Jump to content

Питер Устинов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Питер Устинов

Сэр Питер Александер Устинов (англи. Sir Peter Alexander Ustinov; 1921 оны 4-р сарын 16-нд Лондонд төрсөн—2004 оны 3-р сарын 28-нд Швейцарын Во кантонд нас барсан) — Британий кино болон театрын жүжигчин, кино найруулагч, дуурь, драмын жүжиг дэглээч, жүжгийн зохиолч, сонин сэтгүүлийн булан хөтлөгч, телевиз болон радиогийн нэвтрүүлэг хөтлөгч, продюсер. «Оскар», «Эмми», «Грэмми», BAFTA -гийн шагналтан.

Питер Устинов Лондон хотын Камден дүүрэгт 1921 оны 4-р сарын 16-нд орос, герман, франц гаралтай Устинов-Бенуа-гийн гэр бүлд төрсөн. Төрөхөд нь Петер Александр фон Устинов (Peter Alexander von Ustinov) нэр өгсөн байна. Түүний эцэг Германы сэтгүүлч, Орос гаралтай дипломат Барон Йона Платонович Устинов (овогийн хоч - "Бясаа") Орос, Герман, Польш, Этиоп, Еврей гаралтай байсан. Дэлхийн нэгдүгээр дайны үеэр тэрээр Герман дахь Британийн тагнуулын ажилтан байсан юм. Питер хүүгийн эх нь Санкт-Петербургийн архитектор Леонти Бенуагийн охидын нэг, зураач Надежда Леонтьевна Бенуа юм.

Питер Вестминстерийн коллежид Риббентропын хүүтэй нэг ангид сурч байжээ. Устинов эхний жилүүдэд англи, франц хэл болон бусад хүмүүнлэгийн хичээлүүдэд дуртай байв. Тэрээр насанд хүрсэн хойноо англи, орос, герман, франц, испани, итали хэлээр чөлөөтэй ярьдаг байжээ. Нэмж дурдахад тэрээр турк, орчин үеийн грек хэлээр мөн Идиш хэлээр ярьдаг байв. Үүний зэрэгцээ Устинов математик, латин хэл зэрэг сургуулийн заавал үзэх ёстой хичээлд дургүй байжээ.

Петр Устинов 17 настайдаа тайзан дээр анх гарч, 21 настайдаа анх кинонд тоглосон. Дэлхийн 2-р дайны оролцогч (Их Британийн төлөө). Дайны дараа тэрээр зөвхөн Их Британид төдийгүй АНУ-д зураг авалтанд орж байсан.

1978 онд анх Агата Кристигийн зохиолоор хийсэн "Нил мөрөн дээрх үхэл" (англ. Death on the Nile) кинонд Эркюль Пуаро (франц. Hercule Poirot)-гийн дүрийг бүтээжээ. Дараа нь дахин таван кинонд мөрдөгчний дүр бүтээж, хамгийн сүүлд 1988 онд тоглосон.

1984 оны 10-р сарын 31-нд Устиновтой уулзахаар явах замдаа Энэтхэгийн Ерөнхий сайд Индира Ганди алуулсан байна.

1989 онд тэрээр уг үйл явдлын 200 жилийн ойд зориулан бүтээсэн "Францын хувьсгал" кинонд Оноре де Мирабогийн дүрийг бүтээсэн.

Тэрээр нийт 88 кинонд тоголсон байна.

1990 онд тэрээр Загалмайтан-бакалавр болж, "Сэр" цолыг ашиглах эрхтэй болжээ.