийн цэнгээнт, хөгжөөнт нэвтрүүлэг болон сурталчилгааны хэт их ачаалал олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртөж, тэд соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх чиглэлийн нэвтрүүлгийг үгүйлж эхэлсэн нь олон нийтийн телевиз үүсэхэд нөлөөлжээ. Тиймээс 50-иад оны эхэнд АНУ-д хүлээн авагчдыг соён гэгээрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд тус болох үүднээс телевизийн долгионы зарим үелзлийг олон нийтийн сургалтын телевизд зориулах шийдвэр гаргажээ. Анхны арилжааны бус боловсролын телестанци 1953 онд Хьюстонд байгуулагджээ.

Онцлог шинж[засварлах | кодоор засварлах]

Олон нийтийн телевизийн арилжааны телевизээр ялгарах онцлог шинж нь:

  • Сурталчилгааны орлогыг санхүүгийн гол эх үүсвэр болгохоос татгалзаж, үйл ажиллагаа нь арилжааны бус шинжтэй, сурталчилгаа олгогчид болон «рейтингийн дарангуйлал»-аас ангид оршдог гэдгийг албан ёсоор зарласан байдаг.
  • Телевизийн үйл ажиллагааны зарлагыг телевиз хэрэглэгчдээс цуглуулсан төлбөрийн хураамжаар төлдөг. • Төрийн зүгээс нэвтрүүлгийн бодлогод шууд оролцож нөлөөлөхгүй, телестанци өөрөө өөрийгөө удирддаг.
  • Хүлээн авагчдын мэдээллийн бүх төрлийн хэрэгцээ шаардлагыг хангахын төлөө үйлчилж, чанартай нэвтрүүлэг бэлтгэхийг хөтөлбөрийн бодлогын цөм болгон ажилладаг.
  • Нэвтрүүлэг бэлтгэгчид нийгмийн хариуцлага хүлээж, олон түмний өмнө тайлангаа тавьдаг, теле компанийн санхүүгийн болон нэвтрүүлэг бэлтгэх үйл ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавьдаг ажиглагчдын зөвлөл ажилладаг зэрэг болно.

Дэлхийд[засварлах | кодоор засварлах]

Америк болон Европын улсуудад[засварлах | кодоор засварлах]

АНУ болон Европын орнуудын олон нийтийн телевиз дараах үндсэн гурван чиглэлийн нэвтрүүлгийг голлон явуулдаг. Үүнд:

  • Боловсролын үйл явцад шууд хэрэглэх боломжтой, сургалтын эх хэрэглэгдэхүүний агуулгыг гүнзгийрүүлэх, хялбарчлахад чиглэсэн сургалтын үндсэн нэвтрүүлгүүд;
  • Хувь хүний хөгжил, түүний оюуны болон бүтээлч чадварыг дээшлүүлэх, мэдлэг эзэмших идэвх санаачлагыг дээшлүүлэхэд нөлөөлөх зорилго бүхий нэвтрүүлгүүд
  • Зар сурталчилгаа олгогчдыг дэмжих зорилго агуулдаггүй учраас арилжааны телевизийн хөтөлбөрт орох боломжгүй нэвтрүүлгүүд юм. Нэвтрүүлгийн энэ хэсэгт зөвхөн сургалт, танин мэдэхүйн төдийгүй, янз бүрийн олон нийтийн хэсэг, бүлэг бэлтгэх, дамжуулахыг сонирхдог мэдээллийн, нийтлэлийн нэвтрүүлгүүд, мөн арилжааны телевизийн редакцид «гологдсон» бага рейтингийн нэвтрүүлгүүд ордог.

Зарим арилжааны телевиз олон нийтийн телевизийг чанаргүй теле бүтээгдэхүүнийг хаядаг «гахайн тэжээлийн сав» гэж хочлоход хүрчээ. Үнэн хэрэг дээрээ зарим боловсролын телевиз олон түмэнд нийгмийн тулгамдсан чухал асуудлыг хөндсөн мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэсэн асуудал дэвшүүлсэн, шүүмжлэлт болон шинжлэх ухааны хялбаршуулсан нэвтрүүлгийг тогтмол өгдөг байна.

