Пол Маккартни
Пол Маккартни | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Төрсөн нэр | Жэймс Пол Маккартни |
Төрсөн | 1942 оны 6 сарын 18 |
Хөгжмийн урсгал | рок, поп |
Зэмсэг | Дуучин, гитарчин, төгөлдөр хуурч |
Идэвхтэй | 1957 – одоо |
Хамтардаг уран бүтээлчид | Битлз |
Жэймс Пол Маккартни (Англи: James Paul McCartney) 1942 оны 6-р сарын 18-нд Ливерпүүл хотод төрсөн байна. Эцэг Жим Маккартни нь машины үйлдвэрийн хаягдал боловсруулах хэсгийн байцаагч, 30-аад оны жааз хөгжимчин байжээ. Харин ээж Мэри нь эмнэлэгт ажиллаж, Полыг төрснөөс хойш нярайн сувилагч болоод чөлөөтэй үедээ гэртээ Пол, түүний ах Майкл нарыг асардаг байж. Пол багадаа томоотой бие даасан чанараараа магтагддаг, шуугиан дэгдээгч Ленноныг бодвол цэвэр дипломат зан чанартай хүүхэд байжээ. Бага сургуульдаа хамгийн шилдэг нь байсан Пол төгөлдөр хуураар хичээллэдэг байж. Түүнийг 14 настай байхад 1956 оны 10-р сарын 31-нд ээж нь нас барж амьдралд нь их гуниг тохиожээ. Сэргэлэн цовоо Пол нэг хэсэг сүмд идэвхтэйгээр сүсэглэх болж, удалгүй ааваасаа гитар авч өгөхийг гуйсан байна. Пол солгой байсан учраас гитарын чавхдсуудыг нь сольж байрлуулсан байлаа. Дараа нь гитараа захиалж хийлгэдэг болж. Пол солгой байсан учраас толинд харж гитар тоглож сурчээ. Гитар Полын амьдралыг өөрчилсөн юм.
Бага нас
[засварлах | кодоор засварлах]Тэр орчин тойрноо анхааралтай сонсож, түүнд өөрийнх нь дотоод сэтгэлийн өнгө аялгуу байгааг ч анзаарчээ. Энэ нь үнэндээ түүний гитараар тоглох гэж оролддог байсан хүчтэй рок-н-ролл байлаа. Маккартни гитар бариад өдөржингөө суучихдаг байжээ. Ингэж тэр өөрийгөө ховорхон хөдөлмөрч, тэмүүлсэн зорилготой гэдгээ бусдад харуулж байв. Гитарыг тэр богино хугацаанд сурсан байна. Тухайн үед түүний шүтээн нь Литтл Ричард, Элвис Пресли, "Everly-Brothers" гээд рок-н-роллын нэртэй одууд байжээ. Нэг удаа найзуудтайгаа "Quarrymen" гэдэг хамтлагийн тоглолтыг үзэж, тэнд Жон Леннонтой танилцсан байна.
Битлз хамтлагийн төгсгөл
[засварлах | кодоор засварлах]Хамтлагийнхан байнга солигдсоор байсан ч Жон, Пол хоёр байсаар байлаа. 1961 оныг хүртэл Пол Маккартни ритм гитар тоглож, Стюарт Сатклиффыг хамтлагаасаа гарсны дараа түүний тоглож байсан аргил гитарыг авчээ. Полын бие даан хийсэн анхны томоохон ажил нь 1966 оны сүүлчээр бичсэн "The family way" киноны хөгжим байсан юм. Пол энэ ажлыг ихэд сонирхон гүйцэтгэсний дараа, сонгодог хөгжмийн боловсролтой, симфони найрал хөгжмийн удирдаач, "Битлз" хамтлагийн продюсер Жорж Мартинийн зөвлөгөөг хэзээ ч авч болохоор болсон юм.
1960-аад оны дунд үеэс Пол, "Битлз" хамтлагийн гол "хөдөлгүүр" болж байсан хэдий ч хамтлагийн бутралыг зогсоож чадаагүй аж. Маккартни 1969 оны 11-р сараас 1970 оны 3-р сарыг хүртэл Шотланд дахь фермдээ анхны цомгоо бэлдэж зүгээр л "McCartney" гэж нэрлэсэн байна. Цомгийг "Apple" фирм "Битлз"-ийн "Let it be" цомгийн хажуугаар амжуулж 1970 оны 4-р сарын 17-нд гаргажээ. Маккартнийн гоцлол цомог нь их сонирхолтой хийгдсэн байлаа. Бүх хөгжмөө тэр өөрөө тоглож дараа нь эвлүүлэн бичих арга хэрэглэсэн байв. Цомгийнхоо хавтсан дээр тэр, тарах нь илэрхий болсон "Битлз" хамтлагтай дахин ажиллахгүй гэдгээ мэдэгдэж бичсэн байлаа. Ингэж Пол Маккартни домогт хамтлагийн төгсгөлийг албан ёсоор анх удаа зарласан юм.
