Пүнү шаньюй
Пүнү шаньюй (хятадаар: 蒲奴, пиньинь: Pú nú) бол Хүннү улсын тэргүүн юм. Тэр НТ 46 онд шаньюй болсон нь тодорхой байдаг ч хэдэн онд нас барсан нь түүхэнд бичигдэж үлдсэнгүй.
Нэр
[засварлах | кодоор засварлах]Пүнү гэдэг нэрний Пү (蒲) гэх ханз нь "зэгс ургамал", Нү (奴) гэх ханз нь "боол" гэсэн утгатай байдаг. Ингэхээр Пүнү хэмээх нэр нь Хань улсын зүгээс өгсөн хоч нэр байх магадлалтай. Хятад тэмдэгт нь Хүннү хэлний галиглал юм.
Хаанчлал
[засварлах | кодоор засварлах]Түүний хаанчлалын үед Хүннү улс нь өмнөд, умард хоёр хэсэгт хуваагдаж, тус улсын мөхлийг түргэтгэх нөхцөл бүрджээ. НТ 46 онд шаньюй болсон үед нь шаньюйн сууринд сууж чадаагүйдээ дургүйцсэн Үжүлю шаньюйн хүү Би Хань улсын тусламжтайгаар шаньюй болох хуйвалдаан хийхдээ өөрийн улсын газрын зургийг Хятадад нууцаар илгээсэн байна. Би-г хянаж байсан Пүнүгийн харьяат хоёр гудухоу түшмэл Пүнү шаньюйд Би-гийн энэ үйлдлийг мэдээлэхэд Пүнү шаньюй нэг түмэн цэргийн хүчээр өмнө зүгт байсан Би-г довтлон устгах шийдвэр гаргажээ. Пүнүгийн дэргэд байсан Би-гийн тагнуул энэ тухай мэдээг Би-д хүргэсэнд тэр өөрийн холбоотон найман аймгийн ахлагчдыг хуралдуулж, Хань улсад дагаар орохоор шийдэв. Ингэхдээ найман аймгийн таван түмэн цэргээр Пүнү шаньюйн нэг түмэн морьт цэргийг ялж, Үжүлю шаньюйн хүү Би-г Хуханье шаньюй хэмээн өргөмжилжээ. Түүхэнд Хоёрдугаар Хуханье шаньюй гэж тэмдэглэгдэн үлдсэн.
Ийнхүү Хүннү улс нь Пүнү шаньюй тэргүүтэй Умард Хүннү, II Хуханье шаньюй тэргүүтэй Өмнөд Хүннү гэсэн хоёр хэсэгт хуваагдав. Ингэж хуваагдахад Хүннү улсын цэргийн хүчний нилээд хэсэг нь Өмнөд Хүннүд шилжиж, Хүннүгийн харьяат аймгуудын босож тэмцэх нь олширчээ.
НТ 49 онд Би шаньюй өөрийн дүү зүүн сэцэн ван Мо-д 10,000 цэрэг өгч, Умард Хүннүгийн Пүнү шаньюйн дүү болох зүүн сэцэн ванг довтлуулж, түүнийг олзлон авав. Улмаар Умард Хүннүгийн орд өргөөг эзлэн авч, 10,000 илүү хүн, 7,000 адуу, 10,000 гаруй үхэр, хонь олзолсон байна. Пүнү шаньюй умар зүг 400 гаруй км алслан нүүв. НТ 50 онд Хань улс II Хуханье шаньюйг хүлээн зөвшөөрч, элч илгээн Юньжунд суурьшуулах хааны зарлигийг гардуулжээ. Мөн оны зун олзонд байсан Умард Хүннүгийн зүүн сэцэн ван өөрийн харъяат албатууд болон Өмнөд Хүннүгийн таван гудухоу түшмэлийн хамт 30,000 гаруй хүн ардыг дагуулан Умард Хүннү рүү зугтан гарч, Умард Хүннүгийн шаньюйн орд өргөөнөөс 150 орчим км газарт суурьшсан ч удалгүй хоорондоо байлдан таван гудухоу бүгд алагдаж, албат иргэд нь Умард Хүннүд захирагдав. Өвөл нь таван гудухоугийн хөвгүүд 3,000 орчим албатаа дагуулан Өмнөд Хүннү руу зугтсанд Умард Хүннүгийн цэрэг мөшгин хөөв. Тэднийг угтуулахаар Өмнөд Хүннүгийн шаньюй цэрэг илгээсэн ч Умард Хүннүгийн цэрэгт бут цохигдов. Хятадын түүхийн эх сурвалжид Пүнү шаньюйг хэзээ нас барсныг тэмдэглэсэнгүй. НТ 87 онд Хань улс, Сяньбийн арми Умард Хүннүг дайрч, Ёулю шаньюйг алсан байдаг ба тухайн үеийн Хүннүгийн шаньюй Ёулю нь Пүнүгийн ач хүү байв.
Өмнөх Удадихоу шаньюй |
Хүннүгийн шаньюй НТ 46 - ? |
Дараах Ёулю шаньюй |