Их Бритинад[засварлах | кодоор засварлах]

Британийн ВВС (British Broadcasting Corporation) олон нийтийн өргөн нэвтрүүлгийн корпораци нь мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэсэн соён гэгээрүүлэх, танин мэдэхүйн чиглэлийн олон чанартай нэвтрүүлгээр хөтөлбөрийн сангаа баяжуулдаг. Олон нийтийн телевизийн байгууллагууд өөрийнхөө үйл ажиллагааны үр дүнгийн талаар парламентад болон иргэдэд тайлангаа тавьдаг онцлогтой юм. Тухайлбал, Британийн парламент BBC-гийн үйл ажиллагааны үр дүнгийн талаарх мэдээллийг тогтмол сонсож, авч хэлэлцдэг. BBC нь үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайланг олон түмэнд мэдээлэх, санал бодлыг сонсох зорилгоор жил бүр хэвлэлд тогтмол нийтэлж, Интернетэд байрлуулдаг.

BBC үйл ажиллагааны талаарх телевиз үзэгчдийн болон радио сонсогчдын санал бодол, хүсэлт, гомдлыг судалдаг хэлтэс ажилладаг байна. Арилжааны телевизийн нэвтрүүлгийн гол шинж болох шуугиан дэгдээсэн, цэнгээнт, хөгжөөнт нэвтрүүлэг рүү туйшрах хандлагаас зайлсхийдэг. Иймд BBC-гийн нэвтрүүлгийн бодлогод тэнцвэрт байдлыг хадгалах зарчим буюу хүлээн авагчид мэдээллийн, улс төр, нийтлэлийн, сургалтын, соёлын болон хөгжөөнт зэрэг янз бүрийн чиглэлийн чанартай нэвтрүүлэг үзэх боломжоор хангагдсан байх ёстой зарчмыг баримталдаг.

Нэвтрүүлгийн олон нийтийн шинж чанарыг хадгалах, янз бүрийн нийгмийн бүлэг болон улс төрийн байгууллагын ашиг, сонирхлыг хамгаалах зорилгоор радио, телевизд ажиглагчдын байгууллага болох нэвтрүүлгийн зөвлөлийг байгуулдаг бөгөөд түүний бүрэлдэхүүнд улс төрийн нам, иргэдийн нийгэмлэг, мужийн парламент, үйлдвэрчний эвлэл, сүм хийдийн төлөөлөгчид, шинжлэх ухаан, урлагийн зүтгэлтнүүдийг оруулдаг. Нэвтрүүлгийн зөвлөл радио, телевизийн удирдлагад хөтөлбөрийн бодлогыг боловсруулах, төсвийн тайланг хэлэлцэх, боловсон хүчний асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой зөвлөгөө өгдөг байна.

Монголд[засварлах | кодоор засварлах]

2005 оны 1 дүгээр сарын 27-нд УИХ Олон нийтийн радио,телевизийн тухай хууль хэлэлцэж, батлав. Тус оны 2 дугаар сард Монголын Үндэсний телевиз түүхэндээ анх удаа “Олон нийтийн” гэсэн статустай болж, Монголын үндэсний олон нийтийн телевиз нэртэй болж ард иргэддээ хараат бус, тэгш үйлчлэх хууль зүйн орчин бүрдсэн юм.

Хуулиар олон нийтийн радио телевиз нь улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, спорт, цэнгүүн зэрэг нийгмийн амьдралын олон талыг хамарсан хөтөлбөрийг мэргэжлийн болон техникийн өндөр түвшинд бэлтгэж, нийтийн хүртээл болгох шаардлага тавьжээ. Түүнчлэн шударга ёс, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдлыг хүндэтгэх, хувь хүний хөгжлийг дэмжих, өргөн олон нийтийн болон нийгмийн янз бүрийн бүлэг давхаргын эрэлт хэрэгцээг тэнцвэртэй хадгалах зэрэг нэвтүүлгийн бодлого баримтлахыг шаардлага болгосон байна.