Полын хайр дурлалын амьдрал
[засварлах | кодоор засварлах]1969 оны 3-р сард Пол Маккартни цаашдийнхаа уран бүтээлийн хувь заяг бүрэн итгэж болох нэгэн хүнтэй холбосон байлаа. Тэр нь түүний эхнэр Линда байсан юм. Пол Маккартни, Линда Истман нар 1969 оны 3-р сарын 12-нд гэрлэсэн байна. Америк бүсгүй Линда Истман мэргэжлийн гэрэл зурагчин байлаа. Үүнээс өмнө Пол нэлээд хэдэн жил Жэйн Эшертэй сүйн холбоотой байсан аж. Энэ харамсалтай явдлын дараа Эшер Маккартни, Леннон хоёрын урьд нь бичиж байсан дууны үг ноттой хэд хэдэн дэвтрийг хаясан байна. Пол Линдад нэгэн болзол тавьсан нь, хөгжим тоглож сураад, тайзан дээр нөхөртэйгөө цуг гарах байлаа. 1971 оны 5-р сард Пол Линда хоёр Нью-Йоркт бичүүлсэн "Ram" (Хонь) цомгоо гаргажээ. Энэ цомгийг шүүмжлэгчид болоод үзэгчдээс өндөр үнэлэлт авсан, Маккартнийн уран бүтээлийн харьцангуй шинэ үеийг зарласан бүтээл гэж бүрэн хэлж болох байв.
"Wings" хамтлагаа байгуулсан нь
[засварлах | кодоор засварлах]Хамтлаггүй ажиллах эвгүй байсан Маккартни 1971 оны зун "Wings" (Жигүүр) гэдэг хамтлаг байгуулсан байна. Хамтлагт нь Линда тэр хоёроос гадна, урьд нь "The Moody Blues"-д байсан бөмбөрчин Дэнни Сейвелл, гитарчин Дэнни Лэйн нар байлаа. Ингээд тэд 1971 оны 12-р сард "Wild Life" цомгоо гаргажээ. Шүүмжлэгчид цомгийг нь зад шүүмжилсэн ч гайхалтай нь маш сайн борлогдсон байв.
1972 онд хамтлагт нь Хенри Макаллох нэгдэж "Give Ireland Back to the Irish" дуугаа гаргажээ. Энэ дуу нь Маккартнийн ховорхон уран бүтээлийн нэг болсон юм. Учир нь илт улс төржсөн энэ дууг радиогоор нэвтрүүлэхийг хориглосон байлаа. Энэ синглийн амжилтын араас "Wings" ямар ч сурталчилгаагүйгээр аялан тоглолтоо хийх болсон юм. Хөгжимчид фургон машинтайгаар хотоос хот дамжин явж, хэн нэг нь:"Пол Маккартни бидэнтэй хамт яваа өнөөдөр танайд тоглож болох уу?" гэхэд л бүх зүйл бүтдэг байжээ. Тоглолт ашгийн бус зөвхөн өөрийгөө сорих зорилготой байсан болохоор үнэ төлбөргүй явагддаг байв. Ноттингэмийн их сургуулиас эхэлсэн энэ аяллаар 2 долоо хоногт 9 хотод тоглосон байна. Өөртөө итгэсэн Пол Европт тоглолтоо хийхээр шийдэж, сүр дуулиан бололгүйгээр аяллаа эхэлжээ. Пол үзэгчид түүнийг "Битлз" хамтлагийн гишүүн гэдэг үүднээс бүү хүлээн аваасай гэдгийг л хүсэж байлаа. Тийм ч учраас "Wings"-ийн урын санд тэр үеийнх нь дуунуудаас нэг ч байдаггүй байв. Удалгүй Пол дууны хөгжмийн зохиолч гэдгээ баталж, Атлантын хоёр эргийн хитүүдийн эхэнд бичигдэх болсон юм.
