Jump to content

Оройгүй сүм (роман)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Оройгүй сүм роман

Оройгүй сүм (роман) - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, СГЗ, Төрийн шагналт Лодонгийн Түдэвийн 1985 онд бичсэн уг роман нь хүн юмсын мөн чанарыг хэр гүнзгий ойлгож, хэрхэн авирладаг тухай илэрхийлэхдээ буддизм ба мөргөлчин олны хоорондын харилцааг харуулдаг. “Эрдэм мэдлэгт орой үгүй” гэсэн гол санаа агуулдаг юм.

Гол дүр Санжийн амьдралын түүх зохиолчийн санаа бүрийг илэрхийлнэ.

Ухаан орохоос хийдэд шавилан суусан Санж арван тавхан насандаа гэцлийн сахил хүртэж эцэг эхийн захиасыг хөсөрдүүлэлгүй, хайрт багш Чоймчиг гэлэнгийн ганц шавийн үүргээ биелүүлснээр түүний оюун, сэтгэлийн аялал эхэлдэг. Цовоо сэргэлэн, ухаан тунгалаг, ааш эелдэг, санаа ариунаараа залуу гэцэл ялгарч, Монголын бөглүү хийдээс Төвөдийн Лхас зууд шавь орох хувь тохионо. Цаашид Санж олны дунд ялгарсаар байх болой.

Бэрээвэн хийдийн шинэ шавь Санж нумней сахих мацаг барьж байгаад тамирдан унана. Есөн цагаан мэнгэ голлосон байна гэж лхаарамба багш нь маань мэгзэм уншаад, бурхны зан үйлээ гүйцээсэн ч Санж хөл дээрээ боссонгүй. Оточ маарамба ч эрдэм номоо ашиглаад дийлээгүй Санжийг орхино. Харин шимнанцын сахил хүртсэн Бэрээмэг эмгэн Санжийг Ар Монголоос ирсэн бол мах идэлгүй удаж, ходоодны шархтай болж гээд дор нь тэнхрүүлдэг. Бурхны орон Төвөдөд залхаан цээрлүүлэх Ланцыса газар(шорон) байдаг. Нүгэл үйлдсэн нэгнийг хэрцгийгээр тамлан зовоож гэсгээдэг амьд там. Романы олон дүр хорхойд бариулан тарчилж мөнх бусыг үздэг. Нутгийн ах Дарамыг энэ нүгэлт газарт амиа өгөхөд Санж сэтгэл гутран бурхны орон там 2 нэгэн газар сүлэлддэг гэдгийг анзаарна.

Санж шашны үлгэрийн шар ертөнцөөс ахуй амьдралын ногоон зүлгэнд шилжихээр шийдсэн түүнийг эрдэмгүй тэнэгүүдийн гарт хохироолоо. Үнэ цэнтэй бүхнээ алдаад элсэн цөлд суухдаа Санж хоосон маань ганц уншаагүй, Эрдэм номын орой бараадаагүй бүрхэг лам нар ашиг сонирхол хөөн боловсролгүй ард олны итгэмтгий авирыг ашигласанаар бурхны шашин гажууджээ. Эрдэм номгүй бол сохор итгэмтгий, бусдад дээрэлхүүлж амьдрахыг төвөд олон шашны мухар сүсэгт тарчлан буйгаар зохиол бүрэн харуулдаг байна.

"Бүхэл орчлонд амгалан тайван гэж огтхон ч үгүйг санагтун. Тамынхан галд шатан зовно. Бирдүүд өлсөж, цанган зовно. Адгууснууд бие биенээ идэж зовно. Хүн богино насалдагтаа зовно. Тэнгэр нар оюунаа сэрээх гэж зовно. Төрмөгц зовлон эхэлмой. Төрмөгц хөгширч эхэлмой. Амьдрах нь өндөр уулнаас үсрэн буухын адил. Тэр хооронд жаргал хэмээх нь үгүй" (Л.Түдэв “Оройгүй сүм” 19-р тал) Хүний амьдралд жаргал зовлон ээлжилдэг гэдэг. Гэтэл яагаад зохиолч амгалан тайван огт байхгүй гэж дүрсэлсэн юм бол? Санжийн хувьд бурхны ухааныг судалж эхэлсэн нь магадгүй зовлон байсан юм болов уу.

Хүний амьдрал төгсгөл нь мэдэгдэхгүй эхлэл ажээ. Өөрийн биш бусдын сонголтоор амьдрах нь хүмүүнийг мухардалд хүргэдэг гэдгийг харуулна. Бурханы тухай ойлголт тэр дундаа буддын үзэл сургаал номлолыг бид эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд буяныг үйлддэг хэмээн сүсэглэдэг. Тэр дундаа буддын шашны орон болох Төвөдөд буян хийх нэрийдлээр нүгэл үйлдэж байгаа нь аливаа сайн сайхан үйлдэлд ч муу тал байдаг гэдгийг харж болно. Гагцхүү аль сонголтоор явах нь хүмүүний ухамсар ажээ. Энэхүү романыг уншаад хүний сонгосон зам аль хэр үнэн бол, төгсгөл нь ямар байх бол гэсэн бодол өөрийн эрхгүй бодогдоно. Сонголт буруу зөвийг ярихын тухайд зохиолд гардаг Санж шиг эцэг эхийнхээ хүсэлтээр бус өөрийн чин хүсэл эрмэлзлэлээрээ мэргэжлээ сонгосон болохоор харамсах зүйл үгүй биз ээ.

Мөн энэхүү бүтээлээр хүмүүний “итгэл” гэдэг ямар хүчтэй болохыг харж болно. Нөгөө талаар итгэл гэж нэрлэгдсэн зүйл муйхралд оруулж мухар сүсэгт автуулдаг талаар харуулах аж. Хүн бүр шүтэх эс шүтэх эрхтэй энэ эрхэд хэн ч халдах эрхгүй. Бурхан гэж байгаа болохоор нүгэл хийж болохгүй гэсэн итгэлээр муу зүйл хийхгүй амьдарч байгаа нь сайшаалтай. Гагцхүү оюун ухаант хүн болж төрснийхөө хувьд хийсвэр зүйлд автан үйлдэл бүрээ бурханд даатгахын хэрэг юун билээ. Хэт мухар сүсэгт автвал төрсөн үртэйгээ ч эцэг хүүгийн ёсоор харьцах тухай мартдагийг Санжийн эцэг Сайнцогтын жишээнээс харж болно. Монголчууд Ганданд очиж ном уншуулахдаа төвөд хэлээр унших номыг нь ойлгохгүй хэрнээ сүсэглэн сууцгаадаг. Төвөд хэл мэдэхгүй болохоор мэддэгт мэргэн цоохор мэддэггүйд эрээн цоохор гэгч л болдог. Бурханы гүн ухаанаас ардын хар ухаан дээр гэсэн Өлзийтийн үгийг сайтар ухаарууштай. Шашинд бус шинжлэх ухаанд итгэвэл бид арай бодитой хөрсөнд бууна. Санж гэцэл бурхны номд шамдан сураад аав, ээж, хайртай бүсгүй, багш гээд хэн ч түүнд үлдсэнгүй. Гагцхүү үүлэн хөх морь гэж нэрлэсэн таяг, даяанчийн мөрөөр амьдрах зам л түүнд үлдлээ шүү дээ. Магадгүй Санж жирийн ардын амьдралыг сонгосон бол энгийн бөгөөд аз жаргалтай амьдрах байсан биз...