"Wings"-ийн амжилтууд
[засварлах | кодоор засварлах]1973 оны 3-р сарын 23-нд "My love" сингл нь Америкийн хитүүдийн нэгдүгээрт бичигджээ. Үүний дараа "Red rose speedway" цомог нь Америкт 1-т, Англид 5-т орсон байна. Энэ хоёр пянз "Битлз"-ийн дараах үеийн Маккартнийн нэр хүндийг бүрэн тодорхойлсон юм. Тэр бүх цомгийнхоо хавтсан дээр хамтлагийнхаа гишүүдийг заавал дурьдаж байх ёстойг ойлгож ухаарсан байлаа. Ингэж л тэр хамтлагаа тарж бутрахаас сэргийлж байв. Өөрийнхөө эдлэн газарт бичлэгийн студи ажиллуулж, хөгжимчдийг цуглуулж шинэ бичлэгийн ажилдаа ордог байв. Ирсэн хөгжимчид нь Полын тахиа, хонь, бэлчсэн ферм, хоол хүнс ч хомс (тэр үед Пол, Линда хоёр цагаан хоолтон болсон байжээ), бохир заваан орчныг нь ажиглаж бүр зурагт ч байхгүй байсныг нь гомдоллон өгүүлж байлаа. Энэ бүгд үнэн ч Маккартнийн оюуны амьдрал, түүнд хөгжмөөс өөр юу ч хэрэггүй байсныг хэлж байсан юм.
"Wings"-ийн хөгжимчид Линдагийн тааруухан хөгжимчин болохыг нь байнга шүүмжилж маргаан дэгдээдэг байсан нь Нигерт хийх "Band on the Run" цомгийнхоо бичлэгт хоёр Маккартнийг оролцуулахгүй гэдэгт тулдаг байлаа. "Band on the Run" цомог нь 1973 оны 10-р сарын 30-нд гарч "Битлз"-ийг тарснаас хойших Маккартнийн шилдэг уран бүтээлд тооцогдох болсон юм. Энэ цомог нь Англи, Америкийн хитүүдийг тэргүүлж АНУ-д 5 сая хувиар хэвлэгджээ. Энэхүү амжилтыг нь 1975 онд гаргасан "Venues and Mars" цомог нь бараг л давтсан аж. Үүнийхээ дараа хамтлаг шинэ бүрэлдэхүүнтэй 13 сар үргэлжилсэн томоохон аялан тоглолт хийж, 11 оронд 2 сая үзэгчийн өмнө гарчээ. Үр дүн нь "Wings over America" гурвалсан цомог, бүрэн хэмжээний "Rock show" (1981) нэртэй кино бүтээгдсэн юм.
1976 онд "Wings"-ийнхэн Америкийн хитийг тэргүүлж, Англид 2-р байранд орсон "Wings at speed of sound" цомгоо гаргажээ. Ийм маягаар Пол Маккартни жинхэнэ рок хөгжмийн зохиолч гэдгээ баталж байлаа. 1977 оны 12-р сард Маккартни, өөрийнхөө болон Дэнни Лэйнтэй хамтран бичсэн дуундаа Шотландын "The Campbell Pipe Band" гэдэг хөөрөгт цуурчдын хамтлагийг оролцуулан сингл гаргасан нь оргил болсон юм. Эхний нэг сарын дотор 2 сая хувиар борлогдсон тэр эрчээрээ өмнө нь "Битлз"-ийн тогтоосон амжилтыг эвдэж шинэ дээд амжилтад хүрсэн байна. Дараагийн цомгоо 1978 онд гаргаж, үүндээ олны танил болоогүй гитарчин, бөмбөрчнийг оролцуулжээ. Их Британид хийсэн аялан тоглолтоо өндөрлөж "Back to the Egg" (1979) цомгоо гаргасан ч шүүмжлэгчид, Пол Маккартни уран бүтээлийн мухардалд орлоо гэж бичицгээх болсон юм.
1979 оны 10-р сард Гиннессийн амжилтын номыг хэвлэгчид Пол Маккартнид бүх цаг үеийн, бүх ард түмний дууны зохиолч, алдартай хөгжимчин, олон удаагийн "алтан цомог"-ийн эзэн хэмээн "цомогтой төрсөн хүн" гэдэг шагналыг гардуулжээ.
"Wings" хамтлаг тарсны дараах Полын амьдрал
[засварлах | кодоор засварлах]1980 онд Маккартни "Wings" хамтлагтайгаа Японд тоглолт хийхээр ирсэн боловч хар тамхи нэвтрүүлэх гэсэн шалтгаанаас болж баривчлагдсан байна. Тоглолт болохоосоо ч өнгөрч, түүнд нь Полын үнэнч нөхөр Денни Лэйн бие даан уран бүтээлийн гэрээ байгуулж "Japanese Tears" цомгоо гаргажээ. Болсон явдлын тухай тэр хожим нь дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байлаа. Ийнхүү "Wings" хамтлаг тарсан юм.
Японд хийх тоглолт бүтэлгүйтсэний дараа Пол, Линда хоёр Дорнод Суссэкс дэх эдлэн газраа иржээ. Уран бүтээлийн хямралд орсон Маккартни өрөөгөө дотроос нь түгжээд "McCartney 2" цомгийнхоо ажилд орж, яг л 10 жилийн өмнөх шигээ бүх хөгжмөө өөрөө бичиж эхэлсэн байна. Шинэ цомог нь 1980 оны 3-р сарын 16-нд гарч Их Британийн хитийг тэргүүлжээ. Удалгүй Маккартни Дэнни Лэйнтэй эвлэрч "Tug of War" (1982), "Pipes of Peace" (1983) цомгуудаа хамтран гаргасан байна. Энэ хоёр цомгийн продюсерээр Жорж Мартин ажиллажээ. Цомгоо бичүүлж байхдаа Маккартни дэлхийн хөгжмийн од болсон Стив Уандер, Карл Перкинсон, Ринго Старр, Майкл Жексон нартай хамтран ажилласан байна. Түүний шинэ дуунуудаас бүрдсэн дараагийн "Press to Play" цомог 1986 онд гарчээ. Фил Коллинз, Пит Таунсон, Эрик Стюарт зэрэг алдартнуудыг оролцуулсан энэ цомгийг шүүмжлэгчид талархсан ч сонсогчид тийм ч сайнаар хүлээж авсангүй. Борлуулалт ч муу байлаа.
Маккартни 1988 онд зөвхөн Зөвлөлтийн сонсогчдод зориулан, өөрийнх нь хэлснээр хуучны рок-н-ролл дуунуудаас бүрдсэн "Back to the USSR" цомгоо гаргажээ. Барууныхан энэ цомгийг ихэд сонирхож байсан нь үнэн хэрэгтээ эхлээд зөвхөн ЗХУ-д гаргаж байсантай нь холбоотой юм. 1987 оны 7-р сард дараагийн цомог нь гарсан нь мөн л Маккартнийн зөвхөн шинэ дуунуудаас нь бүрдэн байлаа. Эльвис Костеллогийн оролцоотой бүтсэн "Flowers in the Dirt" цомог нь хэвлэлүүдээр магтагдаж, үр дүн нь овоо орлого оруулж чаджээ. Маккартни 1989 оноос 1990 оны хавар болтол дэлхийг тойрох ээлжит тоглолтоо хийж, эцэст нь бас дахин концертын 3 хос цомог гаргасан байна.
1991 онд Ливерпулийн Хатан хааны филармонийн 150 жилийн ойг тэмдэглэх тухай яригдаж эхэлмэгц гоцлол дуучин, найрал дуу, найрал дуу хөгжимд зориулсан, сүмийн найрал шиг сүрлэг магтуу байхаар шийдсэн байна. Энэ зорилтоо биелүүлэхэд Маккартнид үнэндээ ямар ч туршлага байсангүй. Хүч мөхөсдөхдөө Лондонд амьдардаг Америкийн хөгжмийн зохиолч Карл Дэвист ханджээ. Гол аялгуугаа Пол зохиож, найрал дуу, найрал хөгжмийн удирдварыг Дэвис бичжээ.
Дэвис зохиолынхоо эхэнд хоёр зохиогчийн нэрийг бичнэ гэж найдаж байсан ч Маккартни: "Пол Маккартнийн "The Liverpool Oratorio" хэмээн бичнэ" гэсэн хатуу болзол тулгажээ. Өөрөөр яах ч арга байсангүй. Энэ шийдвэрээ Маккартни: "Би анхаарлын төвд байх ёстой байлаа. Харин магтуу тоглогдох өдөр тайзан дээр тэр яг л Стравинский шиг удирдаж, би үзэгчдийн дунд эргүүтсэн ирланд шиг юм сууж, хүмүүс намайг нот ч мэдэхгүй, үхээнц амьтан гэж бодно гэхээс л солиормоор байсан юм" гэж тайлбарлажээ. Тоглолт амжилттай болсон ч үзэгчид, шүүмжлэгчид өөр өөрсдийнхөөрөө хүлээн авцгаасан байв. Зарим сонинуудад "Сэтгэлд хоногшсон хэсгүүд нь уйтгартай хэсгүүдтэйгээ ээлжилсэн" гэж бичиж байлаа. Юутай ч гэсэн рок хөгжмийн зохиолч Пол Маккартний урын санд симфони бүтээл бичигджээ.
Битлз хамтлагийн дурсгал
[засварлах | кодоор засварлах]Маккартнийн дараагийн төлөвлөгөөнүүдэд нь "Off the Ground" (1993), "Flaming Pia" (1997), нэн сонирхол Ливерпулийн дөрвөлд зориулсан "Битлзийн цоморлиг" нь нэгэн зэрэг хэд хэдэн орны телевизээр 6 ангит видео кино болон гарсан юм. Үүний хажуугаар 6 иж бүрдэл CD нь"Битлз"-ийн цоо шинэ 2 дуу, урьд нь огт дуулдаагүй олон дууных нь эх ноорогтой хамт худалдаанд гарчээ. "Битлз"-ийн 2 шинэ дуу нь тун сонирхолтой түүх өгүүлж байлаа. Оно Ёоко Ленноны нас барахаасаа өмнө арай амжуулж чадаагүй 2 дууных нь бичлэгийг Маккартнид өгчээ. Маккартни ч Харрисон, Старр хоёрыг студидээ урьж, бүх хөгжим хоолойгоо бичүүлж, Ленноны хоолой төгөлдөр хуурыг нэмж эвлүүлсэн байна. Энэ ажил нь үнэндээ "Битлз"-ийг шүтэн бишрэгчдийн, 1970 оноос хойш хүсэн хүлээж байсан, алдарт дөрвөлийн сэргэн мандалт болсон юм. Энэ ажлынхаа тухай Жорж Харрисон: "Яг л Леннонтой хамт байгаа юм шиг, тэгж л ажиллах хэрэгтэй болсон" гэж хожим нь дурссан байлаа.
Линда нас барсан нь
[засварлах | кодоор засварлах]Үлгэр жишээ болж байсан Пол, Линда хоёрын амьдрал харамсалтай нь урт удаан үргэлжлээгүй юм. 1995 оны 12-р сард Линда Маккартниг хөхний хавдартай болохыг нь оношилжээ. Аймшигт мэдээ дуулсан Пол Маккартни сэтгэлийн тэвчээртэй байж, ханиасаа алхам ч холдохгүй байхаар шийджээ. Хэвлэлийхэн ч Пол, Линда Маккартни хоёрыг 2 жил огт салаагүй явцгаасныг баталж байлаа. Гэвч өвчин улам даамжирсаар 1998 онд Линда Маккартни 56 настайдаа Калифорнид (Санта-Барбара) хөхний хорт хавдраар нас баржээ.
Хойшдын амьдрал
[засварлах | кодоор засварлах]Их Британийн засгийн газар хөгжмийн урлагт оруулсан хувь нэмэрийг нь үнэлж, "Битлз" хамтлагийн экс аргил гитарч Пол Макартнид "Сэр" хэмээх хүндэт цолыг олгосон юм. Өнөө үед тэр хөгжмийн шоу бизнесийн хамгийн баян хүнд тооцогдох болжээ. Маккартни ашиг орлогынхоо ихэнхийг цомог үйлдвэрлэлээс олдог байна. Түүнд хэдэн мянган зохиогчийн эрх байдаг ч "Битлз"-ийн үед бичүүлж байсан нэг ч дуу нь байдаггүй ажээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Пол Маккартни
- Английн дуучин
- Аргил гитарчин
- Дуу зохиогч
- Киноны хөгжмийн зохиолч
- Рок дуучин
- Их Британийн хөгжимчин
- The Beatles
- Wings
- АНУ-ын Урлаг ба Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Айвор-Новелло шагналтан
- Грэммийн шагналтан
- Рок-н-Роллын алдрын танхим
- Рыцарь бакалавр
- Хүндэт легионы гишүүн (офицер)
- Ливерпүүлийн хүндэт иргэн
- Иелийн их сургуулийн хүндэт доктор
- Амьтан хамгаалагч
- Англичууд
- Их Британичууд
- 1942 онд төрсөн